Хайх

Хамгийн үзэсгэлэнтэй топ 10 амралтын газрыг дотроос нь харцгаая

Text: Buro.Mongolia


Цар тахал дэгдэж багагүй улс орнууд хил гаалиа хаасан ч гэлээ хүссэн газар луугаа аялдаг байсан бидний эрх чөлөө нэг л өдөр дахин ирэх нь ойлгомжтой. Аяллын хамгийн чухал хэсэг бол яахын аргагүй хоноглох газар. Майхан барихаас эхлээд байшин түрээслэх хүртэл маш олон төрлийн сонголтууд байдгаас бид хамгийн үзэсгэлэнтэй интерьертэй амралтын газруудыг онцолж байна.

Агуйн байшин: Нээлттэй бассейн болон үзэгдэх орчин (Грек)

1875 онд энэхүү агуйд ихэвчлэн урт замын аялалд гарсан далайчид хоноглодог байсан гэх яриа байдаг. Олон жилийн түүхтэй тус газрыг далайд байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр бүхэлд нь цайвар цэнхэр, цагаан өнгийн орчинтой амралтын газар болгон тохижуулжээ. Агуйн онцлох зүйл нь Санторинигийн эргийг харж болох хувийн бассейн юм.

Минималист вилла (Итали)

Итали улсыг тольдон харж болохоор баригдсан нь архитектурынх нь үндсэн санаа. Хоорондоо зөрчилдмөөр дундад зууны хэв маяг болон минималист тавилгууд шинэлэг, тав тухтай орчныг бүрдүүлсэн харагдана. Мөн амралтын бүх өрөөнүүдийг уран зургаар тохижуулсан нь урлагт хайртай хүмүүсийг гарцаагүй баярлуулна.

Дорнын хэв маягтай вилла (Танзани)

Майхны хэлбэрээс санаа аван барьсан уг газарт хүссэн бүхнийг биелүүлдэг бэрд амьдардаг гэлтэй. Зөвхөн ид шидийн тусламжтай бүтсэн гэмээр ододтой тэнгэрийн доорх унтлагын өрөө, тагтан дээрх жакүзи, байгалийн үзэгдэх орчныг Танзани улсад мэдрэх боломжтой юм.

Дал модоор хүрээлэгдсэн амралт (Бали)

Байгаль дэлхийтэйгээ илүү ойр байхыг хүссэн хүмүүсийн хот бол Бали хэмээн туршлагатай аялагчид дуу нэгтэйгээр хэлдэг билээ. Мэдээж ой дунд майхантайгаа амьдрах нь адал явдал дагуулах ч тийм ч тав тухтай сонголтод тооцогддоггүй. Хэрэв та үүнтэй санал нийлж байвал тус хаус нь хамгийн тохиромжтой сонголт болно.

Модерн хэв маягийн сууц (Мексик)

Мексикийг бид эрээн декорууд болон тод өнгөөр зүйрлэдэг. Харин энэхүү сууцын цэлгэр том зайг модон эдлэлээр тохижуулж beige өнгийн минималист орчныг бүрдүүлсэн нь Мексикийн интерьерийн талаарх хэвшмэл ойлголтыг эвджээ. Түүнчлэн бүхэлдээ ургамал ногоогоор хүрээлэгдсэн амралтын хэсэгт хөршүүдтэйгээ цайлах боломжтой бөгөөд сууцаас холгүй Тулум хотын эртний археологийн олдворуудтай танилцаж цагаа үр ашигтай өнгөрүүлж болно.

Шилэн байшин (Калифорниа)

Энэхүү байшин нь техник технологийн хөгжил болон орчин үеийн хэв маяг зохицлоосноороо онцлог. Тиймдээ ч Airbnb сайтын топ-10 хамгийн үзэсгэлэнтэй амралтын газрын тоонд орсон байна. Барилгын интерьерт татагдах гол зүйлүүдийн нэг бол байгалийг нэвт харж болох шилэн хана юм.

Өдөртөө байгаль ширтэж шөнөдөө туйлын туяа харах амралт (Исланд)

Скандинавын өнгө аястай тус амралтын газрын олонд танигдсан шалтгаан бол үүний байршил юм. Учир нь амрагчид өдөртөө үзэсгэлэнт байгальтай танилцаж нар буусан хойно дэлхийн цөөн хэдэн газар үзэгддэг туйлын туяаг харах боломжтой байдаг. 

Орчин үеийн классикийн төлөөлөл (Хорват)

Өндөр тааз, цэлгэр цонх, хамгийн гол нь хүрээлэн буй орчноо бүхэлд нь харж болох том тагт нь байшингийн онцлох зүйлүүд юм. Зэрлэг байгаль болон футуристик хэв маягийг нэг дор зохицлоож, хөл хөдөлгөөн буцалсан том хотын оршин суугчдад амар тайвныг мэдрүүлэх болно.

Швейцарын шинэлэг «шале»

Альпын нуруунд байрлах бүс нутгийнхны гурвалжин дээвэртэй, хоёр давхар модон байшинг «шале» гэж тодорхойлдог. Уг хэв маягийг өндөр тааз, шалнаасаа тааз хүртэлх цонх, гранж стилийн гэрлийн бүрхүүлтэй хослуулж орчин үеийн «шале» байшинг бүтээжээ. Мөн тус амралтын өнцөг булан бүрт уран зураг, төгөлдөр хуур, уран баримал байрлуулсан нь дулаан уур амьсгал нэмсэн байна.

Үлгэрийн цайз бодит амьдралд (Франц)

Яг л «Bridgerton» цувралд гардаг шиг амьдралыг биеэрээ мэдрэхийг хүсвэл Франц руу зүглээрэй. Цайз, фермийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, тэр ч бүү хэл Эпте голын тал хэсгийг хамарсан энэхүү газар нь нийт найман га талбайтай. Дундад зуунаас сэдэвчилсэн баяр найр, хурим хийхээр төлөвлөж буй хүмүүст үлгэрийн цайз хамгийн тохиромжтой. Сонирхуулахад, язгууртан шиг өнгөрүүлэх нэг өдрийн төлбөр 20 хүний 2299 ам.доллар юм.

Хамгийн үзэсгэлэнтэй топ 10 амралтын газрыг дотроос нь харцгаая (фото 24)
Хамгийн үзэсгэлэнтэй топ 10 амралтын газрыг дотроос нь харцгаая (фото 25)
цааш үзэх