Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж хэдэн насанд дээд цэгтээ тулдаг вэ?
Амьдралын тань оргил үе өнгөрөөгүй байна
Бид өөрсдийнхөө талаар хэрхэн мэдэрч байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгддөг. Хүн нас ахих тусам өөртөө илүү итгэлтэй болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ч нэмэгддэг гэж олон хүн үздэг шүү дээ. Тэгвэл одоо энэхүү онолыг шинжлэх ухаан судалгаан дээр тулгуурлан баталж байна. Нийт 164,000 гаруй оролцогчтой судалгааны үр дүнд хүмүүс амьдралынхаа хоёр дах хагаст өөрийгөө хамгийн сайхнаар мэдэрдэг нь тогтоогджээ. Бүр тодруулбал сэтгэл судлалын Psychological Bulletin сэтгүүл хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж 60 насанд дээд цэгтээ хүрдэг гэдгийг мэдэгдлээ.
Тэд янз бүрийн үндэс угсаа ба хүйстэй 4-94 насны хүмүүсийн дунд удаан хугацааны судалгаа явуулсан бөгөөд туршилтад хамрагдагсдын өөрийгөө үнэлэх үнэлэмж нь жил ирэх тусам тогтмол өсөж, 60 насандаа дээд цэгтээ хүрч байсан аж. Ингээд ч зогсохгүй үүнээс хойш дахин 10-аад жил энэхүү үнэлэмж нь огт бууралгүй үргэлжилдэг байна. Харин 70-80 насны хооронд уг мэдрэмж нь бага зэрэг буурдаг бол 90-94 насанд өөрийгөө үнэлэх үнэлэмж огцом унадаг гэжээ. Тэгэхээр хамгийн сайхан мөчүүдээр дүүрэн амьдралын тань оргил үе таныг ирээдүйд хүлээж байж болох л юм.