Хайх

Дизайнер ба архитекторууд ямар байшинд амьдардаг вэ?

Дизайнер ба архитекторууд ямар байшинд амьдардаг вэ?

Шилдэг 10 байр

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Шилдэг архитектурын бүтээл, интерьер дизайнуудыг бүтээсэн уран бүтээлчид өөрсдөө ямар гэрт амьдардаг тухай та сонирхож байв уу? Архитектурын Dezeen сэтгүүл дизайнерууд өөртөө зориулж бүтээсэн шилдэг 10 байшинг танилцуулж байна

"Notting Hill Home", Англи улс, Лондон хот, Жон Поусоны гэр

Минималист гоо зүйн үзлээрээ алдартай Их Британийн архитектор Жон Поусон өөрийн энэхүү байшинг тохижуулахдаа Скандинав стилийн тавилга, цайвар модон шал, цагаан гадаргууг хослуулжээ. Тэрбээр "Энэ бол миний хувь хүний тусгал" гэж ярьсан байна.

"The Scenario House", Англи улс, Лондон хот, Рэн Энкори, Майа Карни нарын гэр

Scenario Architecture компанийн үүсгэн байгуулагчид болох Рэн Энкори болон Майа Карни нар байшиндаа шилэн дээвэртэй өргөтгөл хийжээ. Энэхүү өргөтгөл нь цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байрлалтай тул гэр бүлд маш тав тухтай уур амьсгал бүрдүүлдэг байна.

"SkinnyScar", Голланд улс, Роттердам хот, Гвендолин Хёйсман, Марейн Ботерман нарын гэр

Гвендолин Хёйсман, Марейн Ботерман гэх Голланд архитекторууд нууц цонхтой, хар тоосгоор барьсан маш сонирхолтой байранд амьдардаг. Тэдний энэхүү байр гурван давхар ба  3,4 м өргөн, 20 м өндөртэй. Тиймээс тэд барилгынхаа өндрийг ашиглан лофт бүхий дизайнтай тав тухтай орчин бий болгожээ.

"Steam-Bent Wood House", Англи улс, Корнуолл хот, Том ба Дэниел Раффилд нарын гэр

Тавилгын дизайнер Том Раффилд ба түүний эхнэр Дэниел нар энэхүү байшинг барихдаа модыг янз бүрийн хэлбэрт оруулдаг уламжлалт уурын технологийг ашигласан байна. Энэхүү модон байшин нь тэдний өөрсдийн үйлдвэрлэдэг тавилганы загвар дизайныг агуулжээ. Байшин доторх ихэнх тавилгыг Раффилдын тавилгын цуглуулгаас олж болно.

"Micro Apartment", Орос улс, Москва хот, Алиреза Нематын гэр

Studio Bazi компанийн үүсгэн байгуулагч Алиреза Нематын амьдардаг энэхүү орон сууц ердөө л 35 м2 талбайтай боловч хэрэгтэй бүх зүйлсийг багтаажээ. Жижиг байрны талбайг зөв ашиглахын тулд тэрээр унтах хэсгийг эд зүйлс хадгалах хайрцагтай нэгтгэж өгсөн байна. Ингэснээр талбай хэмнэж, унтах хэсэгт хувийн орон зай бий болгожээ.

"Villa S", Норвеги улс, Берген хот, Тодд Сондерсын гэр

Хар модон банз ашиглаж барьсан энэхүү контемпорари загварын байшин Берген хотод байрладаг. Архитектор Тодд Сондерс өөрийн гэр бүлдээ зориулж бүтээсэн энэхүү байшинд зочны өрөө, мастер унтлагын өрөө, номын сан болон хүүхдийн хоёр өрөө багтжээ. Мөн Сондерс хүүхдүүддээ зориулж савлуур хийж өгсөн байна.

"Murphy House", Шотланд улс, Эдинбург хот, Ричард Мерфийн гэр

Архитектор Ричард Мерфигийн бүтээсэн энэхүү байшинг Их Британийн хатан хааны архитектурын институти (RIBA) "2016 оны шилдэг барилга"-аар тодруулсан юм. Таван давхар энэхүү барилга нь 165 м2 талбайтай бөгөөд нууц хаалга, зөөврийн шат, хөдөлгөөнт хана гээд орон зайг хүссэнээрээ өөрчилж болох олон төрлийн шийдэлтэй. Үүнээс гадна Ричард Мерфи дээвэр дээрээ өндөр технологийн нарны эрчим хүч хураагч суулгаж, мөн борооны усыг хураан авч цэцэг услах, суултуурын ус татах зэрэг саарал усны зориулалтаар ашигладаг байна.

"Clock House", Англи улс, Лондон хот, Маргарет Бурсагийн гэр

Archmongers архитектурын студийн захирал Маргарет Бурса гэр бүлдээ зориулж Лондон хотод байрлалтай энэхүү 1960-аад онд баригдсан гурван давхар орон сууцыг дахин шинэчилжээ. Маргарет байшингийн нүүрэн талыг Лондонгийн метроны буудалтай ижил ба нэвт гэрэлтдэг хавтангуудаар бүрхэж байрыг илүү гэрэл гэгээтэй болгожээ.

"My Home & Office", Итали улс, Флоренц хот, Сильвия Аллорийн гэр

Италийн архитектор Сильвия Аллори 42,2 м2 талбайтай байранд гэр ба оффисыг нэгтгэж чаджээ. Үүний тулд тэрээр орон сууцны зай завсар бүрийг сайтар төлөвлөх хэрэг гарсан байна. Аллори хана руу эвхэгддэг тавилга, ажлын орчныг тусгаарладаг алтлаг хөшиг, цайвар өнгийн интерьер дизайны тусламжтай орон сууцыг илүү их зайтай харагдуулж чаджээ.

"Collage House", Англи улс, Лондон хот, Жонатан Такийн гэр

Jonathan Tuckey Design студийн үүсгэн байгуулагч Жонатан Таки XIX зуунд гангийн үйлдвэрийн байр байсан барилгыг бүрэн засварлаж гэр бүлийнхээ мөрөөдлийн байшинг бүтээжээ. Жонатан энэхүү үйлдвэрийн барилгыг шинэчлэхдээ аль болох анхны байдлыг нь хадгалж үлдэхийг хичээсэн байна. Тиймээс мод, тоосго зэрэг түгээмэл материал ашиглаж, илүү том зайтай, маш өвөрмөц орчин үеийн орон сууц босгож чаджээ.

цааш үзэх