Хайх

Бюро 24/7 ярилцлага: Продюсер Т.Нансалмаа, \"Тэд хэзээ ч ингэж нэгдэж байсангүй\"

Бюро 24/7 ярилцлага: Продюсер Т.Нансалмаа, "Тэд хэзээ ч ингэж нэгдэж байсангүй"

Загвар, урлаг, хүмүүсийн тухай яриа

Text: Ж.Чинбат


On'n Off продакшны гүйцэтгэх захирал, Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн шүүгч Т.Нансалмаатай Монголын шоу бизнес, загварын ертөнц, урлаг соёл болон түүний хувийн амьдрал, карьерын тухай ярилцаж, түүнээс хүчирхэг эрчүүд, хүүхэд хүмүүжүүлэх зарчим болоод эмэгтэй хүний хамгийн үнэт зүйл гэж юу болохыг асуулаа

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг хийгдэх болсон тухай анхны мэдээ гарах үед хүмүүст маш олон сонирхолтой асуулт төрсөн билээ. Одоо харин нэвтрүүлгийн (цаашид MNTM гэх) эхний улирлаас арваннэгэн дугаар үзэгчдийн хүртээл болсон тул олон нийтийн дунд таавар болсон олон зүйлийг бид тоймлох боломжтой. Хүмүүс анх MNTM-ын талаар юу төсөөлж байсан билээ? М.Анхбаяр, Ю.Балжидмаа, Т.Номин-Эрдэнэ, Э.Оюунбилэг, Б.Цэрэндолгор, зэрэг 1-5 жил загварын карьер хийсэн оролцогчид хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр тодорно гэж тааварласан гэж үү? Тэдэнтэй хамт Г.Ижилцэцэг, Б.Ану-Үжин, Ш.Мандхай, Т.Сарангэрэл, Б.Бат-Оюун зэрэг шинэ нэрс гарч ирнэ гэж хэн ч таамаглаагүй билээ. Анх 220 охин бүртгүүлснээс гурван удаагийн шалгаруулалтаар 22 охин үлдэж нэвтрүүлгийн нээлтэнд гарч ирсэн.

CBS Studios International компаниас зөвлөх продюсероор ирсэн Марти Рэдмэн "Britain's Nex Top Model-ын туршлагаас харахад ялагчийг урьдчилан таамаглах боломжгүй, бүх зүйл маш гэнэтийн байдаг. Үүгээрээ л нэвтрүүлэг их сонирхолтой" гэж хэлсэн. Энэ хэвлэлийн багa хурал дээр нэвтрүүлгийн шүүгчид албан ёсоор олон нийтийн өмнө гарч ирсэн юм. Тэгэхэд шүүгч Т.Нансалмаа "Загварын салбарт гарч ирэх гэж буй шинэ дүр төрхийг Монголын дизайнерууд, дэлхийн брэндүүдийг монголд оруулж ирдэг компаниуд, бизнесийн байгууллагууд бүгдээрээ анхааралтай ажиглаж харна гэдэгт итгэлтэй байна" хэмээн маш ажил хэрэгч эхлэл санал болгосон юм.

Үүнээс хойш багцлаад харвал үнэхээр Монголын загварын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс MNTM тэмцээн хийгдэх хугацаанд нэг зорилгын төлөө цугларч, ямар нэгэн байдлаар өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Та бүхэн шүүгчдийн хувцаслалтаас болон үндсэн зураг авалт, сорилуудаас Tsolo Munkh, Monalun, Michel & Amazonka, 93//KiDULT брэндийн загваруудыг үзэж, зочин шүүгчдээр туршлагатай хүмүүс уригдан оролцохыг харсан. Харин одоо бид шүүгчдийн багаас продюсер Т.Нансалмаагийн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

-  ЭХЛЭЛ -

Бүх охид Бурханаас заяагдсан бэлэгтэй. Харин хэнд хичээл, зүтгэл байна, тэр хүн ялагч болно 

Хүмүүст өөрийн дуу хоолой, ажил хэргээрээ эчнээ танил болсон Т.Нансалмаа шүүгчийн талаар залуучууд тэр бүр сайн мэдэхгүй байж болох юм. Учир нь Google-д түүний нэг ч ярилцлага байдаггүй. Пентатоник наадмыг хөтөлж, "Master of Cerenomy" гэх нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж байснаар нь монголын элитүүд, дундаас дээш насныхан илүү тод санадаг байх. Одоо харин MNTM-ын эцсийн ялагч тодроход багахан хугацаа үлдсэн тул үзэгчид Т.Нансалмаа шүүгч ямар шалгуураар охидыг дүгнэж байгааг мэдэхийг хүсч байгаа биз ээ.

Анх таныг шүүгчээр ажиллах урилга ирэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

Mongolia's Next Top Model реалити шоу Монгол улсад албан ёсны эрхтэй зохион байгуулагдаж буй гурав дах брэнд нэвтрүүлэг гэж ойлгож байна. Албан ёсны эрхтэй нэвтрүүлгийн хэв маяг, бүтэц, найруулга, зураг авалт тодорхой стандарттай байдаг учраас үүнийг нутагшуулан хийхэд телевизийн салбарт нэлээн туршлага өгөх зүйл. Нөгөө талаас үзэгчид орчуулгын бус, олон улсын стандартад хүрсэн, монголчууд оролцож, монголчууд бүтээсэн нэвтрүүлгийг үзэх боломжтой болж байна.

Охидын ихэнх нь багаасаа ямар нэг хэмжээгээр олны өмнө гарч танигдах юмсан гэсэн нууцхан мөрөөдөлтэй байдаг нь анзаарагддаг. Ийм мөрөөдлөөс хэн нь хамгийн ихээр хүсч, зориглож, хөдөлмөрлөж, шантралгүй зүтгэж, мэргэжлийн модель байж чаднаа гэж наашаа ороод ирэв, тэр хүнийг бид шалгаруулахыг зорьж байгаа. Надад Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл шүүгчээр ажиллах санал тавьсан юм. Содоогийн аливаад хандах хандлагыг би багаас нь мэдэх учраас хамтарч ажиллахад сайн бүтээл гарна гэдэгт итгэлтэй байсан. Нөгөө талаас Боловсрол телевизийн хамт олныг дотроо би үнэлж явдаг. Тиймээс энэ саналыг хүлээж авсан даа.

