Миланы дизайны долоо хоног 2021: Хамгийн өвөрмөц тавилга болон гэрийн чимэглэлүүд
Дэлхийн шилдэг брэндүүдийн урласан дизайнууд
Загварын орднууд жилд хоёроос дөрвөн удаа шинэ хувцас, аксесуарын цуглуулгаа Нью Йорк, Лондон, Милан, Парисын загварын долоо хоног дээр толилуулдаг уламжлалтай билээ. Харин интерьер болон тавилгын цуглуулгуудаа тэд “Salone del Mobile" буюу Миланы дизайны долоо хоног дээр танилцуулдаг юм. Өмнө жил тус арга хэмжээ цар тахлын улмаас цуцлагдсан бол энэ онд есдүгээр сарын 5-10 өдрүүдэд зохион байгуулагдаж, олон төрлийн гоёмсог, хачирхалтай гэгч бүтээлүүдийг олны хүртээл болгосон билээ. Бид уншигчдадаа зориулж тус үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг бүтээлүүдийг сонгон хүргэж байна.
Gucci Cartoleria поп-ап дэлгүүр
Gucci загварын ордон энэ жилийн Миланы дизайны долоо хоногт зориулан Gucci Cartoleria гэх поп-ап дэлгүүрийн үүд хаалгыг нээсэн билээ. Тус дэлгүүр нь Миланы Виа Алессандро Мацони гэх хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн загварлагт тооцогддог гудамжинд энэ сарын 17-ныг хүртэл ажиллах юм. Gucci Cartoleria нь Италийн уламжлалт бичиг хэргийн дэлгүүрийн уран зөгнөлт хувилбар бөгөөд зочид нисдэг дэвтэр, өөрсдөө хөдөлдөг шатрын дүрс болон хулганд зориулагдсан маш жижигхэн гэр гэх зэрэг хачирхалтай зүйлсийг олж харах боломжтой юм. Түүнчлэн тус дэлгүүр нь Сэргэн мандалтын үеийн ховор зүйлс агуулсан кабинет болон Ж.К. Роулингийн “Харри Поттер” роман дээр гардаг номын дэлгүүрийг санагдуулдгаараа онцлог байна.
Ийм концепцтой дэлгүүр нээсний учир нь Gucci загварын ордны бүтээлч захирал Алессандро Микеле хүүхэд байхдаа бичиг хэргийн эд зүйлстэй дэлгүүрээр хэсэх дуртай байжээ. Тэрээр "Намайг бага байхад бичиг хэргийн дэлгүүр орж, төрөл бүрийн өнгийн харандаа, үзэг, дэвтэр, тоглоом худалдаж авах нь бидний өдөр тутмын амьдралд бяцхан ид шид авчирдаг байсан юм. Эдгээр хэрэгслүүд нь жирийн л зүйлс байсан ч ид шидийн уур амьсгалыг бий болгодог байсан. Тийм учраас бид хуучны бичиг хэргийн дэлгүүрүүдийн сэтгэл татам байдалд хүндэтгэл үзүүлж, өдөр тутамд зориулагдсан эд зүйлсийг ид шидийн ертөнцөд аваачихын тулд Gucci Cartoleria төслийг зохион бүтээсэн билээ" хэмээжээ.
Versace ордны монохром тавилгууд
Versace-гийн бүтээлч захирал Донателла Версаче намар-өвөл 2021 цуглуулгынхаа танилцуулгын үеэр тус брэндийг илтгэсэн La Greca гэх шинэ монохром хээгээ танилцуулсан билээ. Загварын ордон эхэндээ тус хээтэй хувцас болон аксесуаруудыг гаргасан бол Миланы дизайны долоо хоногийн хүрээнд мөн La Greca монохром хээтэй интерьерийн цуглуулга танилцуулсан байна. Цуглуулгын хамгийн сонирхолтой бүтээлээр Aeternitas Love гэх арьс, жаккард материалаар хийгдсэн асар том дугуй ор тодорсон юм.
Dior-ийн сонгодог загварын сандалны шинэ хувилбарууд
Интерьер, гэрийн чимэглэлийн хувьд Dior брэндийн нэрийн хуудас болсон тавилга бол Medallion сандал билээ. Энэхүү сандал нь аль эртнээс л Dior-ийн интерьерийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгээр тооцогдож ирсэн юм. Мөн 1947 онд ордны анхны загварын үзүүлбэр дээр зочид тус сандал дээр тухлан сууж байсан түүхтэй. Харин Миланы дизайны долоо хоногт зориулан Dior 17 орчин үеийн уран бүтээлчтэй хамтран тэдний өвөрмөц хэв маягийг шингээсэн шинэчлэгдсэн хувилбаруудыг танилцуулсан юм.
Hermès брэндийн шинэ тавилгууд
Hermès-ийн тавилга болон гэрийн чимэглэлийн цуглуулга нь домогт Birkin, Kelly цүнхнүүдийн адил олны дунд алдаршсан байдаг. Hermès загварын ордны гаргасан энэ удаагийн тавилгын капсул цуглуулгын хамгийн сонирхол татсан бүтээл нь цэвэр мод болон дахин боловсруулсан целлюлозоор хийгдсэн Sillage d’Hermès сандал байлаа.
Louis Vuitton ордны авокадо хэлбэртэй гоёл чимэглэлийн хавтан
Louis Vuitton загварын ордон Objets Nomades гэх цуврал цуглуулгадаа шинэхэн интерьерийн бүтээлүүдийг нэмсээр байна. Энэ жилийн дизайны долоо хоног дээр тэд Aguacate гэх хэд хэдэн өнгөлөг авокадо хэлбэртэй хавтан болон цайвар цагаан өнгийн арьсан материалаар хийгдсэн, дэлбээ хэлбэртэй жижиг дэрнүүдтэй Petal сандлыг танилцуулсан юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт