Хайх

Dyrberg/Kern брэндийн шинэ нүүр царай: Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан

Dyrberg/Kern брэндийн шинэ нүүр царай: Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан

Бюро 24/7 ярилцлага

Text: Buro.Mongolia


Орчин үеийн, хүчирхэг, эрх чөлөөтэй, хөдөлмөрч эмэгтэйчүүдийг магтан дуулдаг Данийн алдарт Dyrberg/Kern брэнд Монгол бүсгүйчүүдийн сонголт болсон цагаасаа эхлэн бүтээлч төслүүд, шинэлэг дүр төрхүүдээр биднийг гайхшруулсаар байгаа. Энэ удаад тэд брэндийнхээ шинэ нүүр царайгаар Монголын шилдэг 20 групп компанийн нэг Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасанг сонгосон нь учиртай. Мянга гаруй ажилтантай, салбартаа тэргүүлэгч компанийг толгойлсон залуу удирдагч бүсгүй тус брэндийн мөн чанар, хараатай төгс нийцэх нь гарцаагүй.

Ярилцлагынхаа үеэр бид хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээгдэх технологи, эко дулааны цахилгаан станц зэрэг байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг үлгэр жишээ хэрэгжүүлж буй Монполимет Группийн талаар ярилцаж, эрчүүдийн ноёрхол тогтсон энэ салбарт эмэгтэй лидер байх тухай хэлэлцсэн юм. Мөн тэрээр зорилготой, үр нөлөөтэй амьдарна гэж юуг хэлэх, карьер ба гэр бүлээ хэрхэн тэнцвэртэй хослуулах талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг хуваалцлаа.

Карьер

Та өмнө нь Монгол Банк, Дэлхийн Банкинд ажиллаж байсан туршлагатай. Анх ажлын гараагаа хэрхэн эхэлж байв? Мөн банк, санхүүгийн салбараас хэрхэн уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын салбар луу орсон тухайгаа дэлгэж болох уу.

Макро эдийн засаг, санхүүгийн инженерээр АНУ-д бакалавр болон магистраа хамгаалаад анх Монгол Банкны Валютын газарт Монгол улсын төлбөрийн тэнцлийн тайланг гаргадаг байлаа. Улсын эдийн засгийн төлөв байдлыг энэ статистикаар шинжилдэг. Дараа нь АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн Банкны төв салбарт ажиллаж байгаад Монгол улсыг хариуцсан багт Монгол дахь салбар луу томилогдож ирсэн. Улс орнуудын эдийн засгийн уналт, сэргэлт дээр дүн шинжилгээ хийж байхад эдийн засгийн хараат бус байдал маш чухлыг ойлгосон. Надад үргэлжлээд олон улсын байгууллагуудад ажиллах сонголтууд байсан. Гэхдээ тухайн үед би ээжийнхээ байгуулсан энэ компанийг цаашид эдийн засгийн хувьд улам төрөлжүүлье, эдийн засгaa хараат бус тогтвортой замнал руу хүргэхэд хувь нэмрээ оруулъя гэсэн зорилгоор компанидаа орж ажиллан Монцемент төслийг удирдсан.

Монголд ер нь хүнд механизм, уул уурхайн салбарт удирдах албан тушаал эрхэлдэг эмэгтэй хүн хуруу дарам цөөн. Эрчүүд ноёрхдог энэ салбарт олон зуун хүнийг удирдаж ажиллана гэдэг мэдээж амаргүй байх. Ер нь энэ салбарт эмэгтэй хүн ажиллахад ямар саад бэрхшээл тулгардаг вэ? Та өөрийн удирдлагын арга барил ба туршлагаасаа хуваалцахгүй юу.