Загварын салбарт төвлөрсөн реалити шоу монголд хийгдэж, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө олон нийтэд цоо шинэ өнгө төрхөөр харуулж байх шиг санагдана. Таны хувьд загвар гэж юу вэ?

Загварыг хүмүүс янз бүрээр ойлгодог. Зарим нь загварын шоу үзээд "Ийм сонин хувцсыг хүн хаана өмсөх вэ, ийм нүүр будалт, үс засалтыг амьдрал дээр хэн хийлгэх юм бэ" гэсэн асуулт тавьдаг. Үнэндээ загварын шоу, сэтгүүлийн зураг бол тухайн дизайнер болон уран бүтээлчдийн хөгжлийг харуулж, уран сэтгэмж нь хэр сайн болохыг, ур чадвар хэр өндөрт байгааг илэрхийлдэг хэрэгсэл юм.

Загварын салбар от кутюр, прет-а-портер гэж хоёр хуваагддаг. От кутюр бол маш цөөхөн тоогоор үйлдвэрлэгдэх, эсвэл тухайн хүний биед нь тааруулж захиалгаар хийх загварын урлаг. Прет-а-портер бол нийтэд зориулсан масс бүтээгдэхүүн. Аль, аль нь бие биенээ сүлж байж хөгждөг. Түүнтэй адил бид ч гэсэн нэвтрүүлэгт бодит байдал, сэтгэлгээний таашаал хоёрыг хослуулж байгаа.

Нэвтрүүлгийн үйл явц ид өрнөж, дугаар өнгөрөх тусам охид улам чадварлаг болж байна. Тэд юун дээр илүү сайжирч, бас юуг ахиулж чадахгүй байна вэ?

Ялагч тодруулах төгсгөлийн дугаарт зориулж хийгдэх загварын шоунаас охид хэрхэн өөрчлөгдсөнийг бүгд анзаарах байх. Тэмцээнд оролцогчдоос анх удаа өндөр өсгийт өмссөн, анх удаа камерын өмнө зогссон охид цөөнгүй байсан учраас нийтэд нь дүгнэх хэцүү.

Монгол хүн дасан зохицох, суралцах өндөр чадвартай санагддаг. Үүнийг дэлхийн янз бүрийн орнуудад янз бүрийн ажил хийж амьдарч байгаа монголчуудаас харж болно. Үүнтэй адилаар, нэвтрүүлэгт оролцож байгаа охид маш хурдан суралцаж байгаа. "Яаж хэлбэл ойлгох вэ" гэж хэлэхэд хүргэсэн зүйл бол зарим охидын биеэ бүрэн дайчлахгүй чадахгүй байгаа явдал. Нэгэнт тэмцээнд оролцож байгаа бол "Ялъя" гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, сэтгэлдээ галтай байж л ялна. Хүн ер нь сайн утгаараа жаахан хор, шартай байх хэрэгтэй шүү дээ. Үгүй бол санасан амжилтандаа хүрэхэд хэцүү.

Шагналын үнэ цэнийг та хэрхэн харж байгаа вэ?

Хорин сая төгрөг их мөнгө. Дундаж цалинтай хүний бүтэн жилийн орлогыг өгч байна гэсэн үг. Парисыг яагаад "Дэлхийн загварын нийслэл" гэж нэрлэдэг вэ, тэнд хүмүүс ямар соёлтой юм бэ, ер нь европын соёл гэж юуг хэлдэг вэ гэдгийг ялагч болсон хүн нэг дороос үзэж, мэдэрнэ. Жи мобайл компанитай нэг жилийн сурталчилгааны гэрээ байгуулна гэдэг бол олон жил хөдөлмөрлөж байж нэр хүндтэй болсон том одуудад ирдэг саналыг нэг шоу нэвтрүүлэгт ороод олж авч байгаа том боломж. Сингапурын загварын агентлаг амьжиргааны бүх зардлыг дааж, хоёр жилийн цалинтай гэрээ байгуулна гэдэг бол тэр болгон загвар өмсөгчдөд олдох зүйл биш.

Эмхэлж хэлбэл нэвтрүүлгийн ялагчийг "кранаар өргөөд" тэр дээр аваачлаа гэсэн үг. Нэвтрүүлэг анх эхлэхэд би "Бурхан та бүхэнд маш том бэлэг, өндөр сайхан нуруу, үзэсгэлэн гоог өгчээ" гэж хэлж байсан. Тэгвэл энэ бэлгээ зүгээр нэг өнгөрөөх үү, бусдаасаа суралцах чадвар, хичээл зүтгэлээрээ онцгойрч, хүссэндээ хүрэх үү гэдэг өөрсдөөс нь л шалтгаална.

Ингэж чадаж байгаа оролцогч хэд байна вэ? Магадгүй эрт хасагдчихсан охидоос ажиглагдсан тохиолдол бий юу?

Нэрлэж хэлэх нь зохисгүй юм. Дэлхийн загварын салбар 1990 оноос хойш маш хурдацтай бизнес тал руугаа хөгжөөд, өнөөдөр нийгмийн аль ч давхаргын хүн бүрийн анхаарлыг татсан маш том ертөнц болж хувирлаа. Тэгэхээр энэ ширүүн салбар луу, их өрсөлдөөн дунд л ялагч маань явж орно гэсэн үг.

Хасагдсан охид огт амжилт гаргаагүй гэсэн үг биш. Тухайн дугаарын шүүлтийг зөвхөн нэг удаагийн зураг авалтаар дүгнэдэг. Анх удаа сонсч байгаа даалгаврыг тэр дор нь биелүүлэхийн тулд маш хурдан сэтгэж, үйл хөдлөл, харцаараа ойлгосон зүйлээ үзэсгэлэн төгс илэрхийлнэ гэдэг барагтай хүний хийж чадаад байх зүйл биш.

