Хайх

Сарын тэмдгийн аяга гэж юу вэ? Тогтмол хэрэглэж болох уу?

Text: Buro.Mongolia



Сарын тэмдгийн аяга гэж юу вэ? Тогтмол хэрэглэж болох уу? (фото 1)

Асель Курамшина

эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, ахлах зэрэгтэй эмч 


Сарын тэмдгийн аяга гэж яг юу вэ? Ямар онцлогтой вэ?

Сарын тэмдгийн аяга гэдэг нь ариун цэврийн хэрэглэл болон тампоныг орлох зориулалттай эрүүл ахуйн бүтээгдэхүүн юм. Уламжлалт ариун цэврийн хэрэгслүүд шингэнийг өөртөө шингээж авдаг бол сарын тэмдгийн аяга шингэнийг дотроо цуглуулдгаараа онцлог билээ. Уг аягыг эмнэлгийн зориулалттай силикон эсвэл латекс материалаар хийдэг ба хэлбэр, хэмжээ нь үйлдвэрлэгч болон брэндээс хамааран өөр, өөр байдаг ч хоорондоо ерөнхийдөө төстэй, хонх хэлбэртэй бөгөөд ёроолдоо үтрээнд хийж, авахад туслах жижиг бариултай байдаг. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд хийхэд дэлгэгдэж шингэнийг дотроо цуглуулдаг юм. 

Энэхүү аяга нь олон удаа хэрэглэхэд зориулагдсан бөгөөд 4-5 цаг тутамд гаргаж, угааж цэвэрлэсний дараа ахин ашиглах боломжтой. Хатуу материалтай аяга фитнессээр хичээллэхэд, тодорхой ачаалал авч байгаа үед тохиромжтой байдаг. Зөөлөн материалтай аяга аарцгийн булчин сул эсвэл сарын тэмдгийн үед өвдөлт мэдэрч байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой. Харин өдөр тутамд хатуу зөөлөн нь дунд зэргийн материалтай аяга хэрэглэж болно. 


Сарын тэмдгийн аягыг хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Аливаа бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалахын тулд аягыг дотор хийх болон гаргаж авах үед огцом хөдөлгөөн хийлгүйгээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Аягыг зааврын дагуу нугалж үтрээнд байрлуулсны дараа нугалаа нь дэлгэгдэж аяга тогтох болно. Харин гаргаж авахдаа аяган дээр бага зэрэг дарж үтрээнд "наалдсан" хэсгийг суллаж зөөлөн гаргаж авна. 
  • Хэрэглэсний дараа заавал цэвэрлэж, ариутгаж занших хэрэгтэй. Өдрийн турш эмэгтэйчүүдийн зориулалтын саван ашиглан хэрэглэж болно. Харин сарын тэмдэг дууссан бол хлоргексидины уусмалаар ариутгаад хураана. 
  • Хэрэв үтрээн дотор байрлуулсны дараа эхний хэдэн минутад бага зэрэг таагүй мэдрэмж арилахгүй бол өөр хэмжээтэй аяга хэрэглэж үзэх нь зүйтэй.
  • Тухайн бүтээгдэхүүний сав баглаа болон заавар дээр заагаагүй л бол сарын тэмдгийн аягыг бэлгийн харьцаанд орж байх үед хэрэглэхэд тохиромжгүй.

Хэдэн цагийн зайтай солих хэрэгтэй вэ?

Аягыг 4-5 цагийн дотор гаргаж, цэвэрлэж хэвших хэрэгтэй. Ерөнхийдөө тампонтой адил л гэсэн үг. Энэ хугацаанаас хэтэрвэл эмгэг төрүүлэгч бичил биетнүүд ​​үүсэх эрсдэлтэй байдаг. Хэдий аягыг бүтэн өдөр хэрэглэхэд тохиромжтой, эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гэдэг ч өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд тогтмол гаргаж, цэвэрлэж байх шаардлагатай билээ. Мэдээж гэрийн бус нөхцөлд аягыг тогтмол солих нь хүндрэлтэй байж болох ч таван цагаас удаан байлгахгүй байхыг хичээгээрэй.

Сарын тэмдгийн аяга гэж юу вэ? Тогтмол хэрэглэж болох уу? (фото 2)

Ямар тохиолдолд сарын тэмдгийн аяга хэрэглэх хориотой вэ?

Үтрээ, умайн хүзүүний гэмтэл болон хавдар, шээсний замын үрэвсэл, аарцгийн эрхтнүүдийн пролапс (бага аарцгийн хөндийн эрхтнүүд үтрээгээр буюу шулуун гэдсээр унжиж ил гарах өвчин) зэрэг асуудлуудтай эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн аяга тохиромжгүй. Гэхдээ эрүүл мэндийн асуудалгүй зарим бүсгүйчүүдэд энэхүү аяга нь тухгүй, тохиромжгүй санагдаж магадгүй юм. Жишээ нь, зарим эмэгтэйчүүдэд аяга хэрэглэх үед байнгын таагүй мэдрэмж төрдөг. Аяга нь тампонтой харьцуулбал илүү том хэмжээтэй гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та байнгын таагүй мэдрэмжтэй байгаа бол арай жижиг хэмжээтэй аяга сонгох эсвэл бусад хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн сонгосон нь дээр.


Тэгвэл сарын тэмдгийн аяга эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлал бий юу?

Сарын тэмдгийн аяга нь өөрөө эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн билээ. Үүнийг ихэвчлэн биед хор хөнөөлгүй, харшил үүсгэдэггүй материалуудаар хийдэг (гэхдээ латексаар хийсэн аяга харшил үүсгэх магадлалтай гэдгийг анхаараарай). Аягыг зааврын дагуу, зөв хэрэглэсэн үед эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан энэ нь тавгүй мэдрэмж өгч, үр дүнгүй байж, бүр өвдөлт хүртэл мэдрүүлж болно. Хэрэв өвдөлт мэдэрвэл зөөлөн материалтай, жижиг хэмжээтэй аяга туршиж үзээрэй. Өөрт тохирсон хэмжээтэй, харшил үүсгэдэггүй материалаар хийгдсэн сарын тэмдгийн аяга таагүй мэдрэмж төрүүлэх магадлал бага байдаг. 

Түүнчлэн аягыг хэрэглэх үед сарын тэмдгийн үед гадагш ялгарч буй цус эргээд умай руу орох эрсдэл байдаг гэдгийг мөн тооцох хэрэгтэй юм шүү. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.


Сарын тэмдгийн аяга хэрэглэвэл хордлогын дайралтын хам шинж (toxic shock syndrome) үүсэх магадлал бий юу?

Судалгаагаар дэлхий даяар энэхүү эмгэгээр харьцангуй бага эмэгтэйчүүд өвчилдөг. Энэ нь тухайн эмэгтэйн бичил биетнүүдийн ерөнхий байдал болон биеийн дархлаанаас хамаарна. Мөн хордлогын дайралтын хам шинж үүсэхийн тулд хэд хэдэн нөхцөл хангагдсан байх ёстой. Тухайлбал, нянгийн нэг төрөл болох алтлаг стафилококк байгаа эсэх, түүний эсрэг биет байгаа эсэх, эмгэг үүсгэгч орчин бүрдсэн эсэх. Тиймээс эдгээр эрсдэлүүдийг бий болгохгүйн тулд аягыг тогтмол сольж, цэвэрлэж байх хэрэгтэй юм. 

Сарын тэмдгийн аяга гэж юу вэ? Тогтмол хэрэглэж болох уу? (фото 3)

Аяга сонгохоос өмнө заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай юу?

Өөрийн нас, хүүхэд төрүүлж байсан эсэх, сарын тэмдгийн үед хэр их шингэн ялгардаг зэргийг тооцоолон аягаа сонгон авах боломжтой. Гэхдээ хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн болон жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, хэрэгслийг сонгохдоо эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна. Аягыг хэрэглэснээр танд сөрөг үр дагавар үүсэх эсэхийг урьдчилан мэдэхийн тулд хэвийн бичил биетний ​​болон хавдар илрүүлэх шинжилгээ өгөх нь зүйтэй. Мөн аяганы хэлбэр, хэмжээг умайн хүзүүний онцлогийг харгалзан сонгох ёстой бөгөөд эдгээр шинж чанаруудыг бие даан үнэн зөв тодорхойлоход бэрхшээлтэй байдаг. Мөн хэрэв анх удаа аяга хэрэглэх гэж байгаа бол эмчээс хэрхэн зөв байршуулж, гаргаж авах талаар зөвлөгөө авч болох юм. 


Сарын тэмдгийн өвдөлтийн үед аяга хэрэглэж болох уу?

Сарын тэмдгийн аяга нь сарын тэмдгийн үед илэрдэг өвдөлтөд ямар ч байдлаар нөлөөлдөггүй. Гэхдээ энэ нь нэмэлт таагүй мэдрэмж үүсгэж болзошгүй тул зарим эмэгтэйчүүд энэхүү өвдөлтийг тэвчихэд бэлэн биш байдаг. Энэ нь физиологийн гэхээсээ илүү сэтгэл зүйн асуудал юм.


Тэгвэл эндометриозийн үед хэрэглэж болох уу?

Эндометриоз гэдэг нь умайн салст бүрхэвчийн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа эсүүд умайн хөндийгөөс өөр байршил, эсвэл өөр эд эрхтэнд шилжиж тухайн орчиндоо үрэвслийн нэвчдэс, наалдац үүсгэснээр бүтэц үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг архаг, давтагддаг эмгэг юм. Одоогийн байдлаар эндометриозийн эмгэгтэй хүн сарын тэмдгийн аяга хэрэглэж болохгүй гэсэн судалгаа гараагүй байгаа ч аяга хэрэглэх үгүйгээ эмчтэйгээ ярилцаж байж шийдээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх