Хамгийн өндөр хүлээлттэй 7 цахилгаан автомашин
Ойрын жилүүдэд худалдаанд гарах автомашинуудын жагсаалт
Швейцарын UBS банкны гаргасан урьдчилсан таамаглалаар 2025 он гэхэд дэлхий даяар худалдаалагдах бүх шинэ автомашины 20% нь цахилгаан байх болно гэнэ. Харин 2030 он гэхэд цахилгаан автомашины нийт эзлэх хувь 40% хүртэл өсөх бөгөөд 2040 он гэхэд дэлхий даяар зарагдаж буй шинэ автомашин бүр цахилгаан байх болно хэмээн UBS банк мэдээллэсэн байна. Ижил таамаглалыг мөн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн гол үйлдвэрлэгч Foxconn компани гаргасан юм.
Сонирхуулахад, АНУ-ын Калифорни мужид 2035 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг хязгаарлах төлөвтэй байгаа билээ. Түүнчлэн ихэнх Европын орнууд ойрын хэдэн жилийн хугацаанд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 2025 он гэхэд Норвеги, Нидерланд, Дани, Швед, Исланд, Ирланд, Словени, Франц гэх зэрэг улсуудад шатахуунаар ажилладаг автомашин огт борлуулагдахаа болих юм. Мөн Их Британи улс уг арга хэмжээг 2030 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үүгээр ч зогсохгүй Audi, Jaguar, Renault-Nissan, Volkswagen зэрэг автомашины салбарын томоохон компаниуд 2025-2030 оны хооронд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээ зогсоохоо мэдэгдээд байгаа билээ. Ингээд улс орнууд болон автомашин үйлдвэрлэгч компаниуд шатахууны хэрэглээг багасгах үүднээс нэгдэж, ийнхүү цахилгаан автомашины эрин үе эхэлснийг зарлаж байна. Тэгвэл бид дэлхий даяар өндөр хүлээлттэй байгаа бөгөөд ойрын жилүүдэд борлуулагдаж эхлэх шилдэг цахилгаан автомашинуудын жагсаалтыг бэлтгэлээ.
Lotus Evija (2021 оны сүүлээр)
Хязгаарлагдмал тоогоор буюу ердөө 130 ширхэг худалдаанд гарах Evija нь гайхалтай өндөр үзүүлэлттэй бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинаар тооцогдож байна. Техникийн үзүүлэлтийн хувьд 1972 морины хүчин чадалтай ба цагт 350 км газар туулах чадвартай юм. Түүнчлэн өвөрмөц бөгөөд тансаг загвараараа уг автомашин олныг аль хэдийнээ байлдан дагуулаад байгаа билээ. Lotus Evija автомашины үнэ ойролцоогоор 2.4 сая ам.доллар байх гэнэ.
Mercedes-Benz EQS (2022 он)
Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар EQS бол тус брэндийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, тансаг зэрэглэлийн автомашин юм. Тус автомашиныг хоёр хувилбараар гаргах бөгөөд эхний худалдан авагчдад EQS 450+ гэх 245 кВт хүчин чадалтай ганц хөдөлгүүртэй хувилбарыг санал болгох юм. Хожим нь 385 кВт хүчин чадлын хөдөлгүүртэй, Mercedes-Benz EQS 580 4MATIC гэх хувилбар борлуулагдаж эхлэх байна. Эдгээр хувилбарууд цагт 210 км газар туулах чадалтай байна. Энэхүү автомашин нь 5216 мм урт, 1926 мм өргөн, 1512 мм өндөртэй бөгөөд ойролцоогоор 2.5 тонн жинтэй байх юм.
Volkswagen ID.Buzz (2022 он)
Volkswagen I.D. BUZZ цахилгаан автомашин нь алдарт VW T2 микроавтобусны шинэчлэгдсэн хувилбар юм. Автобусны доторх бүх зүйл цахилгаанжаад зогсохгүй ямар ч товчлуургүй бөгөөд зөвхөн мэдрэгчээр ажиллах байна. Тус автомашин нь цагт 160 км газрыг туулах чадвартай бол бүтэн цэнэгээр 600 км хүртэлх газрыг туулах боломжтой гэнэ.
BMW i4 (2022 он)
BMW компанийн анхны "i" хувилбарын автомашинууд болох i3 болон i8 нь футурустик загвараар худалдаалагдаж байсан билээ. Харин дараагийн i3 хувилбар Gran Coupe загварын дөрөв дэх цувралтай төстэй, илүү брэндийн уламжлалт загварын дагуу бүтээгдэхээр болжээ. i4 нь 335 морины хүчин чадлын цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд 81.5 кВт батарейн багтаамжтай юм. Энэхүү хувилбарын үнэ 56,395 ам.доллараас эхлэх байна.
Tesla Cybertruck (2023 он)
Уг Tesla компанийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй пикап автомашины дизайн анх 2019 онд олны хүртээл болж байсан бөгөөд загвар нь тухайн үед маш их шуугиан дэгдээж байсан билээ. Загварын хувьд аварга том металл трапец хэлбэртэй байгаа нь тун зоримог, өвөрмөц бөгөөд хэний ч төсөөлж байгаагүй хэлбэр байв. Шинэ пикап автомашин нь бүрэн цэнэгээр 400, 480, 800 км зам туулах чадалтай гурван хувилбараар худалдаанд гарах юм. Доод үнэ нь 39,900 ам.доллараас эхлэх байна. Cybertruck цахилгаан автомашины угсралтын ажлыг 2022 оны сүүл хүртэл хойшлуулжээ.
Porsche Macan EV (2023 он)
Porsche брэнд саяхан Macan загварын автомашины дараагийн үеийг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгохоо мэдэгдсэн билээ. Тус цахилгаан автомашин нь Premium Platform Electric гэх Audi үйлдвэрлэгчтэй хамтран бүтээсэн төслийн хүрээнд зохион бүтээгдэх юм. Macan EV нь Taycan загварын автомашины адил 800 вольтын технологийг ашигласнаар илүү хурдан цэнэглэгдэх юм. Porsche компани энэхүү автомашиныг 2022 онд угсарч эхлэхээ мэдэгдсэн байна.
Cadillac Lyriq (2023 он)
Тус автомашин нь бүрэн цэнэгээр 500 хүртэлх км газрыг туулах хүчин чадвартай юм. Мөн Ultium гэх аюулгүй байдал, тэнхлэгийн жингийн хуваарилалтыг хангахад зориулагдсан өндөр хүчин чадалтай батарейгаар тоноглогдсон байна. Доторх заслын хувьд 33 инчийн дэлгэц, автомат жолоодлогын систем, AKG Studio дэвшилтэт хөгжмийн систем зэрэг зүйлсээр тоноглогдсон юм.