Хүүхдийн хүмүүжил: Сэтгэл зүйн гэмтэл хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Насанд хүрсэн хүмүүс бага насанд нь тохиолдсон ямар нэгэн үйл явдлаас үүдсэн айдас, сэтгэл зүйн гэмтэлтэй байх нь элбэг. Уснаас, дугуй унахаас, харанхуйгаас, эсвэл бүр зүгээр л танихгүй хүний урд алхаж явахаас ч айдаг байж болно. Том, жижгээс үл хамааран бидэнд ямар нэгэн байдлаар таагүй, тухгүй, эсвэл бүр аймар мэдрэмж төрүүлсэн зүйлсийг бидний тархи болон бие махбод олон жилийн дараа ч марталгүй санаж явдаг. Тэр тусмаа бага насанд гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийллээс үүдсэн сэтгэл зүйн гэмтэл хүүхдэд бүхий л амьдралынх нь турш бараан сүүдрээ тусгасаар байдаг ажээ.
Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх цагаас л тэдний тархины мэдрэлийн холбооснууд үүсэн бий болж, бүр цаашлаад жирэмсний сүүлийн гурван сард тархины суралцах үйл ажиллагаа идэвхжиж эхэлдэг байна. Харин төрснөөс хойших эхний таван жилд хүүхдийн тархи хамгийн хурдацтай хөгждөг ба насан туршийн төлөвшлийнхөө 80-90 орчим хувийг олж авдаг. Яг л энэ чухал жилүүдэд хүүхэд өөрийг нь үнэлж, хайрлаж, онцгой анхаарал халамж хандуулдаг насанд хүрэгчдээр хүрээлүүлж амьдрах хамгаас чухал. Учир нь энгийн сонсогдох эдгээр зүйлс л хүүхдийн тархины хөгжил болоод тогтвортой сэтгэл зүйг цогцлооход онцгой үүрэг гүйцэтгэдэг байна.
Сэтгэцийн эмгэг, мэдрэл судлалын профессор, Их Британийн сэтгэл зүйн гэмтэл судлалын зөвлөлийн дэд захирал Эймон МакКрори хүүхэд насанд хүчирхийлэл, гэр бүлийн хайхрамжгүй байдлаас үүссэн сэтгэл зүйн гэмтэл хүүхдэд ямар үр нөлөө үзүүлдэг болохыг маш энгийнээр тайлбарласан байдаг. Түүний тодорхойлсноор өдөр тутамдаа аюул заналхийлэл, урьдчилан таамаглах боломжгүй, айдастай нөхцөлд дасан зохицсон хүүхдийн тархи энгийн үеүдэд зөв зохистой ажиллаж чаддаггүй байна. Шинэ сургуульд орох, шинэ хүмүүстэй танилцах, үе тэнгийнхэнтэйгээ тоглох зэрэг нь сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдэд бусад хүүхдүүдээс хэд дахин хэцүү, стресстэй санагдаж, бусдад үл итгэх хандлага гаргах үзэгдэл элбэг тохиолддог аж. Тэр ч бүү хэл хөгжилтэй үйл явдлаас ч үргэлж сөрөг талыг олж харж, энгийн зүйлсэд ч хэт сэтгэл хөдлөлөөр хандаж, хүндээр хүлээж авах хандлага өндөртэй байдаг. Энэ мэтчилэн өөрийгөө бусдад буруу ойлгуулж буйгаас үүдэн хүүхэд аажимдаа бусдаас тусгаарлагдаж эхэлдэг бөгөөд энэ нь урт хугацаандаа тэдний сэтгэл зүйн гутралд орох, эсвэл муу зүйлсэд татагдаж эхлэх шалтгаан ч болох боломжтой байна.
Хүчирхийлэл маш олон хэлбэрээр илэрч болдог. Гэр бүлийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл гэх мэт. Аливаа сөрөг дурсамж хүнд эерэг дурсамжуудаас ч илүү тодоор дурсагдан үлддэг бөгөөд бага насанд үүссэн сэтгэл зүйн гэмтэл насанд хүрсэн хойно сэтгэл зүйн хямралд амархан өртөх зэрэг сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой маш олон асуудлын үндэс суурь болдог ажээ.
Хүүхэд өөрийн муу дурсамжаас үүдсэн дасан зохицох чадвараараа яг одоо цагт амьдрахын тулд чадах бүхнээ хийж байдаг учир томчууд тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, чадах бүхнээрээ тусалж, дэмжих хэрэгтэй. Эцэг, эх, багш, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийг аливаад яаран шүүмжлэхийн оронд тэдний яриаг чих тавин сонсож, хувь хүнийх нь онцлог, шинж чанарыг хүлээн зөвшөөрч, цаашид хэрхэн зөв амьдрахыг үг, үйлдлээрээ үлгэрлэн харуулах хамгаас чухал.
Яг үнэндээ хүүхдийн сэтгэл зүйг гэмтэхээс урьдчилан сэргийлж, тэдний тархийг зөв хөгжүүлэх нь бидний бодож буйгаас ч хялбар байж мэднэ. Ердөө л та хүүхдэдээ чин сэтгэлээсээ анхаарал, халамж хандуулж, цаг гарган тоглож, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж байгаарай. Эцэг эхийн хайр халамжид өссөн хүүхэд ирээдүйд өөртэй итгэлтэй, зөв харилцаатай хүн болдог бол тоглоомоор дамжуулж хүүхэд шийдвэр гаргах чадвартай, бие даасан хүн болж төлөвшдөг билээ.