Оролцогчдод бүгдэд нь өсөх ирээдүй байна. Миний хувьд аль болох эхний зургаас сүүлчийн зураг хүртэлх ерөнхий чадварыг нь харгалзаж, тухайн зурганд дүн тавьдаг. Юманд аз гэж байдаг боловч бас тухайн өдөр биеэ дайчилж байгаа хүний хандлага, мөн чанараас их юм шалтгаалдаг.

-

Продюсер Т.Нансалмаагийн хамгийн сүүлд хийсэн ажлуудаас танд дэлгэхэд, 2017 оны гуравдугаар сарын 8-нд болох MNTM-ын ялагч тодрох шоу On'n Off продакшны шинэ ордонд болно. Тийм ээ, та буруу уншаагүй. Энэ бол яг л дэлхийн алдартай брэндүүдийн ажил хэрэг явагддаг албаны ертөнцийг ордон гэж нэрлэдэгтэй адил Монголын шоу бизнесийн ертөнцийн түүхээс бий болсон On'n Off брэндийн ордон. Студи, театр, загварын тайз гээд олон төрлөөр ашиглаж болох тус ордонд японы 1300 гаруй амьд цэцэг, Монголын энэ цаг үеийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн нот эх хувиараа байхаас гадна уран барималч Батбаярын бүтээлүүд, зураач Д.Отгонтүвдэнгийн бүтээлүүд, дөнгөж 25 настай залуу уран бүтээлчдийн хийсэн мозайкан шал гээд олон сонирхолтой зүйл бий. Хоёр туйлаас нийлэн ургасан мод, дэлхий ертөнцийг дүрсэлсэн энэ мозайк гэхэд 1990 оноос хойш монголд хийгдээгүй мозайкийн урлагийн бүтээл болсон юм.

Хоёр давхарт нь "Four Goodness" нэртэй урлагийн сургалт хүүхэд, насанд хүрэгчдэд зориулан нээгдэх ба төгөлдөр хуурын 88 даралт дүрсэлсэн шалтай энэ төвд продюсер С.Ононбат, хөгжмийн зохиолч Л.Балхжав, продюсер Б.Чинбат, дуучин С.Наран зэрэг хүмүүс мэргэжлийнхэнд зориулсан мастер класс хичээл орно. Ерөнхийдөө бол хөгжим, дуу, бүжиг, уран зургийн сургалтуудтай.

Бюро 24/7 ярилцлага: Продюсер Т.Нансалмаа, "Тэд хэзээ ч ингэж нэгдэж байсангүй" (фото 1)

Нэвтрүүлгийн шүүлтээр яригддаггүй нэг зүйл бол гэрэл зургийн чанар ба зохиомж. Үндсэн зурагчин, стилист хоёр 24 цагийн дотор 10 гаруй оролцогчийн зургийг авч, шүүлтэнд бэлэн болгосон тохиолдол олон байгаа. Гэхдээ та зургийн чанар дээр сэтгэл хангалуун байгаа юу?

Чи өөрөө мэднэ шүү дээ, Чинбаа. Сар тутмын загварын сэтгүүлд нэг жил хагасын хугацаанд гардаг байсан зураг авалтыг нэвтрүүлгийн багийнхан хоёр сарын дотор гаргаад тавьчихлаа. Хүний тархи гэдэг "Тэг" гэсний тоогоор яг түүнчлэн хийж чаддаг зүйл биш. Хүний фантази ч гэсэн асар богино хугацаанд сайн, сайн зүйл гаргаад байх чадвар бага. Бүр онцгой төрчихсөн хүмүүс л яах ийхийн зуургүй "машиндаж" чадах байх. Тэгэхээр би зураг авалтын багийнханд буруу өгөхийг огт хүсэхгүй. Гэрэл зургийг дүгнэх гол зүйл болох гэрэл тавилт бөгөөд үүнийг мэргэжлийнхэн л мэднэ дээ. Зохиомжийг хийж байгаа стилистүүд бий учир олон юм яриад яах вэ. Хүнд чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ажиллах боломжийг нь олгоод сайн үр дүнг хүлээх нь дээр.

Та нэвтрүүлгийн сүүлчийн дугаарын талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

Би аливааг өөдрөг талаас нь харахыг хичээдэг. Энэ нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар нь шууд эфирт цацагдах бөгөөд бүгдийн сэтгэлийг хөдөлгөсөн, тун чиг сайхан зүйл болно гэж төсөөлж байгаа. Ялагч бахархалтайгаар тодроход үзэгчдийн мессэжээр өгсөн санал маш их нөлөөлнө. Түрүүн чи "MNTM Монголын загварын ертөнцийнхнийг нэгтгэсэн ач холбогдолтой зүйл боллоо" гэж надад хэлсэн. Энэ бол гарцаагүй үнэн. Үнэхээр л "Тэд хэзээ ч ингэж нэгдэж байсангүй" гэдэг "Хүрээлэн" төсөл нэвтрүүлгийн эхлэл үг санагдаж байна. Нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарын нэгэн хэсэг нь загварын шоу. Миний хувьд шилдэг 16 оролцогч нэг тайзан дээр алхана гэдэг нь хөөрхөн санагдаж байгаа. Энэ охид хоорондоо найзалж үерхсэн, нэвтрүүлэг тэдний амьдралд мэдээж нөлөөлсөн, асар их зүйлийг сургасан, тэд өөрийгөө хэрхэн илэрхийлж сурснаа энд харуулах байх.

Бусдаас суралцана гэдэг сайн зүйл. Б.Ану­-Үжин гэхэд бүх оролцогч охидын талаар дүгнэлт гаргасан байсан. Та ер нь оролцогчдоос үнэхээр эрт хасагдчихлаа гэж бодсон хүн бий юу?

Шүүгчид 0-10 онооны хооронд дүн өгч байгаа. Би жишээ нь 10 оноо өгөхөд өөр шүүгч 1 оноо тавьсан бол "дуусаа" шүү дээ. Б.Ану-Үжин анх тайзан дээр гарахад бусдаасаа намхан нуруутай байсан атлаа хөл нүцгэн шомболзтол гарч ирэхэд нь "Яасан сүрхий охин бэ" гэж харж байлаа. Энэ охин хоризмтай, хүний сэтгэлийг татах чадвартай, наснаасаа хэрсүү охин. Тийм ч учраас олон нийтийн сүлжээгээр басгүй шуугиан дэгдээгээд амжсан шүү дээ. Миний хувьд Д.Бүжинлхамыг их уран бие галбир, зөв хэлбэртэй царайтай юм, нэлээн явах юм болов уу гэж харж байлаа. Нас нь бага юм чинь энэ хоёр ирэх жил орж ирээд хол явах байлгүй дээ.

- Хоёр

Сэтгүүлчээс продюсер хүртэл

"Эмэгтэй хүний залуу нас 18-35 хүртэл маш богинохон" гэж Т.Нансалмаа шүүгч хэлж байна. Энэ хугацаанд харин тэр өөрөө юу хийж байсан юм бол. On'n Off-р овоглосон олон ажлыг шоу бизнесийн ертөнцөд хийсэн Т.Нансалмаагийн бүтээлч түүхийг хатуу ээж, хайранд бөмбөрч өссөн хүүхэд нас, салбар салбарын анхдагч хамт олон гээд чимэх зүйл олон ажээ. Монголын анхны продакшн On'n Off, анхны фм 102,5, анхны хувийн чөлөөт телевиз 25 сувгийг үүсгэн байгуулсан С.Ононбат, Ч.Чадраабал, З.Алтай нартай тэрээр хамтран ажиллаж байсан гэдгийг нь харахад л түүний эргэн тойронд тэр бүр олон нийтийн нүдэнд ил гараад байдаггүй нэгэн үеийнхэн тэр аяараа зэрэгцэн оршиж байгааг нь мэдэрч болно. Оюутан байхдаа Улаанбаатар сонинд ангийнхантайгаа хамт "Улаанбаатарын үдэш" тусгай дугаар нээж, Монголдоо л анхны загварын бүтэн дугаар гаргаж байж. Үүнээс ердөө есхөн жилийн өмнө буюу 1981 онд л Улаанбаатарт хувцас өмсөж олонд таниулдаг ажил бий болсон гэдгийг яруу найрагч Д.Урианхайн гэргий, монголын анхны загвар өмсөгчдийн нэг Ц.Цэнд гуай надад өгүүлж байсан юм. Тэгэхээр яалт ч үгүй сэтгүүлчээс продюсер болсон Т.Нансалмаагаас асуух зүйл их бий.

Та сэтгүүлч мэргэжлийг сонгосон нь хувь заяаны шийдвэр байсан уу, санамсаргүй сонголт байсан уу?

Манай ангийн багш намайг X ангиа төгсөж байхад "Нансалмаа чи нэг бол маш сайн өмгөөлөгч болно эсвэл сайн сэтгүүлч болно" гэж хэлсэн юм. Хүний биеэ авч яваа байдал, аливаад хандаж байгаагаар нь сэтгэл зүйг нь таних чадвар арван жилийн багш нарт их сайн байдаг юм билээ. Миний сэтгүүл зүйн ангид ордог нь айхавтар ухамсартай үйлдэл бас биш. 1989 онд сэтгүүл зүйн ангид оюутан шалгаруулж авна гэсэн зар сонинд гарсныг эгч маань үзүүлсэн юм. Би шалгалтаа өгч, 300 хүнээс гурван оюутан авахад нэгээр гарч ирсэн.

Та сургуулиа төгсөөд анх хамтарч ажилласан Ч.Чадраабал гуай 1990 оны тухай ярихдаа, "Монголд бүх хүн өөрийн амьдралдаа эзэн болж, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө нэг гараанаас хөдөлсөн" гэж ярьж байсан. Таны мэргэжил эзэмшсэн түүх, хэр удаж байж өөрийгөө олсон бол гэх асуултууд сонирхолтой байна.

Сэтгүүлч гэдэг үгийг би "Үүлэнд хүртэл сэтгэ" гэж ойлгодог минь одоо ч гэсэн хэвээрээ. Сэтгүүлчдэд тавигддаг шаардлага бол хуулийнхан, нарийн мэргэжлийн эмч нарт тавигддагттай яг адилхан, тэр чигээрээ баримт, судалгаа шүү дээ. Ганц сэтгүүлч гэлтгүй бүх хүн юм уншиж, үзэж өөрийгөө хөгжүүлдэг байх хэрэгтэй. Хүн дуртай зүйлээ хийгээд явна гэдэг аз жаргал. Минийхээр бол бүх юм хүүхэд байхаас эхэлчихдэг бөгөөд хүн төрөхдөө л өөрийгөө олсон байгаа шүү дээ. Мөн би өөрийгөө сайн сэтгүүлч гэж хэлж чадахгүй. Насан туршдаа суралцана. Одоо ч гэсэн нэвтрүүлэгт оролцож байгаа охидоос суралцаж байна.

Бюро 24/7 ярилцлага: Продюсер Т.Нансалмаа, "Тэд хэзээ ч ингэж нэгдэж байсангүй" (фото 2)

Ч.Чадраабалыг бид "Ц.О" гэж дууддаг юм. Тэр хүн анх фм 102,5-ыг өөртөө зориулж, дуртай дуугаа сонсдог нэг зүйл байвал яах вэ гэсэн санаагаар нээсэн гэдэг шүү дээ. Тэр бол их өвөрмөц ертөнцтэй, өөрийн гэсэн тогтсон хатуу үзэл бодолтой, чадалтай, хүчирхэг эр хүн. Урлагийн талаар гүнзгий ойлголттой. Хүрсэн болгон нь алт болдог тийм л хүн дээ. Намайг фм 102,5-д хөтлөгч хийдэг байхад З.Алтай ах "урвуулаад", фм 107-гийн даргаар тавьсан. Дараа нь өөрөө 25 суваг телевизээр хөтөлдөг байсан ярилцлагын "1 х 1" нэвтрүүлгээ надад шилжүүлж "Ах нь олон хүнтэй ярьлаа. Одоо чи аваад яв" гэхэд нь би авч, найман дугаар хөтөлсөн. Нөхөр маань намайг хамт ажиллахыг тухайн үед санал болгоогүй бол би одоо хэр нь "25"-д байх байсан байх.

Оn'n Off-ыг С.Ононбат аль хэдийнэ байгуулчихсан, хийсэн клипүүд нь телевизээр гардаг байхад би үзэгч нь байлаа. Онон маань ээжийнхээ нөлөөгөөр 18 насандаа телевизийн салбарт хөл тавьж, тайз засагч, гэрэлтүүлэгчээс найруулагч хүртэл явсныхаа дараа хувийн ажлаа хийхээр шийдсэн байдаг. Хоёулаа нэг салбарт ажиллаж байгаа юм чинь нэг дор ажилласан нь дээр гээд Онон намайг On'n Off-д авчирсан.

- Гурав -

Хайранд бөмбөрүүлдэг хатуу ээж  

Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн "Ээж охин хоёр" сэдэвт сорил дээр Т.Нансалмаа шүүгч зөвлөхөөр ажилласан шүү дээ. Энэ дугаар бидэнд амьдралын хамгийн эгэл хүн, эгэл үг "Ээж" гэдэг нэрийн ард ямар их үнэ цэнэ агуулагддагийг дахин нэг удаа мэдрүүлсэн билээ. Мөн Т.Нансалмаагийн хүү, S.M.O.K маркийг үүсгэн байгуулагч, дизайнер О.Анхбаяр MNTM-ын зочин шүүгчээр уригдан оролцсоныг та санаж байгаа байх. Тиймээс Т.Нансалмаагийн эмэгтэй хүний талаарх бодол, хүүхдээ хүмүүжүүлдэг эх хүний зарчим, 2000-аад оны үед UBS телевизид хийж байсан "Өсөх нас" ток шоуны талаар ярилцсанаа заавал танд хүргэх хэрэгтэй гэж бодлоо.

Та амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлээ олсон гэж хэлсэн. Тэр нь юу юм бэ?

Хүний амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний өөрөө босгосон амьдрал. Энэ ертөнцөд надтай адил хүмүүс бол хамгийн үнэтэй зүйлийг гэр бүл, үр хүүхэд гэж хэлнэ. Бүр их агуу төрсөн хүмүүс дэлхийг аврах, өөр од гараг нээх гэж янз бүрээр хэлэх байх.

Хүнээс хүн үлдэнэ гэж ярьдаг. Намайг өнгөрчихсөн хойно хүмүүс миний тээж төрүүлж, өсгөсөн хүүхдүүдийг маань "Ээжийг нь Нансалмаа гэдэг байсан юм" гэхэд "Өө нөгөө Нансалмаагийн хүүхэд үү" гээд сайхан хүлээн авч, дотно сэтгэлээр хандаж байвал би сайн амьдарсан юм байна гэж дүгнэгдэх байх. Одоо бол сайн муу явааг дүгнэх хэцүү. Хүн үнэ цэнэтэй зүйлийнхээ төлөө хичээж амьдрах ёстой, өөрийнхөөрөө зөв явах ёстой юм уу даа.

Эх хүн үрийнхээ биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэж үг байдаг. Гэтэл хэн ч хүүхдээ сайн хүн болоосой л гэж хүсэх нь гарцаагүй. Таны хүүхдээ хүмүүжүүлэхдээ баримталдаг зарчим, чиглүүлдэг гол зүйл юу вэ?

Хүнийг хамгийн түрүүнд бий болгодог зүйл бол гэр бүл юм. Оросын нэг алдартай зохиолчтой хийсэн олон нийтийн ярилцлага дээр бие давхар эмэгтэй босч ирээд "Би яавал хүүхдээ тань шиг мундаг хүн болгох вэ, хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ" гэж асуусан. Тэгэхэд нь "Та хүүхдээ аль хэдийнэ хүмүүжүүлээд эхэлчихсэн" хэмээн хариулсан байдаг. Энэ юу гэсэн үг гэж би ойлгож байна гэхээр, чиний цусанд буй ген, тээж буй хүүхдийн чинь эцгийн генэнд хадгалагдсан мэдээлэлтэй сүлэлдээд төрөх хүүхдийн чинь хэн болох эхний том алхам хийгдсэн гэж. Монголчууд "Зөв хүнээ сонгож амьдар" гэж үг хэлдэг нь үүнийг хэлжээ дээ.

Намайг багад эмээ, өвөө маань ихэд эрхлүүлж, энэ ертөнцийн хамгийн хөөрхөн, сайхан, ухаантай нь гэж ирээд магтдаг байсан юм. "Уясан морь шиг бөмбөлзөөд" гээд л шогширч байгаад эрхлүүлдэг байлаа. Миний мэргэн хоёр буурай намайг өөртөө итгэлтэй болгох гээд л магтаад байсан байнаа даа. Оюун санаа, бие хаа, царай зүс гээд аль ч талаараа хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг би өвөө, эмээ хоёрынхоо хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаас ойлгосон. Хайран дунд бөмбөрч өссөн хүүхэд хүнд эргээд л хайр түгээдэг гэж ойлгодог. Энэ утгаараа хүүхдүүдээ эрхлүүлэх хэрэгтэй гэж хэлж байгаа юм шүү.

Гэр бүлийн хүмүүжлийг ямар ч сургууль орлож чадахгүй. Монголчууд эрт дээр үеэсээ галаа тойрч суугаад хүүхдүүддээ үлгэр домог ярьж өгдөг, өдөр нь юу болсноо ярьдаг, бүх зүйлээ хуваалцдаг нүүдэлчдийн том соёлтой ард түмэн. Нөхөр бид хоёр гэртээ байх цаг бага байвч хүүхдүүдтэйгээ мэдээлэл байнга, аль болох ихээр солилцдог. Хүүхдээсээ сурч, өөрөө мэдсэнээ хэлж өгөх нь заавал байх ёстой зүйл гэж ойлдгодог. Мэдээж хүүхдүүд маань хаа ч өөрөө хоолоо олоод, хийгээд идэж чаддаг, орчноо цэмцгэр байлгаж чаддаг байх ёстой.

Би хүүхдүүдээ завгүй байлгах талаас нь их шахдаг хатуу ээж гэж хэлж болно. Хүн хичнээн завтай байх тусмаа (ялангуяа хүүхэд, залуус) төчнөөн буруу зүйл хийдэг гэж ойлгодог. Хүүхэд байхад хүн хэзээ ядарч байлаа. Чи ядарч байснаа санадаг уу? Дуусашгүй энергитэй тэр л үед хүний тархины эс болгон юмыг тогтоож авахад бэлэн байдаг тул хэл, спорт, урлагаар хичээллүүлэх хэрэгтэй. Ингэвэл хүүхэд эрүүл, боловсролтой, гоо зүйн таашаалтай зөв хүн болон хүмүүжнэ.

Бюро 24/7 ярилцлага: Продюсер Т.Нансалмаа, "Тэд хэзээ ч ингэж нэгдэж байсангүй" (фото 3)

Хүүхдийг мэргэжил сонгоход нь эцэг эх оролцох ёстой юу, үгүй гэдэг шийдвэр тийм амархан гардаггүй бололтой.

Хүнд сонгож болох хэдхэн зүйл бий. Чи энэ дэлхийг яагаад ч өөрөө сонгоогүй, ээж, аавыгаа болон эзэн болсон энэ биеэ ч сонгоогүй. Мөн хүүхдээ ч сонгож чадахгүй. Хүний сонгож чадах цөөхөн хэдэн чухал зүйлсийн нэг бол хань ижил. Нөгөөх нь мэргэжил. Мэргэжлийг сонгоход хажуунаас нь зөвлөхөөс биш яг тулгаж хэлнэ гэдэг бол хүнд олдож байгаа хэдхэн боломжийн нэгийг өмнөөс нь шийдэх болж байна гэсэн үг.

Миний бодлоор хүн мэргэжлээ өөрийн сонирхлоор сонговол дээр юм билээ. Мэдээж манай багш шиг "Чи ийм зүйлд давуу шүү" гэдгийг хэлэх хүн байх юм бол туйлын сайн. Мэргэжил болгон сайхан гэж ярьдаг бол үнэн үг шүү. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чаддаг л бол болоо. Тиймдээ ч С.Ононбат бид хоёр хүүхдүүдээ мэргэжил сонгоход нь нэг их нөлөөлж чадаагүй. Харин зөвлөгөө бол өгдөг.

Олон хүний үзэх дуртай байсан таны өөр нэг нэвтрүүлэг болох "Өсөх нас" ток шоу энэ жил UBS телевизийн 25 жилийн ойгоор дахин эфирт гарна. Тэнд өгүүлсэн сэдвүүд өнөөдөр ч сонирхолтой байх болов уу. Ер нь таны "Өсөх нас" нэвтрүүлгээр дамжуулж хэлэх гэсэн гол санаа чухам юу байсан юм бэ?

Ер нь өсвөр нас бол хүний үзэл бодол төлөвших, энэ ертөнцөөс "Яагаад" гэж хамгийн их асуух үе юм. Өсвөр насны хүүхэд бүр тогтсон ертөнцтэй зөрчилдөж, хүн төрөлхтөний мөнхийн асуултуудыг өөртөө тавьдаг шүү дээ. Миний ажигласан өөр нэг зүйл бол хүмүүс бид өнгөрсөн үеэ "Алтан үе" гэж нэрлэн хэт өргөмжилж энэ цаг үеэ үгүйсгэдэг хандлага байна. Эсвэл "Биднээс өмнө нь амьдарч байсан хүмүүс ийм зүйлийг яаж хийсэн байна вэ" гэж өнгөрсөн цаг үеэ үгүйсгэдэг. Эндээс харахад хүмүүс зөвхөн 13-18 насандаа биш, ердөөсөө л "шилжиж" дуусдаггүй юм шигээ. Тиймээс зөвхөн өсвөр насныханд тавигдах асуулт гэж байхгүй, асуултанд харин өсвөр насныхан яаж хариулах вэ гэдэг байна. "Өсөх нас" ток шоуны сэдвүүд яг энэ бодлоос л төрсөн юм.

"Хэвлэл мэдээлэл ба эрх чөлөө", "Бурхан ба шашны урсгалууд" гэсэн гүнзгий, гүнзгий сэдвүүдтэй. Тэд санаанд оромгүй юм ярина шүү дээ. Жишээ нь би монголд Христийн шашин тэгж их дэлгэрснийг нэвтрүүлэгт оролцсон 60 хүүхдээс "Та нарын хэд нь Христ, Будда шүтдэг вэ? Гараа өргөнө үү" гэж асуугаад, тэднээс 40 хүүхэд Есүс шүтдэг болохыг харж байж л мэдсэн. Тэгэхээр наана нь үзэж байгаа насанд хүрсэн хүмүүс үүнийг бодох сэдэв мөн биз дээ? Өсвөр насныхан үзэл бодлоо илэрхийлэхдээ айдаггүй учраас санаагаа чөлөөтэй, хурц илэрхийлж чаддаг. Тэд ээж аавынхаа гэрт, энгийн бор өдрүүдийн тухай биш харин "Энэ ертөнц яагаад...???" гэдэг асуултыг тавьдаг гоё насныхан юм.

- Дөрөв -

Сэхээрсэн хүмүүс, амьдрах урлагийн тухай

Таны хэлж байгаа эцэг, эхтэйгээ ярилцдаггүй хүмүүст гол нөлөө үзүүлдэг зүйл бол хэвлэл мэдээлэл, ном, урлаг гэх зэрэг зүйлс. Нэг үе сэхээтэн гэдэг ойлголт нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл байсан бол одоо дундаж анги гэдэг үг орлох болсон гэлтэй. Таны бодлоор нийгэмдээ сайн үлгэр дуурайл болж чадах сэхээтнүүд хэр олон байна вэ?

Ер нь аливаа нийгэмд анги давхаргын ялгаа ямагт байсан. Хуучны сэхээтэн гэж нэрлэдэг байсан хүмүүс яалт ч үгүй нийгмээ татаж явдаг. Одоо монголын нийгэмд бий юу гэвэл байгаа шүү дээ. Ямагт байсан, хэзээд байна. Сэхээтэн анги өөрөө оюун санаа, үзэл бодлын хувьд нийгмийн хамгийн зөрчилтэй хүмүүсийг нэгтгэсэн байдаг. Тэднийг олон нийтээс ирэх байнгын шүүмжлэл дагаж явдаг учраас их "хүнд" анги ч гэж хэлж болох юм. Тэд өөрсдөө уншиж судалсаар оюун бодлоо их тэлж, газар үзэж, соёлтой танилцсан, гүн ухааныг ямар нэг хэмжээгээр судалсан, "Яавал энэ амьдарч байгаа цаг үеэ илүү сайжруулах вэ" гэдэгт ямар нэг хэмжээгээр тэмцдэг тийм хүмүүс. Сэхээтэн анги бол мөнгөлөг ангиас их өөр. Оюуны өндөр боловсролтой. Сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн хүмүүсийг хэлдэг.

"Ц.Гомбосүрэн гуай Ф.М.Достоевскийн гол зохиолуудыг орчуулаад дууслаа" гэдэг мэдээ саяхан гарахад үүнд баярласан хүн цөөвтөр, нам гүмхэн байх шиг харагдсан. Гэтэл үүний хажууд зуун мянган хүн сонирхох сэдэв илүү өдөр тутмын шинжтэй байдаг. Магадгүй бид богино зайны асуудалд анхаарлаа хэт хандуулдаг болсон санагддаг уу?

Нүүдэлчний соёл, суурин соёл гэж хоорондоо асар ялгаатай хоёр өөр зүйл. Монголчууд "Сүүлчийн Могикан" гэдэгтэй адилхан сүүлчийн нүүдэлчид байх. Хоёр том соёлын зөрчил гарч ирээд, одоо ид өрнөж байна. Нүүдэлчдийн соёлд хамгийн чухал зүйл бол баатарлаг үйл явдал. Эд мөнгө гэхээсээ илүү нэр төр. Үүнийг "Монголын нууц товчоо"- ноос эхлээд эзэнт гүрнүүдийн түүх ил тод харуулдаг. Одоо монголчуудыг дэлхий сайнаар ч, муугаар ч ярьж байна. Гэтэл ямар жижигхэн үндэстэн, хоорондоо эв түнжингүй байтлаасаа, цөөхөн хэдэн "товарищууд" дэлхийн талыг эзлэх вэ? Монголчуудад хаягладаг "Тамын тогооны үлгэр" бол угтаа хооронд нь хагалан бутаргах гэж сүүлд бидний дайснуудын гаргасан үг гэж би боддог. Үүнийг харин жинхэнэ мэтээр итгэж яваа нь хамгийн утгагүй зүйл. Тиймээс биднийг сайн эцэг эхийн муу хүүхдүүд гэж нэрлэж болно. Энэ өргөн уудам газар нутгийн доор нь асар их баялаг байна, дээр нь ургаж байгаа өвс ургамал нь хүртэл бүгдээрээ эм тан. Бидний цусанд өвлөгдсөн өгөгдөл нь хүртэл баатарлаг, аливаад дасан зохицох өндөр чадвартай агуу үндэстний үр сад хэр нь бид өөрөөсөө болж өнөөдөр ингэж дорой яваа. Монголчууд суурин соёлтой болоход өнөөх дасан зохицох чадвар нь хүмүүсийг асар богино хугацаанд хэт шуналтай болгож, өмнө нь хайрлаж, эрхэмлэдэг байсан нэр төрийг ямар ч утгагүй болгож хувиргаснаас л ийм зөрчил гарч байгаа гэж хардаг даа.

Бюро 24/7 ярилцлага: Продюсер Т.Нансалмаа, "Тэд хэзээ ч ингэж нэгдэж байсангүй" (фото 4)

-

Та сая "Эмэгтэй хүний залуу цаг, хаврын цэцэг хоёр богино настай гэдэг үгийг ойлгодоггүй явж" гэж хэллээ. Өмнө нь мөн MNTM­-ын охидод "Загвар өмсөгч, балетчин хүний од байх нас их богинохон" гэж зөвлөж байсан. Тэгвэл энэ богино хугацааг бүсгүйчүүд маань өөрийгөө хэрхэн хайрлах хэрэгтэй вэ?

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бүх загвар зохион бүтээгч, яруу найрагч, зураач, дуучид магтан дуулдаг зүйл мөн боловч нөгөө талаасаа бид их өрөвдмөөр хүмүүс шүү дээ. Надаас эхлээд ихэнх эмэгтэйчүүд үргэлж өөрийн бие махбодоо ямар нэг байдлаар өөлж, дутагдал хайсаар ирсэн. Тэгтэл "Бурхан надад хайртай болохоор сайхан бие хаа, царай зүс заяасан юм байна шүү" гэж ойлгох өдөр ирэхэд аль хэдийнэ 35 хүрсэн байдаг. Тиймээс байгаа зүйлээрээ бахархаж, чамлахаар чанга атга гэдэг хамгийн зөв үг. Залуу охид, бүсгүйчүүд маань аль болох өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө хайрлах хэрэгтэй.

Орчин үед феминист үзэл их дэлгэрсэн. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү эрэгтэй хүний талаарх эмэгтэй хүний үзэл их өөрчлөгдөж байх шиг харагддаг. Энэ талаарх таны бодлыг сонирхож болох уу?

Би бол феминист хүн биш. Ер нь монголчууд эртнээсээ асар ардчилсан ард түмэн байсан. Түүхээс нь харвал баатар эрчүүд нь дайнд явахад ар гэрээ хатад, эхнэрүүд нь авч үлдэнэ. Цэрэг эрс олзоо ар гэртээ явуулахад түүний хуваарилалтыг бүсгүйчүүд нь хийнэ. Тэд хүүхдээ "Аав шиг ээ сайн хүн болоорой" гэж хүмүүжүүлж, бүх зүйлийг жимбийтэл зохицуулаад байж байна. Тэр үүргийг нь эрчүүд нь маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл авдарны түлхүүр эхнэрт байгаа учраас эр, эм аль аль нь сэтгэл хангалуун байдаг. Монголд хэзээд хүйсийн эрх тэгш байдал байсан гэдгийг уулаа эр хүйстэй, усаа эм хүйстэй, тэнгэрийг эцэг, газрыг эх гэж үздэгээс нь харж болно. Хуурын хоёр чавхдас хүртэл хоёр байдаг нь эр, эмийг бөгөөд арга, билгийг илтгэсэн зүйл гэж би ойлгодог. Түүнээс хуурын утсыг дөрөв юм уу, зургаа болгоод хийхэд энэ олон адуутай улсын дэл сүүл дутав л гэж. Нэгэнтээ бүх зүйлээ эр, эмээр нь тэнцүүлсэн энэ ард түмэнд эр нь дээшээ, эм нь доошоо гэсэн үзэл хэзээ ч байгаагүй. Харин эрэгтэй хүн гэрийн эзэн учраас, хийморь сүлдийг нь хүндлэх ёстой. Энэ бол одоо ч байх ёстой зүйл. Эрийн хийморь арилбал гэрийн хийморь байхгүй болно шүү дээ. Амьдралд хэн, хэнийгээ хүндэтгэн үзэж байж бүх зүйл хоршино. Харин эр нь эрээрээ, эм нь эмээрээ байж чаддаг байх хэрэгтэй юм болов уу.

Таны насныхнаас зайлшгүй асуух нэг зүйл бол залуу үедээ унших ном санал болгох байдаг. Та таван ном нэрлэж болох уу?

Миний хамгийн дуртай ном гэвэл "Эрдэнийн сан Субашид буюу таван сургамж" гэх ном. Арваннайман настайгаас хойш миний ширээн дээр байсан. Залуу үе гэлтгүй уншаагүй хүн болгон унших хэрэгтэй. С.Ононбат бид хоёрт энэ номоор кино хийх юмсан гэсэн мөрөөдөл байдаг юм. Гайхамшигтай гэдэг үг багадахаар ном. Залуучууд Г.Г.Маркесын "Зуун жилийн ганцаардал" зохиолыг уншаад үзэх хэрэгтэй. Оросын зохиолч А.И.Куприны "Анар бугуйвч" гэгээлэг ном. Заавал унших номын жагсаалтанд францын гүн ухаантан Мишель Монтений 42 насандаа бичсэн "Сонгомол эссэнүүд" орох ёстой. Пауло Коэльогийн номуудыг идэх мэт уншихад таашаал авна шүү. Монгол хэл дээр орчуулагдсанаас гадна орос хэл дээр олдоц ихтэй байдаг.

С.Ононбат ах та хоёрыг үе, үе тоглолт үзэхээр гадагшаа явдаг гэж сонссон юм. Ямар тоглолт үзэхийг илүү хүсдэг вэ?

Манай нөхөр бол хөгжмийн ертөнцийн явдаг нэвтэрхий толь гэсэн үг. Гадаад, дотоодын хуучны дуунаас эхний хоёр нот явахад л үүх түүхээр нь ярьж, өөрөө дуулж чадна. Beatles-ийн фэн байхдаа дууны үгийг нь ойлгох гээд Англи хэл сурсан байгаа юм. Би болохоор Ононгийн хөгжимд асар их дурласан сэтгэлийн хүчээр талаасаа улайж байгаа хүн юм. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг. Бидний сүүлд үзсэн тоглолт гэвэл Пол Макартнигийн тоглолт, Эннио Мориконегийн өөрийн удирдсан тоглолт байна. Ер нь бол домог болсон томчуудын тоглолтыг байгаа дээр нь, боломж олдвол зорьж очоод үзэж байя гэж шийдсэн дээ бид хоёр. Үзсэний дараа нэг их том зүйл бүтээсэн мэт мэдрэмж авдаг даа.

On'n Off продакшны шинэ студи бол урлагийн ордон гэж хэлэхээр сайхан газар бий болсон. Энэ газар та хоёрын олон мөрөөдлийн биелэл болж байгаа юу?

Миний бодлоор амьдралд гурван салбар маш чухал. Тэд бол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эрүүл мэндийн салбар, хойч үеэ, тархиа бэлддэг боловсролын салбар, хүний зүрх сэтгэлийг анагааж, хүнээр нь байлгадаг соёл урлагийн салбар юм. Өнөөдөр нийгэм ийм байна, энэ гурван салбар орхигдоод байна гээд хэн ч шүүмжилж чадах байх. Харин бид өөрсдийнхөө мэддэг салбарт жаахан дэвшилттэй юм хийе гэж зорьсны нэг илрэл нь энэ.

Хүсэл мөрөөдөл гэвэл агуу шүү дээ. С.Ононбат бид хоёр театр барья гэж мөрөөдөж, төсөл ч бичиж үзлээ. Төслөө бариад дэлхийгээр явья гэж боддог юм л даа. Монголдоо бол ганц хоёр хүнд танилцуулсан. Алт, нүүрс, архи, зам гэх мэт бизнесээс өөр бизнес сонсохоо больсон цаг үед бол цагаа гарздахын нэмэр юм билээ. Том театр үндэсний уураг тархины нэг хэсэг мөн. Холливүүдын том том студиуд шиг хэдэн га хамарсан павильоныг бүрэн утгаар нь хийх ч бидний мөрөөдөл. Урлагийн бүрэн хэмжээний сургууль барих, түүнийг ажиллуулах нь бас бидний мөрөөдөл. Монгол түүхээрээ кино хийх ч мөрөөдөл байгаа. Зөндөө мөрөөдөл байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. (инээв).

Энэ бүх том, том мөрөөдлүүдийн маань тусгал болсон шинэ байраа бид монголын урлагт өөрсдийн хариуцлагаа ухамсарлаж, соён гэгээрүүлэх үүргийг биелүүлэхийн төлөө зориг гарган хийсэн. Хэцүү гэдгийг нь ойлгоод хийсэн учраас сэтгэлийн хаттайгаар барьж дуусгаад, үйл ажиллагаа нь эхэллээ. Цаашдаа Монголын урлагийн нэг "хөөрхөн" төв болоосой, залуучуудын цугладаг сонирхолтой газар нь байж, хүмүүс мэдлэг, мэдээллээ хуваалцдаг гэгээтэй газар байгаасай гэж хүсч байгаа.

цааш үзэх