Хайх

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Тэдний хэрэгцээ, сонирхолд нийцэх орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал

Text: Buro.Mongolia


Хүүхдийг бие даасан, хувь хүн болгон төлөвшүүлэхэд ганцаараа байж, төвлөрөх боломжтой хувийн орон зайг нь бүрдүүлэх нэн чухал. Харин тэрхүү орон зайг бүрдүүлэхийн тулд хүүхдийн сонирхол болоод эцэг эхийн холыг харсан сонголтууд чухал үүргийг гүйцэтгэдэг. Хүүхэд өрөөндөө хамгийн их цагийг өнгөрүүлдэг учраас тэдэнд тав тухтай, аюулгүй, амар тайван орчин бий болгож өгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Доор та бүхэнд хүүхдийн өрөөг тохижуулахдаа анхаарах зарим чухал зүйлсийг танилцуулж байна.

1. Булан бүрийг ашиглах нь

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 1)

Хүүхдийн өрөөнд овор багатай, тоглох орон зайд саад учруулахааргүй тавилгуудыг ухаалгаар шийдэж өгөх нь чухал. Та яг одоо хүүхдийнхээ өрөө рүү ороод ашиглаагүй үлдээсэн булангийн хэсгүүдэд хувцасны шүүгээ, номын тавиур зэргийг хэрхэн шийдэж өгөх боломжтой талаар бодож үзээрэй. Булангийн хэсгүүдийг ашиглаж чадсанаар өрөө том зайтай болж, агаарын солилцоо илүү сайн явагдахад тусалдаг.

2. Өнгөний сонголт

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 2)

Орчин үед ягаан өнгө охидынх, цэнхэр өнгө хөвгүүдийнх гэж аль нэг өнгөнд “хүйс” заадаг ойлголт бага багаар үгүй болж байгаа нь тун талархууштай. Тэр тусмаа ягаан, цэнхэр гэх мэт тод өнгийг нэг өрөөнд хэт их ашиглах нь тархийг ачаалуулж, нүдийг ядраах эрсдэлтэй байдаг. Тийм учраас хүүхдийн өрөөнд аль болох зөөлөн, цайвар өнгийг голчлон сонгож, тавилга түс бүрийг өөр хоорондоо гайхалтай зохицдог өнгөнүүдээр хоршуулах нь хамгийн зөв сонголт. Жишээлбэл, цэнхэр өнгө хүүхдийг тайвшруулж, унтахад тусалдаг ба шар болон цагаан өнгөнүүдтэй сайн зохицдог. Тэгвэл та цэнхэр даавуу, шар дэр болон цагаан хөшгийг хослуулж болно гэсэн үг юм.

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 3)

3. Бүтээлчээр сэтгэх нь

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 4)

Хүүхэд тань хэдэн настай ч бай түүний өрөөг тохижуулахаасаа өмнө заавал ярилцах нь зүйтэй. Ярилцсанаар та түүний сонирхол, хэрэгцээнд тохирсон онцгой өрөөг бий болгож чадах юм. Харин тэр онцгой өрөөг бүтээхдээ жижиг зүйлс дээр ч бүтээлчээр хандах ёстой гэдгийг бүү март. Тухайлбал, таны хүүхэд газар зүй, одон оронд дуртай бол нэг хананд нь гараг эрхэс болон дэлхийн газрын зургийг сонирхолтой байдлаар шийдэж өгч болно. Харин нохой, муур, анааш, халим зэрэг ямар нэгэн амьтанд онцгойлон дурладаг бол өрөөнийх нь аль нэг хэсэгт хүүхэдтэйгээ хамтдаа зурж, хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг бүтээгээрэй.

4. Аль болох удаан хэрэглэх эд зүйлс

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 5)

Богино хугацаанд хэрэглээд уйдах гоё ганган, гял цал зүйлсээс аль болох зайлсхийхийг хичээ. Болж өгвөл том болсон ч сонирхолд нь нийцэж байхаар чанартай, хэрэгцээтэй, олон янзаар ашиглах боломжтой зүйлсийг сонгохыг зөвлөж байна. Хүүхэд маш хурдан өсөж томордог учраас анхнаасаа л хэт “хүүхдийн” байлгах шаардлага байхгүй. Өрөөний ерөнхий өнгийг тодорхойлохдоо ч тэр аль болох ахиад таван жил өөрчлөхгүй байхаар бодолцож хийгээрэй.

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 6)

5. Энгийн бас ухаалаг

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 7)

Эцэг эхчүүд хүүхдийнхээ өрөөг өхөөрдөм харагддаг хэрэггүй жижиг зүйлс, зай их эзэлдэг тоглоомуудаар дүүргэх сонирхол ихтэй байдаг. Гэтэл хүүхдийн өрөө энгийн декор, минимал тавилгуудтай байх тусам л тэдэнд илүү эрх чөлөөтэй, тайван байх боломж бүрддэг. Харин өрөөний том жижгээс үл хамааран хичээл хийх хэсэг, тоглох хэсэг, ном унших хэсэг зэргийг тус тусад нь шийдэж өгснөөр хүүхэд илүү хариуцлагатай, эмх цэгцтэй болдог байна.

6. Зураг болон декор

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 8)

Хүүхдийг багаас урлагтай ойр өсгөх нь тэдний гоо сайхны төлөвшил, бүтээлч байдал, нарийн мэдрэмжийг нэмэгдүүлж өгч байдаг. Хүүхдийн өрөөнд нас насанд нь тохирсон сонирхолтой өнгө, дүрс, хийц бүхий уран зураг, баримал болон декоруудыг байрлуулах нь хөгжлийн үйл явцад нь томоохон нөлөөллийг үзүүлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд урлагийн бүтээлийг харах өнцгөө өөрчилж байдаг ба энэ талаар илүү сайн ойлгодог, хүндэлдэг хувь хүн болж өсдөг байна.

Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ? (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх