Ходоодоo хоолоор хөнөөлгүй хэрхэн баярын өдрүүдийг даван гарах вэ: 7 чухал дүрэм
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш бид бүгд ойр дотны хүмүүстэйгээ оргилуун дарсны хундага жингэнэх чимээ, мандарины гайхалтай үнэр, амтат зоогуудаар бялхсан баярын ширээгээ тойрон сууж шинэ оноо угтан авдаг билээ. Мэдээж хэрэг шинэ жил хамгийн сэтгэл догдлуулсан баяр боловч бидний бие организм, тэр дундаа хоол боловсруулах системийн хувьд ачаалал ихтэй хүнд үе болдог.
Энгийн өдрүүдэд эрүүл хооллодог хэдий ч шинэ жилээр хоолоо хэтрүүлэн мөн оройтуулан идэхээс өөр аргагүй байдалд ордог гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Тиймээс ч та амттай хоолнуудаас татгалзаж, өөрийгөө хязгаарлаж, өөртөө сэтгэл зүйн дарамт үүсгээд хэрэггүй. Учир нь баярын өдрүүд болон амралт бол ямар нэг зүйлсэд санаа зоволгүй хором мөч бүрээс таашаал аван цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулагдсан байдаг гэдгийг санаарай. Сайхан мэдээ дуулгахад шинэ жилийн баярыг өөрт таатай байдлаар тэмдэглэхийн зэрэгцээ хоол боловсруулах системдээ аль болох муу үр дагавар учруулахгүй байх хэд, хэдэн лайфхак болон зөвлөгөөнүүдийг Natural Diet төслийн үүсгэн байгуулагч Натали Макиенко бидэнд дэлгэлээ.
Баярын дараа хэрэгжүүлэх 7 дүрэм
1. Нэгдүгээр сарын 1-нийг зөв эхлэх. Өнгөрсөн оныхоо баярын ширээнээс үлдсэн үлдэгдэл хоол, салатуудыг маш их идмээр байсан ч тэвчихийг хичээгээрэй. Орой, үдэш их хэмжээгээр хооллож эсвэл хэтрүүлэн идсэн өдрийнхөө маргааш нь өглөөний цайг алгасаж, 12:00-13:00 цаг хүртэл зөвхөн цэвэр ус уухыг зөвлөж байна. Өглөө хамгийн тэжээллэг, хүнд хоолоо идэх ёстой гэсэн ташаа ойлголт байдаг ч үнэн хэрэгтээ энэ үеэр бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг тул хэт хүнд хоол идэхийг зөвлөдөггүй. Ялангуяа ходоод нь өвддөг, өтгөн хатдаг хүмүүст өөх тос ихтэй өглөөний цай уухаас татгалзах хэрэгтэй. Тиймээс нэгдүгээр дүрэм бол өмнөх орой нь хэтрүүлэн идсэн тохиолдолд өглөө нь хүнд хоолноос татгалзаж, самар, жимс зэрэг хөнгөн зүйлс идэх ёстой юм.
2. Хэтрүүлэх хэрэггүй. Хэт их идсэнийхээ маргааш зөвхөн ус ууж мацаг барьж "гэмээ цайруулах" гэсний хэрэггүй. Ингэж огцом арга хэрэглэх нь бие организмыг улам бүр ачаалуулж, цочроодог.
3. Хоолны ялзрах болон исэлдэх үйл явцыг зогсоох. Үүний тулд нэг цайны халбага зөгийн балаар өдрийг эхлүүлж бас төгсгөөрэй (хэрэв харшил болон хориглох заалтгүй бол). Өглөө босоод аяга цэвэр ус ууснаас 20-30 минутын дараа зөгийн балаа хэрэглээрэй. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж, олон янзын хоол хүнс холилдсоноос үүссэн исэлдэх үйл явцыг зогсоох болно. Мөн унтахаасаа нэг цагийн өмнө нэг цайны халбага зөгийн балыг дангаар нь идээрэй.
4. Хүнсний бүтээгдэхүүнүүдийг хооронд нь зохицуулах нь. Та баярын өдрүүдээр хангалттай олон төрлийн хоол хүнс хольж идсэн болохоор одоо хоол боловсруулах системээ хэвийн ажиллагаатай болгох цаг нь ирлээ. Хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөв хослуулах талаар маш олон зөвлөгөө, нууцууд байдаг бөгөөд тэдгээр нь бие физиологийн онцлог болон хоол боловсруулах системийн рефлекс дээр тулгуурладаг юм. Хамгийн энгийн зүйлээс эхлэхийг хүсвэл нэг төрлийн бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Жишээ нь хэрэв өдөр нь махан төрлийн зууш идсэн бол үндсэн зоогтоо бас мах (загас биш) сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг олон төрлийн уургийг хооронд нь холих хэрэггүй гэсэн үг юм.
5. Жимс идэх цаг ирлээ. Жимс бол амттан биш гэдгийг санаж, хоол идэхээс 40-60 минутын өмнө эсвэл үндсэн зоог барьснаас 1,5 цагийн дараа тусад нь зууш болгон идэх нь зүйтэй. Баярын зоогийн дараа хоол боловсруулах систем маш эмзэг байдаг тул дээрх дүрмийг зөрчсөнөөр гэдэс хийгээр дүүрч тухгүй мэдрэмж төрүүлэх болно.
6. Шүлтжүүлэлт. Хэт их хэмжээний хоол идсэнээр бие организмд их хэмжээний ферментүүд ялгарч улмаар хүчилжилт явагдаж эхэлдэг. Илүүдэл хүчил элгэнд хуримтлагдаж, цээж хорсох, ходоод өвдөх зэрэг таагүй үр дүнд хүргэнэ. Шүлтжүүлэх үйлчилгээ үзүүлдэг хамгийн үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүнүүдэд яншуй, ногоон гоньд (укроп), бууцай, руккола (arugula), төрөл бүрийн салат навч зэрэг ногоонууд багтдаг. Тиймээс баярын дараа хоолны цэсэндээ эдгээр ногоонуудыг заавал багтаагаарай. Ялангуяа уургаар баялаг хоол идэх гэж байгаа бол дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөж байна. Өдөрт хамгийн багадаа 20г ногоо (багц яншуй гэх мэт) идэх нь зүйтэй.
7. Харин одоо бие организмоо цэвэрлэж болно. Орой үдэш хэт их идсэнээсээ 2-3 хоногийн дараа бие организмоо цэвэрлэхийн тулд бага хэмжээгээр зөвхөн хөнгөн хоол идэх хэрэгтэй. Энэ нь огцом мацаг барьснаас хавьгүй эрүүл арга байх болно.
Хөнгөн хоолны жишээ
Өглөө 1-2 аяга ус ууна. Үүнээс 20 минутын дараа самрын сүү ууж эсвэл усанд дэвтээсэн атга самар идэж болно. Харин 30-40 минутын дараа усанд болгосон шар хулуу, зөгийн бал, шанцтай (cinnamon) шар будааны каша иднэ. Өдөр ногоотой сэвэг зарам (lentils) эсвэл ногооны салат идэж, хүссэн жимсээрээ зуушилж болно. Оройн зоогонд цардуулгүй гриллдсэн ногоог (хаш/хулуу) песто сүмс эсвэл оливын тостой иднэ.
Ходоод тань хүнд оргихоо болимогц идэвхтэй хөдөлгөөн хийж эхлээрэй! Жишээ нь кардио дасгалууд хийж, цана, сноубордоор хичээллэж эсвэл зүгээр л агаарт алхаж ч болно шүү.