Хайх

Өнгө хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгө хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгө бүр өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид анзаардаг ч бай, үгүй ч бай өнгө гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдралд өөрийн чухал нөлөөг үргэлж үзүүлж байдаг. Олон судалгаанууд өнгө нь хүний тархины өөр өөр хэсгүүдийг идэвхжүүлж, сэтгэл зүй, сурах, ажиллах чадвар, хувийн зан төлөвт хүртэл нөлөөлдөг гэдгийг баталсаар ирсэн. Бага насны хүүхдэд энэ нь бүр ч илүү хамааралтай ба хэт их хөдөлгөөнтэй, анхаарал төвлөрөл муутай, ADHD, ASD зэрэг эмгэгтэй хүүхдүүдийн сэтгэл зүй, анхаарал төвлөрөлтөд тод өнгөнүүд нэлээд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь элбэг байдаг учир анги танхим болоод өрөөнд нь аль болох завсрын, зөөлөн өнгө сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг билээ.


Цэнхэр

Цэнхэр өнгө нь хүүхдэд тайван, амгалан орчин бүрдүүлж өгдгөөс гадна бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Гэвч нэг дор хэт их цэнхэр өнгө хэрэглэх нь хүүхдийг уйтгар гунигт автуулж, сэтгэлээр унах мэдрэмжийг төрүүлэх эрсдэлтэй байдаг тул нийцэх бусад өнгөнүүдтэй хослуулан хэрэглэх чухал.

Улаан

Улаан өнгө бол хүнийг өдөөж, урам зориг, хүсэл тэмүүллийг нэмэгдүүлдэг тун хүчтэй өнгө. Улаан өнгийг зөөлөн өнгөнүүдтэй хослуулан анги танхим, өрөө тасалгаанд хэрэглэх нь хүүхдийг олон давтамжтай хийгддэг эсвэл анхаарал их шаарддаг нарийн зүйлс дээр сайн төвлөрөхөд тусалдаг.

Шар

Шар өнгө нь аз жаргал, баяр баясал авчирдгаас гадна хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Энэхүү өнгө нь анги танхим, хүүхдийн өрөө, тоглоомын талбай зэрэгт тун түгээмэл хэрэглэгддэг хэдий ч хэт их хэрэглэх нь хүүхдийг стресст өртүүлэх эрсдэлийг бий болгодог байна.

Ногоон

Энэхүү өнгө нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж, уншиж ойлгох чадварыг сайжруулж өгдөг. Мөн ногоон өнгийг ашиглан байгальд ойр мэдрэмжийг төрүүлэх, эрүүл, эко орчныг бүрдүүлж өгөх нь хүүхдийн сэтгэл зүйг тайван байхад тусалдаг байна.

Ягаан

Ягаан өнгө нь хүүхдийг аз жаргалтай болгодгоос гадна бусдыг өрөвдөх, энэрэх мэдрэмжийг төрүүлдэг өнгө юм. Охид ягаан өнгөнд илүүтэйгээр татагддаг шалтгаан бол энэхүү өнгө нь эмэгтэй хүний эрч хүч, сайхан сэтгэлийг өдөөж, аз жаргалын дааврыг илүүтэйгээр ялгаруулж өгдөгт оршино.

Улбар шар

Боловсролын байгууллагууд энэхүү өнгийг хүүхдийн санах ойг нэмэгдүүлж, шүүмжлэлт сэтгэлгээг сайжруулдаг гэж тодорхойлдог. Тийм ч учраас шалгалтын өрөөнд улбар шар өнгийг голчлон ашигласнаар оролцогчдын шалгалтын гүйцэтгэлийг сайжруулдаг хэмээн үздэг. Үүгээр ч зогсохгүй хүүхдийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг хэдий ч энэхүү өнгө бусад өнгөнүүдтэй харьцуулахад тун бага ашиглагддаг байна.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх