Хайх

Z үеийнхэн эрт тэтгэвэрт гарахыг илүүд үзэж байна: Яагаад?

Z үеийнхэн эрт тэтгэвэрт гарахыг илүүд үзэж байна: Яагаад?

Text: Buro.Mongolia


Миллениалуудын дараагийн эрин үе болох Z үеийнхэн саяхан л хамгийн сүүлийн үеийн залуус хэмээгдэж байсан ч тэдний төлөөлөл аль хэдийн 26 насны босгон дээр иржээ. Залуусын ихэнх нь их сургуулиа төгсөж, ажлын байран дээр гарж, зарим нэг нь тэр ч бүү хэл гэр бүл зохиогоод амжсан байна. Бусад үеийнхэнтэйгээ харьцуулахад эрх мэдэл, амжилтын үнэ цэнийг эрхэм зүйлээ болгож амьдардаг Z үеийнхэн ажлын талбарт гарахын хэрээр тус бүлгийн орлого хурдацтай нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, 2030 он гэхэд Z үеийнхний орлого 33 их наяд ам.долларт хүрч, 2031 он гэхэд миллениалуудын нэг жилийн орлогоос давах төлөв гарчээ. Тэр хэрээрээ залуус эрт тэтгэвэрт гарахыг эрмэлзэж, өөрсдийн санхүүгийн ирээдүйг өмнөх үеийнхнээсээ өөр амьдралын хэв маягаар бүтээхийг зорьж байна.

Z үеийнхэн эрт тэтгэвэрт гарахыг илүүд үзэж байна: Яагаад? (фото 1)

Z үеийнхэн өөрсдийн эцэг эх, ах эгч гэхчлэн дээд үеийнхнийхээ санхүүгийн хямралыг даван туулж байгааг нүдээрээ харж өссөн учир эдийн засгийн эрсдэлийн талаар тодорхой мэдлэгтэй болжээ. Тиймээс тэдний сэтгэлийг зовоож байгаа томоохон зүйл бол эдийн засгийн тодорхойгүй, тогтворгүй байдал тул цалингаас цалингийн хооронд амьдарч, эцэст нь тэтгэврээ тогтоолгодог хэвшмэл системээс тэд ангижрахыг хүсэж байна.

Хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдэд санхүүгийн боловсрол олгодог ашгийн бус байгууллага болох CFA хүрээлэнгийн зүгээс Z үеийн 18-25 нас хүртэлх залуусыг хамруулсан судалгаанд тэдний талаас илүү хувь нь зөвхөн хүссэн цагтаа тэтгэвэрт гарахын тулд хөрөнгө оруулалтын зах зээлийг судалдаг хэмээн хариулжээ. Цаашлаад цалин орлогоо зөв зохистой хуваарилах, эдийн засгийн үр өгөөжийг тооцон хуримтлал үүсгэх, гарааны бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийх зэргээр боломжит гарцуудыг хайдаг гэдгээ хуваалцсан байна. Судалгаанд оролцсон нийт залуусын 50-иас илүү хувь нь хөрөнгө оруулалт хийдэг бол америкчуудын 82% нь 21 нас хүрэхээсээ өмнө хувьцаа, бондын талаар судалж, хөрөнгө оруулалтын салбарт орж эхэлсэн гэжээ. Тус үзүүлэлт нь Х үеийнхнээс 14%, шинэ мянганыхнаас 32%-иар өндөр байгааг CFA хүрээлэнгийн 2018 онд хийсэн судалгаанаас харах боломжтой. Гэвч санхүүгийн шинжээчдийн зүгээс Z үеийнхэн эрт тэтгэвэрт гарахын тулд доод тал нь 20 жилийн хугацаанд 3 сая ам.доллар хуримтлуулсан байх шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ нь нэлээн өндөр үзүүлэлт юм.

Z үеийнхэн эрт тэтгэвэрт гарахыг илүүд үзэж байна: Яагаад? (фото 2)
Z үеийнхэн эрт тэтгэвэрт гарахыг илүүд үзэж байна: Яагаад? (фото 3)

Мөн “Transamerica” тэтгэвэр судалгааны төвөөс Z үеийнхнийг хамруулсан судалгаанд залуусын 66% нь сар бүр орлогынхоо 20%-иас хуримтлал үүсгэдэг гэж хариулжээ. Энэ нь өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хоёр дахин өндөр тоон үзүүлэлт юм.

Үүнээс харахад үе үеийн санхүүгийн тодорхойгүй нөхцөл байдал, гэнэтийн хямрал Z үеийнхний хөрөнгө оруулалтын ертөнцөд орох хүсэл эрмэлзлийг төрүүлж, хэрэгцээгээ зөв зохистой хянахад сургажээ. Залуучуудыг зовоож болох олон бэрхшээл, алдаатай алхмууд байгаа хэдий ч тэд санхүүгийн хувьд ухаалаг болон төлөвшиж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх