Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэтэй машинууд
216 тэрбумын үнэтэй машинтай танилцаарай
Олон жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнтэй болдог машин цөөнгүй. Тэгвэл машиныг дан ганц тансаг салон, хүчтэй хөдөлгүүр, шинэ загвар нь тодорхойлдоггүй бололтой. Анх гарсан цагаасаа хойш шинэчлэлт хийгдээгүй ч тухайн машины түүх болоод хэзээ ч үл хуучрах классик загвар нь машины үнэ цэнийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Доор та бүхэнд бүх цаг үеийн хамгийн үнэтэй таван машиныг танилцуулж байна.
Rolls-Royce Sweptail: 13 сая ам.доллар
Том шилэн дээвэртэй, хоёр хүний суудалтай зөвхөн түүнд зориулсан тансаг хүлэгтэй болохыг хүссэн нэгэн нууц ноёнтон Rolls-Royce компани дээр очсоноор дэлхий дээр цор ганц Sweptail бүтсэн түүхтэй. Энэхүү машиныг 1920-1930 оны тансаг зэрэглэлийн дарвуулт завинаас санаа аван хийсэн бөгөөд хуучны тансаг байдлыг шинэ үеийн технологитой хослуулан хийснээрээ онцлогтой. V12 хөдөлгүүртэй 453 морины хүчин чадалтай энэхүү машиныг дөрвөн жилийн хугацаанд бүтээсэн байна.
Pagani Zonda HP Barchetta: 17.6 сая ам.доллар
Pagani Zonda-ын өөр олон тусгай загварууд байдаг ч Zonda HP Barchetta загвар нь дэлхийд ердөө гурван ширхэг л үйлдвэрлэгдсэн бөгөөд Pagani Automobili S.p.A-ыг үүсгэн байгуулагч Хорачио Пагани өөрөө нэгийг нь эзэмшдэг байна. 355 км/ц хүртэл хурдлах чадвартай 789 морины хүчин чадалтай энэхүү машиныг хөнгөн, хүчтэй, хурдан болгохын тулд их биеийг бүхэлд нь carbon fiber материалаар хийсэн бөгөөд өндөр нь ердөө 0.5 метр юм.
Bugatti La Voiture Noire: 18.7 сая ам.доллар
Этторе Бугатти 1909 онд анхны Bugatti машинаа үйлдвэрлэж байхдаа “Хэрвээ өөр машинтай харьцуулагдвал Bugatti байхаа болино” гэсэн ганц нугаршгүй уриатай байсан. La Voiture Noire машины корпусыг carbon fiber материалаар гараар хийсэн бөгөөд W16 хөдөлгүүртэй 1500 морины хүчин чадалтай. Дээд хурд нь 420 км/цаг хүртэл хурдлах чадвартай энэхүү машин нь хамгийн үнэтэйгээс гадна хамгийн хурдан машины нэгд зүй ёсоор тооцогддог.
Rolls-Royce Boat Tail: 28 сая ам.доллар
2022 оны дэлхийн хамгийн үнэтэй шинэ машин. Нийтдээ гурван ширхгийг л үйлдвэрлэнэ гэж хамгийн анхны загвараа танилцуулахдаа зарласан. Харин гурван загвар нь бүгд хоорондоо өөр байх буюу ерөнхий бүтэц дээр нь хүний захиалгын дагуу өөрчлөлтүүдийг хийж дэлхийд цор ганц байдлаар эзэндээ хүрнэ гэсэн үг юм. Машины арын хэсгийг 1932 оны анхны J-Class дарвуулт завины хэсгээс санаа аван хийснээрээ онцлогтой. Италийн Concorso d’Eleganza Villa d’Este хүрээлэнд өнгөрсөн оны сүүлээр олон нийтэд нээлтээ хийсэн энэхүү машин нь хос турбо V12 хөдөлгүүртэй ба 563 морины хүчин чадалтай.
1963 Ferrari 250 GTO: 70 сая ам.доллар
1962-1964 оны хооронд нийт ердөө 36 ширхэг үйлдвэрлэгдсэн энэхүү Ferrari нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн машин. “Tour de France” уралдаанд олон жил дараалан түрүүлж 1960-аад оны хамгийн хурдан машинаар тодорч байсан энэхүү Ferrari-г WeatherTech компанийн үүсгэн байгуулагч Дэвид МакНил 2018 онд дуудлага худалдаагаар 70 сая ам.доллараар худалдан авч дэлхийн хамгийн үнэтэй “vintage car owner” болж байсан түүхтэй. Хэдий хамгийн хурдан машин байхаа больсон ч хамгийн үнэтэй машин хэвээр үлдсэн билээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт