2024 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд уран барималч А.Очирболд Монгол улсаа төлөөлөн оролцлоо
Монголын павильон болон нээлтийн хүлээн авалтыг дотроос нь харцгаая
Итали улсын хойд хэсэгт орших “Адриатын тэнгисийн хатан хаан” гэгддэг үзэсгэлэнт Венец хотод 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь албан ёсоор эхэлснээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бүтээлч эрхмүүд нэг дор хуран цугларч уран сэтгэмжээсээ ундран гарсан гайхалтай бүтээлүүдээ дэлгэн үзүүлж сэтгэл болоод мэлмий баясгаж байна. Энэ удаагийн биенналь “Foreigners Everywhere” буюу “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд урлагийн ертөнцийн нэр хүндтэй энэхүү арга хэмжээнд нийт 88 орон өөрсдийн павильоноо нээжээ. Сэдвийн тухайд энгийнээр тайлбарлавал бид энэ дэлхийн хаана ч очсон харь орны хүмүүстэй учирдаг бөгөөд эргээд та ч гэсэн хэн нэгний хувьд харийн хүн гэдэг утгыг илэрхийлэхийг куратор Адриано Педроса зорьжээ. Үнэхээр ч арга хэмжээ зохион байгуулагдаж буй, XII зуунд усан онгоцны үйлдвэрийн зориулалттай баригдсан Арсенал нэртэй нүсэр том байгууламжид өөр хоорондоо адилгүй хэл, соёл, үзэл санаатай харийнхан хаа сайгүй алхалдах агаад тэдний нэг нь ч мөн бид байсныг тэмдэглүүштэй. Хэдийгээр оролцогчид, шүүмжлэгчид, хэвлэлийнхэн, үзэгчид гээд хүрэлцэн ирсэн хүн бүр л олон зүйлээрээ ялгарах авч урлагаар дамжуулан ухамсрын түвшинд нэгдэж байсан нь урлаг бол яс үндэс, шашин шүтлэг, хэл усаас үл хамаарах хамгийн гайхалтай соёл гэдгийг батлах мэт.
Дэлхийн урлагийн “Олимп” буюу Венецийн дүрслэх урлагийн биеннальд улс орнууд хамгийн шилдэг уран бүтээлчдээ илгээж өөрсдийгөө соёлоороо дамжуулан сурталчилдаг уламжлалтай. Харин манай улсын хувьд Соёлын сайд Ч.Номингийн санаачилгаар дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Венецийн дүрслэх урлагийн биенналь болон Каннын кино наадамд уран бүтээлчдийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Улмаар энэ жилийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Аюурзанын Очирболд улсаа төлөөлөн оролцож байгаа ба Монголын павильоны үзэсгэлэн “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй зохиогдож байна. Цаашлаад Монголын павильоны комиссараар Соёлын сайд Ч.Номин, ерөнхий куратораар Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, хамтарсан куратораар ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Грегор Янсен томилогдон ажиллаж энэхүү гайхалтай үзэсгэлэнг бий болгоход гар бие оролцсоныг дурдах нь зүйтэй.
Уран барималч А.Очирболд тус үзэсгэлэнгээрээ дамжуулан үзэгчдийг ухамсрын гүн түвшин лүү хөтлөхийг зорьжээ. Тэрээр Буддын шашны догшин сахиус Дүртэддагваас сэдэл аван гурван нүдтэй гавлын яс бүхий хөнгөн цагаанаар цутгаж хийсэн инсталляцыг танилцуулсан юм. Уг бүтээлээ урлахдаа харин уламжлалт монгол зургийн арга барил болон орчин үеийн хэв маягийг хослуулсан нь анхаарал татаж байлаа. Бэлгэдлийн хувьд бүтээлээрээ амьдралын мөнх бусыг сануулж, гэгээрлийг илэрхийлж байгаа бол концепцийн хувьд “Ирээдүйд алдаагүй алхахын тулд өнөөдөр амьдарч байгаа бид өнгөрснөө эргэн харж алхам бүрээ хянаж байх учиртай” хэмээн уран барималч А.Очирболд тайлбарласан юм.
Монголын павильоны албан ёсны нээлтийн хүлээн авалт үзэсгэлэнгийн танхимаас хэдхэн алхмын зайд орших Serra dei Giardini хэмээх үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж уригдан ирсэн зочид нэгэн үдшийг эерэг уур амьсгал, урлагийн тухай халуун дулаан яриагаар дүүрэн өнгөрүүлсэн юм. Монгол улсаа олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” брэндийн дор зохиогдсон энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, БНИУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарета болон бусад хүндэт зочид гийчид хүрэлцэн ирж, Венецийн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн даяар цуурайтах морин хуурын аялгууг сонсохын сацуу уран барималч А.Очирболд болон Венецийн биеннальд оролцоход хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд халуун баяр хүргэж байлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт