Хайх

Махнаас татгалзах тухайд: Давуу ба сул талууд

Махнаас татгалзах тухайд: Давуу ба сул талууд

Махнаас бүрэн татгалзаж болох уу? Энэ нь бидний бие организмд шаардлагатай юу? Мөн амьтны гаралтай уургийг юугаар орлуулах вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Махчин уу? Өвсөн тэжээлтэн үү?

Хүн хурц үүдэн шүдтэй, төдийлөн хөгжөөгүй соёо болон хавтгай араатай байдаг. Мөн үүний зэрэгцээ хүний шүд паалангаар бүрхэгдсэн байдаг бөгөөд хэрэв удаан хугацааны турш хатуу ургамлын гаралтай хоол зажилсан тохиолдолд аажмаар нимгэрч эхэлдэг байна. Энэ шинж тэмдэг нь биднийг махчин ангилалд ойр болгодог.

Махчин амьтдын шүлс нь ямар нэг фермент агуулаагүй, хүчиллэг байдаг. Харин өвсөн тэжээлтнүүдийн шүлс шүлтлэг байдаг ба цардуул боловсруулах зорилгоор фермент агуулдаг байна. Харин бидний шүлс хүчиллэг гэхээсээ илүү шүлтлэг талдаа юм. Гэсэн ч бид бага хэмжээний мах болон өвс аль, алийг нь боловсруулах чадвартай. Махчин амьтдын ходоод маш богино байдаг бол өвсөн тэжээлтний ходоод тэдний өндрөөс 20, 25 дахин илүү урт байх жишээтэй. Учир нь ургамлын гаралтай хүнсийг ходоод маш удаан боловсруулдаг. Тэгвэл хүний ходоод бидний өндрөөс найм дахин урт байдаг. Тиймээс бид хөнгөн ургамлын гаралтай бүтээгдэхүүн ба багахан хэмжээний мах боловсруулж чаддаг.Махнаас татгалзах тухайд: Давуу ба сул талууд (фото 1)Ямар шалтгаанаар махнаас татгалзах вэ?

Өнөө үед цагаан хоолтнууд улам бүр дэлгэрч байгаа. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар махнаас татгалздаг. Жишээ нь байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах үзэл дээр тулгуурласан амьдралын хэв маяг баримтлах, бие организмтайгаа зохицон амьдарч, орчин тойронтойгоо холбоо тогтоож эсвэл махнаас татгалзах шаардлагатай эрүүл мэндийн шалтгаанаар цагаан хоолтон болох нь бий.

Антибиотик ба дааврууд

Улаан мах болон шувууны маханд сальмонелла болон бусад төрлийн нян агуулагдах магадлалтай байдаг (амьтдад хурц хэлбэрийн ходоодны өвчлөл үүсгэдэг). "Амьтдын салмонеллеза өвчинг эмчлэхийн тулд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид антибиотик ашигладаг. Гэхдээ антибиотик нь тухайн амьтны цуснаас мөн махнаас бүрэн гардаггүй. Тухайн махыг болгосон ч зарим хэсэгт антибиотик үлдэж, улмаар хүний биед шингэдэг. Үүний үр дүнд бидний бие организм эмийн сангаас худалдаж авсан ихэнх эмийн зүйлсэд эсэргүүцэл үзүүлж эхэлдэг ба бид эцэст нь эмийн тунг ихэсгэх шаардлага гардаг. Энэ асуудал нь сүү, сүүн бүтээгдэхүүнд ч хамааралтай. Антибиотик сүүнд ч мөн агуулагдаж байдаг" гэж эмч, нян судлаач Оксана Андропова хэлж байна.

Мөн антибиотикоос гадна зарим үйлдвэрүүд маханд өсөлтийн даавар нэмдэг аж. Европт ийм төрлийн даавруудыг мал аж ахуйд ашиглах нь хориотой байдаг. Хэрэв ашигласан тохиолдолд хурдан өсгөж, нэмэлт булчингийн масс өгөх зорилгоор бус харин зөвхөн эмчилгээний зориулалтаар л ашиглахыг зөвшөөрдөг байна. Эмчилгээ хийсний дараа хэсэг хугацаа өнгөрөөж байж нядалгаанд оруулж эсвэл ямар нэг арилжааны зорилгоор ашигладаг. Манай улсад ч мөн малыг даавар ашиглан өсгөж, үржүүлэхийг хориглодог. Гэхдээ импортоор орж ирж байгаа маханд даавар агуулагдах тохиолдолд гардаг байна. Тиймээс зарим хүмүүс антибиотик, янз бүрийн даавар бие организмдаа шингээхгүйн тулд махнаас татгалзаж, цагаан хоолтон болдог.Махнаас татгалзах тухайд: Давуу ба сул талууд (фото 2)Махгүй амьдрал бий юу?

Мэдээж хэрэг мах идэхгүй амьдарч болно. Мах идэхгүй байхын бас нэгэн давуу тал нь таны идэж буй хүнсний төрөл баялаг болох юм. Учир нь та хангалттай хэмжээнд ургамлын гаралтай уураг авахын тулд шош, самар, үр тариагаар хооллох хэрэг гарна. Мөн үүнээс гадна та шинэхэн жимс, ногоо идэх хэрэгтэй. Ургамлын гаралтай хүнсэнд хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг маш их хэмжээний эслэг агуулагддаг. Мөн эслэг нь арьс ба хумсны байдалд ч сайнаар нөлөөлнө. Хэрэв амьтны гаралтай уургийг ургамлын гаралтай уургаар бүхэлд нь орлохыг хүсч байвал  нэмэлт амин дэм, микро элементүүд уухыг эмч ба хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөдөг. "Хэрэв та мах ба сүүн бүтээгдэхүүнийг хоолноосоо бүрэн хасахаар шийдсэн бол жилд хоёр удаа нэмэлт B төрлийн амин дэм ууж, тэр дундаа B12 амин дэмд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь энэхүү амин дэм нь цагаан хоолтнуудад маш их дутагдаж байдаг. Үүнээс гадна цусан дахь үндсэн амин дэм, даавруудаа шинжлүүлж, мөн йод, кальци, төмөр дутагдаж байгаа эсэхээ шалгуулахыг зөвлөж байна" гэж эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн Ольга Васильевна хэлжээ.

Хэрэв махыг бүхэлд нь ургамлын гаралтай хүнсээр солих гэж байгаа бол бие организмд шаардлагатай амин хүчлүүдийг ургамлын гаралтай хоолноос авах боломжтой гэдгийг анхаараарай. Тухайлбал газрын самар, хулуу ба гүнжидийн үрэнд амин хүчлүүд агуулагдаж байдаг. Гистин гэх амин хүчил шар буурцаг, сэвэг зарам, газрын самранд агуулагдана. Харин валин гэх амин хүчил нь мөөг болон шар буурцагны төрлийн хүнсэнд бий. Тэгвэл изолейцинийг самраас (бүйлс, кешью, ойн самар) авч болох бол лейцинийг бор будаа, үр тариа, сэвэг зарам ба самраас олох болно. Мөн бүх төрлийн шошонд метеонин ба треонин агуулагддаг.

Ерөнхийдөө мах идэх тал дээр эрдэмтэд хоёр хуваагддаг (зарим нь дэмжиж, зарим нь эсэргүүцдэг) бол зарим хоол тэжээлийн мэргэжилтнүүд амьтны гаралтай уургийг хоолноосоо бүр мөсөн хасахыг зөвлөдөггүй. Хамгийн гол нь энэ асуудалд ухаалгаар хандах нь зүйтэй. Жишээ нь сайн чанарын мах худалдан авч, дээд зэргээр ашиг тусыг нь хүртэхээр болгож идэх хэрэгтэй. Үүний тулд махыг шарахгүйгээр (шарах үйл явцад транс өөх тос ялгардаг) жигнэж эсвэл ууранд болгож идэхийг зөвлөж байна. "Сайн чанарын маханд хүний бие организмд хэрэгтэй маш их тэжээлтэй, ашиг тустай бодисууд агуулагдаж байдаг. Тухайлбал 100 г маханд агуулагддаг төмөр ургамлын гаралтай хүнсний төмрөөс тав дахин хурдан шингэдэг. Тиймээс амьтны гаралтай уургийг ургамлын гаралтай уургаар орлуулах ёстой гэж итгэлтэй хэлж чадахгүй. Түүнчлэн амьтны гаралтай хүнс цайраар баялаг гэдгийг мартаж болохгүй юм. Хэрэв өдөр тутмын хооллолтоосоо махыг хасахаар шийдсэн бол D амин дэм тогтмол уух хэрэгтэйг санаарай. Эс бөгөөс хумс хугарамтгай болж, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворгүйжиж, ажиллах эрч хүч багасч, ходоодны үйл ажиллагаа муудах зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүснэ" гэж дотрын эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн Ирина Алемина мэдэгджээ. Тиймээс хамгийн зөв арга бол ямар нэг зүйлийг хэтрүүлэхгүй байж, бие организмаа сайн сонсох хэрэгтэй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх