Аавуудын заавал унших 5 ном
Сайн ном бол хамгийн сайн туслах
Аавуудын баяр тохиож буй энэ наймдугаар сард хүүхэд хүмүүжил болоод хосын харилцааны талаар дэлгэрэнгүй өгүүлэх дараах номуудыг шинэхэн аавууддаа санал болгож байна.
We're Parents!
Адриан Кулп
Хүүхэд төрсөн эхний жилд аавуудын заавал мэдэх ёстой зүйлсийг дөрвөн хүүхдийн аав Адриан Кулп энэхүү номдоо багтаажээ. Хүүхдүүд гарын авлагатайгаа ирдэггүй, мөн тэднийг асрах нь зөвхөн ээжийн ажил биш, энэ бол гэр бүлийн хамтын ажиллагаа гэдгийг тэрээр We're Parents номоороо дамжуулан маш сайн тайлбарласан байдаг. Нэг нас хүртэлх хүүхдийн хөгжлийн үе шатууд, хоол, нойр бүр цаашлаад тэднийг хэрхэн зөв усанд оруулах талаарх дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан тус номыг шинэхэн аавууддаа зөвлөж байна.
The Expectant Father
Женнифер Эш , Армин А.Бротт
Аав болохоор төлөвлөж байгаа, эсвэл тун удахгүй аав болохоор зэхэж буй хэн бүхний заавал унших ном бол The Expectant Father. Эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн үеийн сэтгэлзүй, бие махбодын өөрчлөлт, сексийн харилцаа, санхүүгийн асуудал, тэр ч бүү хэл ирээдүйн хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг одоогоос хэрхэн хуримтлуулж эхлэх зэрэг аавуудад зориулсан практик зөвлөмжүүдийг та энэхүү номоос унших боломжтой.
Strong Fathers, Strong Daughters
Мег Микер
Бага болон өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан доктор Мег Микер бие болоод сэтгэлзүйн хувьд эрүүл чийрэг, хүчирхэг охид өсгөж, хүмүүжүүлэхэд аавууд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тус бүтээлдээ тайлбарлажээ. Тухайлбал, аавууд охидтойгоо хэрхэн хэт зайгаа барилгүйгээр, хүндэтгэлтэйгээр харилцаж сурах, өсвөр насны охидын сэтгэл зүйн өөрчлөлтийг ойлгох, мөн аавуудын гаргадаг нийтлэг алдаа, түүний үр дагавар болон бусад чухал сэдвийн талаар Strong Fathers, Strong Daughters номоос унших боломжтой.
We're Pregnant!
Адриан Кулп
Анх удаа эцэг эх болж буй хүмүүс алхам тутамдаа шинэ сорилтуудтай нүүр тулгардаг. Харин энэ бүхнийг эхнээс нь сайтар төлөвлөж, аливаа асуудалд бэлэн байхад We're Pregnant ном танд туслах болно. Жирэмсэн үеийн хосын харилцаа, үүсэж болох асуудлууд, тэдгээрийг ухаалгаар даван туулах арга зам болон хүүхэд төрөх үед хэрхэн бэлдэх ёстой талаар таны мэдэх ёстой бүх зүйл энд бий.
Be Prepared: A Practical Handbook for New Dads
Гари Гринберг, Жанни Хэйден
Шинэхэн аавуудад зориулсан Бэлэн байгаарай нэртэй гарын авлага нь өдөр тутмын амьдралд хэрэгтэй чухал зөвлөмжүүдийг сонирхолтой, ойлгомжтой, бас тун хошин байдлаар тайлбарласан байдаг. Нярай хүүхдийн сэтгэл зүйч Гари Гринбергийн 2004 онд бичсэн энэхүү номоос та хэрхэн спортын цэнгэлдэх хүрээлэнд хүүхдийн живх солих, хүүхдийнхээ дуртай тоглоомуудаар дүүрэн шүүгээ бэлтгэх (үүнд: хуучин түрийвч, зурагтын удирдлага, гар утас зэрэг багтана), ажил дээрээ хэрхэн унтахгүй байх зэрэг шинэхэн аавуудад тохиолддог инээдтэй ч гэмээр асуудлыг хялбар аргаар даван туулахад суралцах болно.