Мэдээж бэрхшээл, сорилтууд их тулгарна. Хөгжингүй орнуудаас хөгжлийн хувьд бид маш хойно явж байна. Гэсэн хэдий ч Монгол эмэгтэйчүүд харин ч шантардаггүй, тууштай, маш дайчин тэмцдэг юм шиг надад санагддаг. Ялангуяа манай уул уурхайн салбарын эмэгтэйчүүд дундаас ээж маань их бахархалтай ажил үйлсийг бодитоор бүтээн байгуулсан. Миний ээж геологийн инженер чиглэлээр сурсан, аж үйлдвэрийн гавьяат геологич хүн. Мэргэжлийнхээ дагуу Монполимет компанийг 1992 онд анх байгуулж байсан. Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг тэр дундаа эмэгтэй хүн чадварлагаар удирдаж илүү ухамсартайгаар, чин сэтгэлээр бусдадаа үлгэр жишээ болтол нь хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлсэн 26 жил өнгөрсөн байна. Бидний хийж бүтээсэн олон сайхан нөхөн сэргээлтийн ажлууд, үзүүлэн сургалтууд үлгэр жишээ болж, байгаль орчноо хэрхэн мэргэжлийн түвшинд хамгаалдаг вэ гэдгийг хамт олон маань бодитоор харуулж чадсан гэж боддог. Нөгөөтээгүүр манай компани жендерийн эрх тэгш байдлыг хангасан нь бас онцлууштай. Манай бүх төслүүд дээр энэ тал дээр удирдлагууд ач холбогдол өгч ажилладаг. Нэг үгээр бол Монголын эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг ямагт өндөр байдгийг харуулж чадсан нь бас нэгэн онцлог болж байна.

Dyrberg/Kern брэндийн шинэ нүүр царай: Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан (фото 1)

Монполимет Групп байгаль орчинд ээлтэй, өндөр чанарын цемент үйлдвэрлэдэг Монцемент үйлдвэрийг үүсгэн байгуулж, хаягдал хийг боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг эко дулааны цахилгаан станц ашиглалтад оруулсан гээд маш том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Ер нь зөвхөн уул уурхай төдийгүй, аж үйлдвэр ба бусад салбарт байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгддэг технологи ашиглах нь хөрөнгө оруулалтын хувьд яаж нөлөөлдөг вэ?

Бидний баримталж буй бодлого, алсын хараа, зорилго бол хамгийн нэгдүгээрт байгаль орчиндоо ээлтэй дэвшилтэт ноу хауг эх орондоо нутагшуулах, үйл ажиллагаандаа эко үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг үйлдвэрлэлтэйгээ хамт зэрэгцүүлэн авч явах явдал юм. Одоогоор манай хамт олон Монгол Улсын тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 18 жил дараалан шалгараад байна. Бид уул уурхайн ашиглалт явуулсан газрыг oйжуулж 80,000 гаруй мод тариалж, 4 хэсэг ойн төгөл бий болгожээ. Мөн Монголд анхны байнга сэлгэгдэх цэнгэг устай хиймэл нуур байгуулж одоо тэнд эко загасчлалын спорт хөгжүүлэх боломжтой байгууламжийг бий болгосон гэх мэт олон ажлуудыг дурдаж болно. Мэдээж энэ бүхэнд их хэмжээний хөрөнгө оруулалт жил бүр шаардагддаг ч хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт яахын аргагүй мөн.

Mонцемент үйлдвэрийн хувьд Европын орнуудад цөөхөн байдаг WHR систем буюу хаягдал халуун хийг дахин боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц байгуулсан. Энэ шийдэлд aнхны хөрөнгө оруулалтын хэмжээ хэдий өндөр байсан ч бид жинхэнэ утгаар нь ногоон үйлдвэрлэл бий болгохыг зорьсон юм. Мөн хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, говийн бүсийн цаг агаарын нөхцөлд тохирсон агаарын хөргөлтийн системтэйгээс гадна стандарт хэмжээнээс 5 дахин бага ус хэрэглэдэг, хэрэглэсэн усaa цэвэршүүлэн дахин ашигладаг зэрэг хамгийн орчин үеийн олон эко шийдлүүдийг тусгасан. Олон улсын шилдэг туршлагууд дээр тулгуурласан энэ төсөл маань Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Sustainability Award буюу Тогтвортой хөгжлийн шагналыг дэлхийн 200 гаруй төслүүдээс шалгаран авсан байдаг.

Монцемент төслийн санхүүжилтийг эдийн засгийн уналттай үед босгоход нэлээдгүй саад бэрхшээл тулгарч байсан байх?

Ам.долларын ханш 1400 төгрөгийн орчимд байхад анх төслийн ТЭЗҮ-г бэлтгэж, 10-20 янзаар боловсруулж байсан ч өнөөдрийн түвшин дэх шиг ийм огцом өөрчлөлтүүдийг хэн ч тооцоолох боломжгүй байсан. Монцемент төслийн нийт санхүүжилтийн 33%-г Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, харин 25%-г Монгол Улсын Хөгжлийн Банкны санхүүжилтээр шийдсэн байдаг. Хэдий эдийн засгийн уналттай хүнд нөхцөлд бүтээн байгуулалтын ажил маань хийгдсэн ч бид МУХБ-ны зээлийн эргэн төлөлтөө хуваарьт хугацаанаас нь өмнө буюу нийт дүнгээр 116 гаруй тэрбум төгрөгийг төлсөн байна.

Монголын уул уурхай, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн тодорхойлох вэ? Мөн энэ салбаруудыг тогтвортой хөгжүүлэхийн тулд яг юу хийх ёстой бол?

Манай улсын цөөхөн хүн ам ба хязгаарлагдмал зах зээл, мөн улирлын шинж чанартай нийлүүлэлт зэрэг нь хамгийн том сорилтууд. Гэсэн ч бид дотоодоосоо чанартай барилгын материалын нийлүүлэлттэй болж зах зээлийн хараат бус байдалтай болно гэдэг маш том амжилт. Эрчим хүч, дэд бүтэц, барилга зэрэг эдийн засгийн голлох үүрэг бүхий томоохон салбарууд дахь бүтээн байгуулалтыг цементгүйгээр төсөөлөх боломжгүй. Барилгын материалын талх болох цементийг стандартын дагуу чанартай үйлдвэрлэснээр бид нэгдүгээрт улс орны аюулгүй байдал, хоёрт барилга хотжилт гээд ирээдүйн томоохон хөгжилд нөлөөлнө. Алслагдсан аймгуудад тавигдах зам, гүүр, талбай гээд дахин шинэ хот байгуулах мега төслүүд дээр барилгын суурь бүтээгдэхүүн маань найдвартай байх хэрэгтэй. Энэ утгаараа Монцемент төслийн эдийн засгийн ач холбогдол маш өндөр.

Уул уурхайн салбарын өнөөгийн байдлын хувьд Монгол улсын эдийн засаг мэдээж энэ салбартай зайлшгүй холбоотой. Өндөр хөгжилтэй орнуудын хурдыг гүйцэхийн тулд бидэнд үсрэнгүй хөгжлийн арга зам хэрэгтэй. Үүний тулд бид уул уурхайгаа зөв ашиглах ёстой. Монполиметийн анхны байгуулсан уул уурхайн компани бол жишиг уул уурхайн төсөл бөгөөд бид өөрсдөө үлгэрлэн харуулахыг зорьж улсдаа нөхөн сэргээлтийн тэргүүлэгч байгууллага болж ирсэн нь ийм онцлогтой.

Dyrberg/Kern брэндийн шинэ нүүр царай: Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан (фото 2)

Хувь хүн ба гэр бүл

Харин одоо карьерын сэдвийг түр завсарлаад хувь хүний талаар ярилцъя. Та Данийн Dyrberg/Kern үнэт эдлэлийн брэндийн шинэ нүүр царайгаар тодорсон байгаа. Анх танд тус брэндээс санал тавихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Анх Dyrberg/Kern-ийн Монгол Японы салбарын захирал Халиун маань 30-40 насны ажил хэрэгч эмэгтэйчүүдийг брэндийн шинэ нүүр царайгаар хайж байна гэж ярьж байсан. Тэгээд намайг шалгарлаа гэхэд нь би маш их завгүй байдаг ч тус брэндийн зорилгыг мэддэг тул надад их бахархалтай санагдаж байсан. Dyrberg/Kern брэндийн урд жилүүдийн нүүр царайнуудaар Монголын маань хүчирхэг эмэгтэйчүүд шалгарч байсныг харж байсан. Тэгэхээр олон эмэгтэйчүүдийг өөрчилж, эмэгтэй хүний хүчирхэг байдлыг тодотгон гаргаж мөн хэт гял цал байдал гэхээсээ илүүтэйгээр бүсгүйчүүдийг загварлаг, илүү өөртөө итгэлтэй байлгах гол чанарыг гаргаж өгдөг нь надад таалагдсан.

Түр хугацаанд ч болов мэргэжлийнхээ чиглэлийг өөрчлөн зураг авалтад оролцож, дүр төрхөө шинэчлэхэд ямар санагдаж байв?

Өө их хэцүү юм билээ (Инээв). Өдөржин янз бүрийн хувцас өмсөж, дүр төрхөө хэд дахин солих, ондоо мэргэжлийн хүнд мэдээж сонирхолтой санагдсан. Энэ салбарын уран бүтээлчдийн хийдэг ажил, мэргэжил, хардаг өнцөг үнэхээр гайхалтай. Би ч өөрийгөө олон янзаар хувирч байгааг хараад их гайхсан. Мөн дүр төрхөндөө анхаардаг болдог юм шиг санагдсан шүү. Эмэгтэй хүн бүр ингэж зургаа авахуулбал сайхан. Миний хувьд алдарт эх болсон хойноо модель болно гэж огт бодсонгүй (Инээв).

Бизнесийн салбарт амжилтанд хүрсэн залуу эмэгтэйн нэг өдөр хэрхэн өнгөрдөг нь манай уншигчдад сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.

Ажлын өдрүүдэд бол эрт босоод хамгийн түрүүнд дасгалаа дараа нь багахан хэмжээний иог, бясалгал хийдэг. Зөв амьдарна гэдэг нь миний хувьд зөвхөн карьерын амжилт биш эрүүл мэнд, гоо сайхан, найз нөхөд, гэр бүл гээд маш олон зүйлээс бүрддэг. Дасгалын хувьд фитнесс, кроссфит, бодибилдинг зэргээс гадна аэробик, иог, балет, цэнгээнт бүжгийн мэдрэмжийг авч, эмэгтэйлэг байдлаа гээхгүй явахыг хичээдэг. Спортын хувьд би кикбоксоор хичээллээд удаж байна. Энэ спортоос хурд, тэсвэр хатуужил, хөдөлгөөний эвсэл сурдаг. Хооллолтын хувьд уураг, нүүрс ус хоёроо аль болох тааруулж хэрэглэхийг хичээдэг. Манайх оффистоо ProFit Gym гээд фитнесс төв нээсэн. Ажиллагсдадаа өглөө эрт эсвэл цайны цагаараа фитнессээр хичээллэхийг уриалдаг. Харин оройдоо хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ ном уншиж харилцан ярилцан үдшийг өнгөрөөх дуртай. Бага насны хүүхдүүд мөн тэжээвэр амьтад ихтэй манайх яг л амьтны хүрээлэн шиг байдаг гэх үү дээ (Инээв). Амралтын өдрүүдээр аль болох агаар салхинд гарч ууланд авирах дуртай.

Та хүүхдүүдээ яаж өсгөн хүмүүжүүлэхийг хүсдэг вэ? 

Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэгт би бат итгэдэг. Би өөрөө ч тэгж өссөн. Ээж маань олон сарын хугацаатай геологийн экспедицэд явчихдаг байсан тул би багадаа дүүгээ асарч өсгөсөн. Аав маань сургуулийн захирал, математикийн багш байсан учраас би онц сурахгүй бол болохгүй байв. Айлын том охин гэрийн эзэн болж үлдээд гэр орноо цэвэрлэх, өвчтэй дүүгээ асрах, хоолоо хийх гэх мэт арын албаа авч явах зайлшгүй шаардлагатай байсан. Дээр нь сургалт дугуйланд явж, ятга, ёочин дарна, бүжиглэнэ гээд завгүй. Тухайн үед боловсрол жигд олгогддог байсан юм шиг санагддаг. Урлагт, тоонд, хэл, түүх, шинжлэх ухаанд ч дуртай болж өсдөг. 1980-аад оны үед өсөж, өндийсөн учраас тэр үеийн амьдралын бэрхшээлүүд бидний өнөөдрийн сэтгэлийн хат, сорилт туулах чадварт нөлөөлсөн юм болов уу. Тиймээс би хүүхдүүдээ аль болох хөдөлмөрөөр өсгөхийг боддог. Мөн төрөл бүрийн дугуйлан сургалтуудад хамруулахыг хичээж, авьяасыг нь илрүүлэхийг зорьдог. Гэхдээ заавал чи ийм болох ёстой, тийм байх ёстой гэж хүчлэлгүй аль болох боломжийг нь нээж өгөхийг хүсдэг. Ирээдүйд техник технологийн хурдацтай хөгжил, тэр дундаа блокчэйн, хиймэл оюун ухааны хөгжил маш их өөрчлөлт авчирч, эрчээ авахаар байна. Энэ нь бидний хүүхдүүдийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ гэдэг дээр их юм бодогдуулж байна.

Та хэрхэн карьер ба гэр бүлийн амьдралаа тэнцвэртэй хослуулж, бүх зүйлийг амжуулдаг вэ? Энэ тал дээр эмэгтэй хүнээс илүү их хичээл зүтгэл шаардагддаг гэж ихэнх хүмүүс үздэг шүү дээ. Та үүнтэй санал нэг байна уу?

