Boss брэндийн шинэчлэгдсэн дэлгүүрийн нээлтийн арга хэмжээ
#BeYourOwnBoss
Улаанбаатар хотод цас хаялж, хүйтний эрч огцом чангарахын өмнөхөн Сүхбаатарын талбайд корпкор стилиэр хувцасласан загварлаг залуусын цуваа хаашаа ч юм яаран алхах нь ойр орчимд онц сонирхолтой нэгэн үйл явдал болж байгааг илтгэнэ. Анхааралтай ажиглавал өөрсдийн гэсэн онцгой стильтэй тэдгээр ажил хэрэгч эрхмүүд Boss брэндийн шинэчлэгдэн нээгдэж буй дэлгүүрийн нээлтийг зорих аж. Одоогоос яг 100 жилийн өмнө байгуулагдсан Германы алдарт Boss брэндийн хувьд илүү дутуу зүйлгүй, энгийн хэр нь зоримог загварын шийдлүүдээрээ алдартай бөгөөд брэндийн энэ үзэл санаа нь арга хэмжээнд хөл тавьсан цагаас эхлэн мэдрэгдэж байв. Сэнтрал Тауэрын үүдээр нэвтэрмэгц барилгын нэг давхарт LED дэлгэцээр хана босгон үүн дээрээ брэндийг нэрийг гэрэлтүүлсэн онцгой нэгэн орон зайг үүсгэжээ. Улмаар хүрэлцэн ирсэн зочдыг брэндийн "дүрэмт хувцсаар" жигдэрсэн эелдэг залуус оргилуун дарс, нэрийн коктейль, хөнгөн зуушаар угтан авч, тэдэнд орчинтойгоо танилцах, нетворкинг хийх, тусгайлан зассан хэсэгт зургаа даруулах боломжийг олгож байв.
Шинэчлэгдсэн дэлгүүрийн босгыг давмагц энэ үдшийн "гол дүр" болох намар-өвөл 2024 цуглуулга хамгийн түрүүнд анхаарал татсан юм. #BeYourOwnBoss буюу “Өөрөө өөрийнхөө босс бай” гэх уриатай энэхүү цуглуулга нь карьер болон амьдралдаа эзэн болохыг, өөрийн гэсэн давтагдашгүй стилиэр дамжуулан өөрийгөө илэрхийлэхийг уриалахын сацуу өөртөө итгэх итгэл болон хүсэл тэмүүллийн ачаар амжилтад хүрдгийг сануулахыг зорьжээ. Яг энэ санааг супер модель Жизель Бундхен, хөл бөмбөгч Дэвид Бекхэм зэрэг салбар, салбарын домог болсон, өөрийгөө бүтээсэн эрхмүүд амжилтынхаа түүхээр үлгэрлэн төгс илэрхийлж чадсан учраас цуглуулгын нүүр царайгаар сонгогдсон нь дэлгүүрийн энд тэндгүй үзэгдэх сурталчилгаануудаас тодорч харагдаж байлаа. Шинэ цуглуулгад орчин үеийн силуэттэй хослолууд, олон давхарлах аргачлалаар загварчлах боломжтой хүрмүүд, сонгодог даашинз гэхчлэн загварын нарийн мэдрэмж, амжилт бүтээлийг өмнөөс тань илэрхийлж чадах он цагийн эрхэнд хуучиршгүй, төгс суулттай, корпкор стилийн загварууд багтсан байна.
Арга хэмжээнд ч мөн адил өөрийн гэсэн дүрмээр тоглодог, тухайн салбартаа амжилтад хүрсэн эрхмүүд уригдаж, шинэ цуглуулга болон шинэхэн дэлгүүртэй танилцсан юм. Тэдний дунд Boss брэндийн Зүүн Өмнөд Ази болон Ази Номхон Далайн бүсийг хариуцсан удирдах захирал Стивен Лам хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр “Арга хэмжээ эрч хүч, үзэсгэлэнтэй хүмүүсээр бялхаж байна. Монголд бизнесээ хөгжүүлэхэд Glamour LLC шиг түнштэй байгаа нь бидний хувьд үнэхээр азтай хэрэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн ноён Лам намар-өвлийн шинэ цуглуулгыг “Байгалийн өнгө болон материал давамгайлсан коллекци гэдгийг онцлохын сацуу Glamour LLC-ийн тусламжтай бүс нутагтаа танилцуулсан хамгийн том эмэгтэй цуглуулгуудын нэг хэмээн хуваалцсан билээ.
Энэ үдэш зочид сонгодог хөгжмийн аянд аминчхан яриа өрнүүлж, Man on the Moon болон дуучин Twinpearly нарын хамтарсан үзүүлбэрийг сонирхож, Born Retro төслийн дуучин Жожо болон дуучин Маралжингоо нарын уянгалаг хоолойнд уярч, DJ Zoksy, DJ Anu Dol болон DJ Una Bold нарын эрч хүчтэй хэмнэлээр цэнэглэгдэн, нэгэн үдшийг баялаг түүхтэй алдарт брэндийн ертөнцөөр аялан өнгөрүүлсэн юм. Түүнчлэн Porsche болон Boss брэндийн хамтарсан мерчүүд танилцуулагдаж, гадаа нь энэхүү хамтралд зориулан алдарт автомашины брэндийн домогт загваруудыг эгнээн зогсоосон нь арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүн бүрийн харцыг булааж байлаа.
Boss Mongolia
Хаяг: Сэнтрал Тауэр, 1 давхар
Утас: 7744-8888
Facebook: Glamour
Instagram: @glamour.ulaanbaatar
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт