Хайх

Дюкан, детокс ба цусны бүлэгт нийцсэн дэглэмүүд: Мэргэжилтнүүдийн дүгнэлт

Дюкан, детокс ба цусны бүлэгт нийцсэн дэглэмүүд: Мэргэжилтнүүдийн дүгнэлт

Түгээмэл атлаа эргэлзээтэй дэглэмүүдийн талаар мэргэжилтнүүд ярьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид олны дунд алдартай дэглэмүүдийн аль нь хамгийн үр дүнтэй, мөн аль нь эрүүл мэндэд аюултай болохыг мэргэжилтнүүдээс асууж тодрууллаа.

Шүлтлэг дэглэм

Шүлтлэг дэглэм нь маш их хэмжээний жимс, ногоо бүхэл үр, шошны төрлийн хүнс хэрэглэснээр бие организмыг шүлтжүүлэх зорилготой гэгддэг. Эдгээр хүнс нь коллаген ялгаруулах үйл явцыг удаашруулдаг хүчиллэг орчинг саармагжуулдаг юм. Коллаген нь арьсны гоо сайхны үндэс болоод зогсохгүй ерөнхийдөө бодисын солилцоог хэвийн явуулахад тусалдаг нэн чухал үүрэгтэй уураг гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Шүлтлэг дэглэмийг Виктория Бекхэм, Жизель Бюндхен, Эль Макферсон болон бусад одууд баримталдаг билээ.

"Уг дэглэм нь хүчиллэг ба шүлтлэг хүнсний тэнцвэртэй хэрэглээнд суурилдаг. Эхнийх нь буюу хүчиллэг хүнс нь уургийн бүлэгт хамрагдах бөгөөд маш их хэмжээний ходоодны хүчил ялгаруулдаг тул хүний биед муу нөлөө үзүүлнэ. Энэ нь мөн илүүдэл инсулин ялгаруулснаар жин нэмэх шалтгаан болж өгдөг. Харин хоёр дахь нь буюу ургамлын гаралтай шүлтлэг хүнс нь илүүдэл хүчлийг саармагжуулж, бие организмыг уураг ихтэй хүнснээс илүү их шим тэжээл авахад нөлөөлдөг. Тиймээс уг дэглэмийг барьж буй хүмүүс 30%-д нь хүчил ялгаруулдаг хүнс харин 70%-д нь шүлтлэг хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Дюкан, детокс ба цусны бүлэгт нийцсэн дэглэмүүд: Мэргэжилтнүүдийн дүгнэлт (фото 1)

"pH хэмжүүр нь хүчил-шүлтийн тэнцвэрийг харуулдаг бөгөөд бие махбодь ба эрүүл мэндийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Бие махбодын бүх системийг хэвийн явуулахын тулд pH түвшинг тодорхой хэмжээнд барих хэрэгтэй байдаг. Гэхдээ pH тэнцвэрийг тийм ч амархан алдагдуулах боломжгүй. Тэр тусмаа хоол хүнсний нөлөөгөөр pH алдагдана гэж бараг л үгүй" гэж эрүүл, зөв хооллолтын Ideal Day төслийн үүсгэн байгуулагч Анна Козырева ярьж байна.

"Хоолны дэглэмдээ эслэг ихтэй их хэмжээний жимс ногоо оруулснаар зүрх судасны өвчнөөс сэргийлж, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, бие организмоос хорт бодисыг гадагшлуулах боломжтой. Эдгээр хүнс нь илчлэг багатай тул их хэмжээгээр идэж болох давуу талтай. Гэсэн хэдий ч мах, загас, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаснаар уураг, ханаагүй тосны хүчил, B бүлгийн аминдэмийн дутагдалд орох магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн булчингийн масс алдагдаж, мэдрэлийн систем өвчилж ч мэднэ. Энэхүү дэглэмийг үнэнч баримтлах биш, харин үндсэн концепцоос нь санаа авч, хоол хүнсэндээ илүү их жимс ногоо нэмэх зорилгоор ашиглаж болох юм" гэж GrinDin компанийн хоолны мэргэжилтэн Татьяна Залетова хэлж байна.

Дюканы дэглэм

Дэлхий даяар алдартай Дюканы дэглэмийг хамгийн анх 2000 онд Пьер Дюкан гэх эмч нийтэлж байжээ. Энэхүү дэглэмд 100 гаруй зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүн ордог. Жишээ нь загас, мах, далайн гаралтай хүнс, ургамлын гаралтай уураг, тослоггүй сүүн бүтээгдэхүүн гэх зэрэг 72 төрлийн цэвэр уургийн гаралтай хүнс мөн 28 төрлийн ногоо багтдаг юм.

Дюкан, детокс ба цусны бүлэгт нийцсэн дэглэмүүд: Мэргэжилтнүүдийн дүгнэлт (фото 2)

"Энэхүү дэглэмийн давуу тал нь бага хэмжээгээр олон удаа хооллоход оршдог тул энэ нь бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг. Үүнээс гадна Дюканы дэглэм дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг нь маш том давуу тал. Гэвч хэт их хэмжээний уураг хэрэглэх нь тулай өвчин үүсгэж эсвэл уг өвчнийг хүндрүүлж, гэдэсний түгжрэл үүсгэж, бөөрийг өвчлүүлэх магадлалтай. Мөн уг дэглэмийн үеэр хүнсэндээ парафин ашиглах тухай заасан байдаг нь бага зэрэг эрсдэлтэй. Учир нь энэхүү тос нь аминдэмийн дутагдалд оруулж, ходоодны эмгэгтэй болгох аюултай юм" гэж анагаах ухааны дэд эрдэмтэн, хоолны мэргэжилтэн ба эмч, "Здоровье и спорт" студийн шинжлэх ухааны зөвлөх Екатерина Бурляева мэдэгдлээ.

"Бие организм дахь өөх тосны ач холбогдлын тухай яриа хэзээ ч дуусашгүй. Холестерин бидний бие махбодод маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Холестерин эсийн бүрхүүлийн бүтцэд ордог бөгөөд ингэснээр эс хуваагдах үйл явцад оролцдог юм. Тиймээс холестерингүй дэглэм нь эрт цэвэршилт явагдах шалтгаан болдог байна. Өөх тос хүний өдрийн хоол хүнсний 20%-ийг бүрдүүлж байх ёстой. Түүгээр ч барахгүй А болон E аминдэмүүд тосонд уусамтгай байдаг. Бас нэг чухал зүйлийг онцлоход нүүрс ус бидний биед бүхэл өдрийн турш эрч хүчийг өгдөг. Нүүрс ус мөн дархлааны системийг дэмжиж, нүдний харааг хамгаалж, бие махбодын өсөлт ба хөгжилд дэмжлэг үзүүлдэг юм. Нүүрс ус бие организм дотор ороод энерги үүсгэдэг глюкоз болон хувирдаг учир нүүрс ус хангалтгүй байх нөхцөлд хүний бие өөх тосыг ашиглаж эхэлнэ. Дюканы дэглэмийн үеэр нүүрс ус бараг хэрэглэдэггүй тул бие организм энергийн дутагдалд ордог. Үүнтэй холбогдуулан тархины үйл ажиллагаа ч бас сулардаг байна. Ингэснээр ой тогтоолт муудаж, төвлөрөх чадвар суларснаар суралцах чадвар буурна. Удаан хугацааны турш нүүрс усны дутагдалд орсноор саа өвчин болон татаж унадаг өвчтэй болох магадлал нэмэгдэх аюултай юм шүү" гэж Анна Козырева хэлжээ.

Нимбэгний шүүсний дэглэм

Энэхүү дэглэмийг 1940-өөд оны үед Стэнли Берроуз гэх эмийн бус ургамлын аргаар эмчилгээ хийдэг Америкийн иргэн зохиосон байна. Харин уг дэглэм нь дуучин Бейонсегийн ачаар орчин үед алдартай болсон юм. Тус хоолны системийн гол утга учир нь 10 хоногийн турш хийжүүлээгүй ус, элсэн чихэргүй ургамлын цай болон шинэхэн шахсан нимбэгний шүүс, агч модны сироп болон улаан чинжүүгээр хийсэн тусгай ундааг уухад оршино. Мөн өглөө давстай ус харин унтахаасаа өмнө туулгах эм уудаг байна.

Дюкан, детокс ба цусны бүлэгт нийцсэн дэглэмүүд: Мэргэжилтнүүдийн дүгнэлт (фото 3)

"Энэ дэглэм маш аюултай байх магадлалтай. Ялангуяа ходоодны өвчтэй хүнд бүр ч аюултай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллэснээр 30-аас дээш насны хүмүүсийн 60% нь ходоодны салст бүрхэвчийн үрэвсэлтэй (гастрит) байдаг гэсэн судалгаа бий. Ингээд ч зогсохгүй өлсгөлөн үедээ туулгах нөлөөтэй цай уух нь шингэний дутагдалд оруулж, амин чухал давсаа алдахад хүргэдэг. Бас хэд хоногийн дараа илүүдэл жин буцаад л ирнэ. Тэр ч бүү хэл энэ үйл явц асар хурдан явагдана" гэж Ideal Day төслийн үүсгэн байгуулагч ярьж байна.

"Уг дэглэмийг хийх үед таны хасаж буй жингийн ихэнх хувийг булчин эзэлнэ. Уураг авахгүйгээр бие организмд шинэчлэлт явагдахгүй. Түүнчлэн дархлааны системд ч муугаар нөлөөлж болзошгүй. Зөвхөн энгийн нүүрс ус авснаар хүн байнгын өлсгөлөн мэдрэмжтэй явах бөгөөд энэ нь уг дэглэмийг маш хэцүү болгож байгаа юм" гэж GrinDin компанийн хоолны мэргэжилтэн онцоллоо.

Цусны бүлэгт нийцсэн хоолны дэглэм

Хүн зөвхөн өөрийн цусны бүлэгт тохирсон хоол идэхэд энэхүү дэглэмийн гол утга учир оршиж байгаа юм. Гэхдээ энэ дэглэм нь мэргэжилтнүүдийн хувьд нэлээд эргэлзээтэй байдаг. Учир нь тус дэглэм цусны резус фактор болон хувь хүний тодорхой бүтээгдэхүүнийг хүлээн авах чадварыг тооцоолдоггүй юм.

Дюкан, детокс ба цусны бүлэгт нийцсэн дэглэмүүд: Мэргэжилтнүүдийн дүгнэлт (фото 4)

"Энэ бол хүн тус бүрд өөр үр дүн үзүүлдэг маш онцгой дэглэмүүдийн нэг. Зарим хүмүүс энэ дэглэмийг хэрэгжүүлснээр жин хасаж, биеийн байдал нь сайжирдаг бол өөр бүлэг хүмүүс уг дэглэмээс ямар ч нөлөө олж хардаггүй. Та энэ системээр жин хасахыг хүсэж байгаа бол маш тэнцвэртэй хооллохыг хичээх хэрэгтэй. Учир нь цусны бүлэгт тохирсон дэглэмд маш олон хүнсний бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн байдаг" гэж Just for You компанийн хоолны мэргэжилтэн Ольга Пашкова зөвлөж байна.

Харин "Здоровье и спорт" студийн шинжлэх ухааны зөвлөх энэ дэглэм ямар нэг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзжээ.

Детокс дэглэм

Жимс ба ногоогоор хийсэн смутиний дэглэм нь сүүлийн жилүүдэд маш түгээмэл бөгөөд эрэлттэй болоод байгаа. Энэхүү смути нь бие организмыг цэвэрлэж, илүүдэл жингээс салгаж, дархлаа сайжруулдаг гэж үздэг. Уг дэглэмийн гол зорилго нь гурав хоногийн турш зөвхөн шингэнээр хооллоход орших юм.

Дюкан, детокс ба цусны бүлэгт нийцсэн дэглэмүүд: Мэргэжилтнүүдийн дүгнэлт (фото 5)

"Анагаах ухааны талаас харвал хорт бодисоос ангижрахын тулд ус сайн ууж, түргэн хоол идэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд эслэг агуулдаг хатуу хоолноос татгалзаж болохгүй. Хүний бие организм шаардлагатай элементүүдийг цогцоор нь авч байх ёстой. Шүүсэн дэглэмүүд маш хүчтэй шээс хөөдөг үйлчилгээтэй тул шээс ялгаруулах эрхтний эмгэгтэй, бөөрний өвчтэй, бүдүүн гэдэсний үрэвсэл болон ходоодны эмгэгтэй хүмүүст аюултай. Мөн зүрх судасны өвчтэй хүмүүсийн бие организм дахь шингэн саатах хандлагатай байдаг тул болгоомжтой байх хэрэгтэй. Детокс дэглэмийг зөвхөн нэг өдөр л хийж болно" гэж Анна Козырева тайлбарлалаа.

 

цааш үзэх