Бид цагийн менежментийг маш сайн эзэмшиж сурах хэрэгтэй. Өдөрт ердөө л 24 цаг байдаг учраас хэдэн цагт нь үр хүүхдээ гэх үү, хэдэн цагт нь ажлаа, хэдэн цагт нь ирээдүйгээ төлөвлөх үү гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Ажил дээр баг хамт олноор ажиллахаас өөр аргагүй. Салбар компаниудын захирал менежерүүдээ "delegate" хийнэ. Үүний тулд тэднийг дэмжиж, чадавхыг нь хөгжүүлэх чухал. Харин гэртээ бол том хүүхдүүдээ бага дүү нараа харж өсгөхөд нь сурган, хариуцлагатай байлгадаг. Болж өгвөл ажлуудаа өдөр, сараар нь төлөвлөсөн байхыг хичээдэг. Мэдээж юм болгон санаснаар болохгүй. Үнэндээ тэнцвэртэй хослуулна гэдэг ойлголт яг юуг хэлээд байгаа, миний хувьд бол огт байж боломгүй мэт санагддаг. Яагаад гэвэл эмэгтэй хүний хувьд бага насны хүүхдүүддээ анхаарлаа хандуулах цаг мэдээж хамгийн чухал.

Эмэгтэй хүн боловсрол эзэмшиж, карьераа хөөж, өөрийгөө хөгжүүлэх эсвэл гэр бүлтэй болох гэсэн хоёр сонголтоос аль нэгийг нь хийх шаардлагатай болж байгаа мэт. Та Харвардын бизнесийн сургууль, Жорж Вашингтоны их сургууль, Сан-Францискогийн их сургуульд боловсрол эзэмшиж, бизнесийн салбарт амжилттай карьер бүтээсэн хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

Амьдралд хүний хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Ялангуяа залуу насанд амжуулах зүйл маш олон. Залуу байхад эхлээд мэргэжил эзэмшинэ, дараа нь амьдралаа зохионо гэдэг ч юм уу, хувийн зорилго байдаг шүү дээ. Мэдээж сургуулиа төгсөх явцад надад зөвхөн хичээлдээ анхаарах л цаг зав байсан. Ихэвчлэн шалгалт, шүүлэг, ажлын боломж судалж явсан учраас тэр үе их завгүй өнгөрдөг. Сургууль соёлоо төгсчхөөд, ажил төрөлтэй болсныхоо дараа хүн амьдралаа дүгнэх үе ирдэг. Заавал гэр бүл эсвэл карьер гэх албагүй. Амьдралаа зөв төлөвлөж, биеэ авч явах чадвартай, карьертай, боловсролтой болох нь чухал. Ямар ч үед хүчирхэг хэвээрээ л байх ёстой. Хүн мэдээж мэдлэг, боловсролтой, өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг байхаас гадна хүн чанар, сайхан сэтгэлээ ямар ч бэрхшээл тохиолдсон гээхгүй харин голч болгож явж чадвал амьдрал яваандаа тэгшрээд ирдэг юм шиг санагддаг.

Амжилтад хүрсэн нөлөө бүхий эрхмүүдэд өөрийн гэсэн амжилтын томьёо байдаг шүү дээ. Харин таны хувьд амжилт гэж юу вэ?

Ээжтэйгээ хамт би "Мөнх Тогтвортой хөгжил" хэмээх хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлсийн санг байгуулсан. Одоогоор гэр хорооллын гурван цэцэрлэгт 200 гаруй хүүхэд шинээр хүлээн авах өргөтгөл, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтанд оруулсан байгаа. Мөн үйл ажиллагаа явуулдаг бүс нутгууддaa ард иргэдийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийг зорьж ажилладаг. Жишээ нь Дорноговь аймгийн Өргөн суманд төмөр замын өртөө барьж, 1000 хүн амьдрах иж бүрэн хотхон байгуулж өгсөн бол Төв аймгийн Заамар, Дашинчилэн, Булган аймгийн Бүрэгхангай сумдад жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж ахуй үйлчилгээний төв, бага сургууль, ордон барьж байгуулж хандивлаад байна. Энэхүү сангаа цаашид илүү өргөн цар хүрээтэй, боловсрол эрүүл мэнд рүү чиглэсэн филантроп сан болгохыг мөрөөддөг. Хөрөнгө мөнгө бол хүний эцсийн зорилго биш юм. Нийгэмдээ үлдээх эерэг өөрчлөлт, үр нөлөө бол хүний хамгийн том амжилт гэж би боддог.

