Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ?
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 10-19 насыг албан ёсоор өсвөр нас хэмээн тодорхойлдог. Яг л энэ шилжилтийн мөчлөгт хүүхдэд бие болоод сэтгэл зүйн хувьд маш олон өөрчлөлт зэрэг явагддаг учир хамгийн эмзэг, мэдрэмтгий үе гэж хэлж болно. Тиймээс эцэг, эхийн зүгээс өсвөр насны хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, тэдний хамгийн сайн зөвлөгч бас сонсогч байхад онцгойлон анхаарах хэрэгтэй.
Шүүмжлэлгүйгээр сонс
Хүүхдийн тань үзэл бодол, харах өнцөг, хүсэл сонирхол эцэг эхтэйгээ зөрчилдөж байсан ч тэднийг шүүмжилж, үгүйсгэлгүйгээр ярьж буй зүйлийг нь анхааралтай сонс. Өсвөр насны хүүхдэд тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг хүн тун чухал бөгөөд энэ нь тэдэнд “чи бол чухал хүн”, “чи ганцаараа биш” гэдгийг ойлгуулж, сэтгэл зүйн хувьд тогтвортой бас тайван байхад тусалдаг.
Биеийн хэлэмж чухал
Заримдаа бид зөвхөн биеийн хэлэмжээрээ ойлголцох үе байдаг. Үл анзаарагдам хэдий ч таны нүдний харц, урам зориг өгөх инээмсэглэл, толгойн дохилт зэрэг нь тэдэнд “би яг одоо энэ цагт чамтай хамт байж, чин сэтгэлээсээ чамайг сонсож, анхаарч байна” гэдгийг илтгэх дохио болдог.
Бүү хүчил
Зарим үед та яаж ч хичээгээд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байж болно. Энэ бол хэвийн зүйл. Хүүхэд тань асуудлаа хэрхэн ярих учраа олохгүй, та хүүхдэдээ хэрхэн хариулах учраа олохгүй байх үе бишгүй олон. Ийм үед хэн хэнийгээ хүчлэлгүйгээр, ганцаараа тайван байх орон зай, цаг хугацааг гаргаж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдэдээ чамайг хүссэн цагт би ярилцахад ямагт бэлэн байх болно гэдгийг ойлгуулаарай.
Сайхан зүйлсийн талаар ч ярилц
Харилцаа гэдэг зөвхөн асуудал, бэрхшээлийн талаар ярилцаж, хэцүү мэдрэмжээ хуваалцах тухай ойлголт биш. Эргэн тойрон дахь сонин хачин зүйлс, хөгжилтэй үйл явдал, бага насны дурсамжаа хуваалцаж, хамтдаа инээлдэж, цагийг зугаатай өнгөрүүлэх ч мөн чухал. Энэ нь гэр бүлийн харилцааг бэхжүүлж, асуудал тулгарахад хамгийн түрүүнд эцэг эхдээ хуваалцах итгэлийг хүүхдэд төрүүлдэг билээ.
Зөвлөгөө өгөх
Өсвөр насны хүүхдэд товч бөгөөд тодорхой зөвлөгөө, чиглүүлэг, санал хүсэлт агаар ус мэт хэрэгтэй байдаг. Учир нь том хүн болон шилжиж буй энэ л насанд тэдний амьдралд маш олон шинэ зүйлс тохиодог бөгөөд эцэг эхчүүд хэт их үглэж, шүүмжилж, шахаж шаардалгүйгээр ирээдүйн амьдралаа зөв удирдан чиглүүлэхэд нь туслах хэрэгтэй.
Ширээ тойрон сууж хооллох
Хүүхэд том болох тусам эцэг эхтэйгээ өнгөрүүлэх цаг нь багасдаг. Тиймээс ажил, хичээлийн дараа гэр бүлээрээ ширээ тойрон сууж хооллоход онцгой ач холбогдол хандуулаарай. Яг энэ үеэр гэр бүлийнхэнтэйгээ олон төрлийн сэдвээр нээлттэй ярилцаж сурсан хүүхэд хувийн асуудлаа ч тэдэнтэйгээ чөлөөтэй хуваалцах магадлал өндөр байдаг.
Бэлгийн боловсрол
Ярилцаж, ойлголцоход хамгийн хэцүү сэдвүүдийн нэг бол бэлгийн боловсрол юм. Нөхөн үржихүйн нас руу шилжиж буй хүүхдүүдэд бэлгийн харилцаа, бэлгэвчний хэрэглээ, өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлт зэрэг бэлгийн боловсролын суурь ойлголтыг гэр бүл болон багш сурган хүмүүжүүлэгчид өгөх нь зүйтэй. Энэ бол ярихад ичмээр сэдэв бус заавал мэдэж байх ёстой боловсролын нэг хэлбэр гэдгийг ойлгож хариуцлагатай хандаарай.