Дуучин Рианнагийн Лос-Анжелес дахь шинэ гэрт зочилцгооё
6,8 сая долларын үнэтэй
Дуучин Рианна Лос-Анжелес хотод шинэ байшин худалдан авч, Холливүүдэд суурьшихаар шийдснийг Harper's Bazaar сэтгүүл мэдээллэж байна. Тус сэтгүүлийн мэдэгдсэнээр "Sunset" өргөн чөлөөний ойролцоо байрлах энэхүү үл хөдлөх хөрөнгө нь нийт 700 м2 талбайтай бөгөөд 6,8 сая долларын үнэтэй аж. Рианнагийн шинэхэн орон сууц нь мөн дотроо зургаан унтлагын өрөө, есөн угаалгын өрөө, кино театр, спорт заал, билльярдын танхимтай юм. Харин гаднах талбайд зочдод зориулсан байшин, усан сан, гараж, автомашины зогсоол гээд дуучин бүсгүйн тав тухыг хангах бүхий л зүйлс багтжээ.
Рианнагийн энэхүү орон сууц нь загвар өмсөгч Кендалл Женнерийн хуучин байшингийн зэргэлдээ оршдог байна. Кендалл Женнер уг байшингаа 2016 онд жүжигчин Эмили Блант ба түүний нөхөр Жон Красински нараас 6,5 сая доллараар худалдан авч байсан ч түүний гэрт хулгай орсны улмаас дахин өөр байшин руу нүүхээр шийдсэн юм.