Acne Studios, MM6 Maison Margiela, MSGM тэргүүтэй брэндүүд Монголд албан ёсоор нээгдлээ
Ono Multi-Brand Store-н нээлтийг дотроос нь харцгаая
Улаанбаатарчууд зуны амралт, аялал зугаалгаа өндөрлүүлж, ажил амьдрал буцалсан завгүй өдрүүддээ эргэн орохоор бэлтгэж буй эдгээр өдрүүдэд BURO.-гийн оффис нэгэн сонирхолтой урилгыг хүлээн авсан юм. Загасчны гэмээр загвартай цацагтай, сүлжмэл мөнгөлөг торонд дэлхийн загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлж буй орчин үеийн европ брэндүүдийн нэр, огноо болон байршлыг сийлсэн Рубикийн шоо, жимсгэнээр хандалсан ус, брэндүүдийн мэдээлэлтэй өдөр тутмын сонин зэрэг онц сонирхолтой эд зүйлс багтсан нь загварын салбарт нэгэн халуухан, цоо шинэ цэг нээгдсэнийг илтгэж байв. Бүр тодруулбал Acne Studios, Ami Paris, MM6 Maison Margiela, MSGM тэргүүтэй тансаг зэрэглэлийн брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буй Ono Multi-Brand дэлгүүр нээлтээ хийж трендээс ангид, cool атлаа загварлаг хувцаслах хүсэлтэй хүмүүсийн сонголтыг тэллээ.
Товлосон цаг, тогтсон байршлын дагуу их хотын зүрхэнд сүндэрлэх Шангри-Ла Моллын хоёрдугаар давхарт байрлах Ono Multi-Brand дэлгүүрийн шилэн хаалгаар ормогц харь гарагийн хөлөг дотор аль эсвэл уран зөгнөлт киноны зураг авалтын талбайд ороод ирэв үү гэмээр ер бусын интерьер угтан авах нь тэр. Улмаар хананаас тааз хүртлээ металлик, мөнгөлөг саарал гадаргуугаар бүрхэгдсэн дугуй хэлбэрийн орчинд нэвтэрмэгц тусгайлан зассан хэсэгт мэргэжлийн бартендерүүд хүн бүрийн хүссэн коктейлийг найруулан өгч, амтат уух зүйлсээр дайлан зочдыг эелдгээр угтан авсан юм. Дэлгүүрийн хананд брэндүүдийн сүүлийн үеийн цуглуулгыг танилцуулсан том дэлгэц байршуулсан нь худалдан авагчдад SS 2025 улирлын шинэ загварууд болоод тэдгээрийг хэрхэн загварчлах талаар сэдэл өгөх зорилготой аж. Арга хэмжээ эхлэхэд хүрэлцэн ирсэн зочид буйдан дээр тухлан оргилуун дарс шимэн жимс жимсгэнэ амтлангаа аминчхан яриа өрнүүлж, шинэхэн дэлгүүрийн концепцийг ерөнхийд нь тольдох боломж олдов. Анхны харцаар алдарт уран бүтээлч С.Заяасайханы хязгааргүй уран сэтгэмжээр бүтсэн хатны дүрстэй алтлаг уран баримал хамгийн түрүүнд нүдэнд тусна. Энэ нь дэлгүүрийн интерьерийг урлахдаа монгол хүний ур ухаан, оюун санааг магтан дуулж үндэснийхээ онцлогийг давхар шингээж өгөх чин хүслээс төрсөн сонголт болохыг Ono Multi-Brand дэлгүүрийн хамтран үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа тайлбарласан юм.
Цааш явмагц селфи хийх зориулалттай тусгай толь байршуулсан нь зочдын анхаарлыг ихээхэн татаж, улмаар тэд энэ бүхнийг бүтээсэн хатагтай Б.Дэлгэрмаад халуун баяр хүргэн хамтдаа селфи зураг татуулж байгаа харагдлаа. Гоо сайхан, хүнс, гадаад худалдаа, тавилга гэхчлэн бизнесийн олон салбарт манлайлж буй Үлэмж ХХК-р овоглодог тэрээр загварын ертөнц рүү ийнхүү эргэлт буцалтгүй орох анхны алхмаа хийсэн нь энэ аж. Ингэхдээ Б.Дэлгэрмаа дэлхийн загварын зах зээлд дахин давтагдашгүй дизайн, өөр өөрсдийн гэсэн онцгой гоо зүйгээрээ үнэнч шүтэн бишрэгчдийн армитай болж чадсан эрэгтэй, эмэгтэй хувцасны брэндүүдийг Монголд оруулж ирснээр загварын салбарт цэнгэг агаар мэт дутагдаад байсан цаг хугацаанд үл захирагдах контемпорари стиль, тэс ондоо мэдрэмжийг авчирлаа.
Тухайлбал скандинав тав тух болон максималист минимализм хэмээх шинэ гоо зүйг дэлгэрүүлсэн Шведийн алдарт Acne Studios; өдөөн хатгасан авангард хэв маяг, уламжлалт бус сэтгэлгээгээр загварын ертөнцийн дүрмийг өөрчилж буй Францын MM6 Maison Margiela; сонирхолтой принт, тод өнгө, орчин үеийн загвараар дамжуулан хөгжилдөж болохыг бидэнд сануулдаг Италийн MSGM; уран хийц болон сонгодог Парис стилийг хослуулсан Ami Paris. Мөн нарийн детальд төвлөрсөн контемпорари загваруудаараа алдаршиж буй Будапештаас гаралтай Nanushka болон эмэгтэйлэг силуэт, 1980-аад оны хэв маягийг магтан дуулдаг Данийн Rotate Birger Christensen. Өөрөөр хэлбэл Ono Multi-Brand Store яг одоо загварын ертөнцөд шуугиан тарьж, Холливүүдийн алдартнуудаас эхлээд street style одод хүртэл дурлаж буй олон улсын брэндүүдийг нэг дор төвлөрүүлсэн нь бидэнд дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаа юм.
Арга хэмжээнд уригдсан зочид дунд яг одоо It байгаа моделиуд, загварын хорхойтнууд, бизнес эрхлэгчид, инфлюенсерүүд гэхчлэн салбар, салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тэд амтат оргилуун дарс тамшаах зуураа шинэхэн загваруудыг сонирхож, өөрт таалагдсан зүйлсээ худалдан авч, халуун дулаан яриа өрнүүлж нэгэн үдшийг эерэг уур амьсгалаар цэнэглэгдэн өнгөрүүлсэн билээ.
Ono Multi-Brand Store
Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар
Instagram: @ono_multibrand_store