Dyrberg/Kern брэндийн шинэ нүүр царай: Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан (фото 3)

Загвар ба гоо сайхан

Та түрүүн спортоор хичээллэх дуртай гэж хэлсэн шүү дээ. Нэгэн үетэй харьцуулахад өнөөдөр хүмүүс фитнессээр хичээллэж, эрүүл хооллон ерөнхийдөө эрүүл амьдралын хэв маяг баримталдаг болжээ. Та эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхийн тулд өөр юу хийдэг вэ?

Мэдээж эрүүл хооллолт, дасгал сургуулилт хийх, эрүүл чийрэг байх, агаар салхинд ойр, ойрхон гарахыг боддог. Нэгэнт бий болчихсон нөхцөл байдалд эмэгтэйчүүд маань аль болох тайван, оюун санааны хувьд стрессгүй амар амгалан хандаж, сэтгэл зүй дотроо зөв, эерэг байхад бясалгал их хэрэгтэй юм шиг санагддаг. Өдөрт ердөө л 20-хон минут утсаа таг унтраагаад нүдээ аниад бясалгахад өөрийгөө дахин шинэчилж байгаатай адилхан үр дүнтэй мэт санагддаг. Их стресддэг ээжүүд маань ялангуяа энэ боломжийг өөртөө заавал олгож байх хэрэгтэй.

Харин гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ? Жишээ нь арьс арчилгааны нууцаасаа хуваалцаж болох уу?

Агаарын бохирдолд байгаа нөхцөлд детокс сайн хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Үүнд миний хувьд долоо хоногт ядаж нэг удаа дотор цэвэрлэгээ, арьсны гуужуулалт хийж, мөн дасгалын тусламжтай аль болох хөлөрч хүнд металлуудын хорыг гадагшлуулах нь чухал. Бүтээгдэхүүний хувьд би Emma салоны Alcotherm-ийг хэрэглэдэг. Монголчуудын эмзэгшилтэй арьсанд их тохирдог. Ер нь арьсны хэт эмзэгшлийг бууруулдаг бүтээгдэхүүн манайд илүү тохиромжтой байдаг. Хатуу ширүүн уур амьсгалтай асар их хуурайшилттай оронд ажиллаж амьдардаг манай бүсгүйчүүд арьсандаа харин ч сайн арчилгаатай ханддаг шиг санагддаг шүү.

Бид ярилцсан хүмүүсээсээ унших дуртай номыг нь заавал асуудаг уламжлалтай. Та манай уншигчдад зориулан өөрийн дуртай номуудаа санал болгохгүй юу.

Миний уншдаг номууд ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь мэргэжлийн онцлогтой холбоотой инноваци, бизнесийн стратеги гэх мэт сэдвүүдийн тухай уншдаг бол хувийн амьдралынхаа чиглэлээр, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд орчин үеийн гарч буй сорилтуудыг хэрхэн зөв удирдах уу, эрүүл мэнддээ, зан үйлдээ юуг анхаарах уу гэх мэт сэдвүүдээр уншдаг. Байнга ном унших зав бага тул Kindle дээрээ гялс абстрактууд голдуу уншчихдаг. Мөн машины түгжрэл дунд аудио хэлбэрээр сонсоод явна. Хамгийн сүүлд Италийн хөгжмийн удирдаач Talgam-н бичсэн "The Ignorant Maestro"гээд манлайллын тухай ном уншсан юм байна. Харвардын бизнесийн сургуулийн Профессор Гухан Субраманианы бичсэн "Dealmaking" гээд ном их таалагдсан. Түүхийн тухай бас унших дуртай. Жек Уэдерфордын "The Secret History of the Mongol Queens" гээд ном их таалагдсан. Гадны архивуудаас манай эртний хатдын тухай судалгаа хийж, цуглуулсан түүхэн баримтууд дээр тулгуурлан Монгол хатдын баатарлаг түүхүүдийн тухай өгүүлсэн байдаг. Жек Монголоос өөр олон орны түүхийг судалсан хэрнээ Монголын түүхийг бишрэн шүтсэн хүн байсан. Тэрээр хэлэхдээ, "Би дараа насандаа Монгол хүн болж төрмөөр байна" гэхэд нь нэг их гайхаагүй шүү (Инээв).

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх