Караокед дуулах нь яагаад чухал болохыг эрдэмтэд онцолж байна
Хөгжим бусад хүмүүстэй холбоотой байхад тусална
"Journal of Personality and Social Psychology" буюу "Хувь хүн ба нийгмийн сэтгэл зүй" нэртэй сэтгүүлд хүний дуу хөгжим хүлээн авах мэдрэмжийн талаар цуврал судалгаануудыг нийтэлсэн байна. Эдгээр судалгааны үр дүнд дуу хөгжим нь хүний төрөлхийн зан авирын нэг болох бусадтай холбоотой байх мэдрэмжийг өгдөг гэдэг нь тогтоогджээ.
Мөн яг энэ сэдвээр Royal Society Open Science гэх сэтгүүл бас нэгэн судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааг хийсэн эрдэмтэд найрал дуунд хамт дуулж байсан танихгүй хүмүүс хоорондоо илүү хурдан холбоо тогтоож байсныг онцолсон юм. Судалгааны багийн ахлагч Эйлунд Пирс нь Оксфордын их сургуульд нийгэм ба хувьслын мэдрэл судлалын шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг бөгөөд түүний онцолсноор ямар нэгэн дуу цээжилж, сайн дуулах гэсэн ижил зорилготой хүмүүс хоорондоо илүү дотно болдог гэжээ. Мөн түүний хэлснээр яг энэ шалтгаанаар караокед дуулж буй хүмүүс ч хоорондоо илүү дотно болдог байна.
"Хүмүүс хамтдаа дуулахдаа маш сайн нэгдэж чаддаг. Бидний судалгаанд оролцсон хүмүүс хамт дуулж эхлээд хоёр цаг өнгөрөхөд л хоорондоо дотно болсон байсан" гэж Пирс ярилаа.
Түүнчлэн "Karaoke Nights: An Ethnographic Rhapsody" номын зохиолч профессор Роберт Дрю караоке нь нийгэмшихэд ямар ач холбогдол үзүүлдэг талаар тайлбарлажээ. Тэрээр "Баарны уур амьсгал, сайн мэддэг дуунууд, уух зүйлс нь хүмүүсийг нийгэмшихэд тусалдаг" гэж онцолсон байна.
"Хүмүүс караокед дуртай гэж хэлэхээсээ айдаггүй. Тэр ч бүү хэл зарим хүн караокед дуртай гэдгээрээ бахархдаг. Караоке орж байгаа хүмүүсийн дунд жинхнээсээ сайн чанарын хөгжим үнэлж чаддаг хүн элбэг бий" гэж Дрю нэмж хэлсэн юм. Мөн түүний хэлснээр хүмүүс ихэвчлэн сэтгэлдээ ойр байдаг дуунуудыг сонгож дуулдаг гэнэ. "Жишээ нь хүмүүст өөрт нь тохиолдсон нөхцөл байдлыг бусдад ярих нь чухал байдаг ч ингэх нь зарим тохиолдолд тийм ч зохистой биш юм. Энэ тохиолдолд дуу дуулах нь яриаг орлож чадна. Тиймээс хэрэв та ямар нэг зүйлийн талаар ярих боломжгүй бол дуулж болно шүү дээ. Таны дуулж байгааг бусад хүн сонсох тул та яг л хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан мэт мэдрэмж авах болно " гэж Роберт Дрю хэлсэн байна.
Нөгөө талаас эрдэмтэд караокег бодит орчноос тасрах оролдлого хэмээн үзжээ. Энэ тохиолдолд караоке баар нь мэдээллээс тасарч, дуртай дуугаа дуулах зуураа аз жаргалын гормон эндорфин олж авах сайхан шалтгаан болж байгаа юм.