Хайх

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс

Text: Buro.Mongolia


Цар тахлын хүнд нөхцөл байдлаас үүдэн зуны амралтаараа хэрхэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр толгой гашилгана сууж байна уу? Хэрэв та хаа нэг тийшээгээ аялах бодолгүй байгаа бол энэ зуны чөлөөтэй цагийг ашиглан үргэлж хийхийг боддог ч цаг зав гаргалгүй хойшлуулдаг, эцсийн мөч хүртэл нь хийлгүй үлдээдэг зүйлсийг хийж амжуулан сэтгэлээ амраагаарай. 

Өрөөгөө цэвэрлэх

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс (фото 1)

Ихэнх хүмүүс өөрсдийн унтаж амардаг өрөөний цэвэр цэмцгэр байдлыг гаргуунд хаяж, хангалттай их цэвэрлэгээ хийдэггүй. Тэгвэл зуны амралт нь өөрийн хүрээлэн буй орчноо гялалзтал нь цэвэрлэхэд хамгийн тохиромжтой цаг үе юм. Ингэхдээ дараах дарааллаар бага багаар цэвэрлээрэй.

  • Цонх болон хаалгаа гадна, доторгүй угаах.
  • Шал болон хивсний тоосыг соруулж, угаах.
  • Хөнжил, дэр болон бусад интерьерийн эд зүйлсийг угаалгын машинаар угаах эсвэл хими цэвэрлэгээнд өгөх.
  • Бүх гадаргуу дээрх тоосыг арчих.

Мөн цугларсан хэрэггүй эд хогшлоосоо аль болох ангижрахыг хичээгээрэй. Та сүүлийн зургаан сарын турш ямар эд зүйлийг хэрэглээгүй вэ? Таны найз нөхдөд эдгээр зүйлс илүү хэрэгцээтэй юм биш биз? Танд байгаа эд хогшил бүрийг эдгээр асуултаар дүгнэж, эргэцүүлэн бодоорой.

  • Шаардлагагүй гэсэн зүйлсийг тусгай хайрцагт хийж, цаг заваараа бэлэглэх эсвэл зарвал зүйтэй юм.
  • Олон сар, жилийн туршид хуримтлагдсан дэвтэр, сонин, сэтгүүлийг нэгтгээд дахин боловсруулах цэгт өгч болно. Харин цаасан салфетка болон баримтыг хогийн саванд хаяарай, тэдгээрийг дахин боловсруулах боломжгүй билээ.

Хувцасны шүүгээгээ янзлах

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс (фото 2)

Юуны түрүүнд шүүгээнээсээ бүх хувцас, аксесуараа гаргаж ирээрэй. Танд чөлөөт цаг хангалттай байх тул бүх зүйлсээ нэг нэгээр нь өмсөж зүүгээд танд хэрэгтэй, биед тань эвтэйхэн эсэхийг сайн тунгааж бодохыг бид зөвлөж байна.

Харин урагдаж цоорсон, жижигдсэн болон толботой хувцаснуудаа тусад нь цуглуулаад дараагийн зөвлөмжүүдээс санаа аваарай.

  • Дуртай боловч толбо тогтсон эсвэл урагдсан хувцсыг оёж тордоод, хими цэвэрлэгээнд өгөх.
  • Дахиж өмсөхгүй бөгөөд толбо тогтсон, урагдсан хувцсыг дахин боловсруулах цэгт өгөх. Түүнчлэн гэрээ цэвэрлэх зориулалттай даавуун хэрэгсэл болгож болно.
  • Дахиж өмсөхгүй атлаа бүрэн бүтэн хувцсыг буяны үйлсэд зориулах.

Спортоор хичээллэх

Зуны амралт бол бие галбираа хөгжүүлэхэд хангалттай хугацаа юм. Ажил, хичээлтэй байх үед бидэнд спортоор хичээллэх цаг зав болон эрч хүч бага байдаг. Харин гэртээ амрангаа тав тухтай орчинд дасгал хийх нь спорт танхимд хичээллэснээс дутахааргүй үр дүн өгдөг байна. Гол нь дасгалаа тууштай хийх нь чухал юм шүү.

  • YouTube дээр 14, 20, 30 хоног үргэлжилдэг олон хөтөлбөр бий. Тэдгээр нь хэвлий, хөл, нуруу зэрэг биеийн бүх булчинд ачаалал өгөх дасгалууд юм.

Хэрэв та спортоор дөнгөж хичээллэж эхэлж байгаа бол анхан шатныхад зориулсан богино хэмжээний бичлэгүүдийг дагаад хийгээрэй.

Хүчний кардио дасгалуудад дургүй хүмүүс йогоор аль эсвэл пилатесаар хичээллэхийг зөвлөж байна. Түүнчлэн бие халаалт болон сунгалтын дасгалаа хийхээ мартуузай.

Өөрийн дотоод сэтгэлийг ажиглах

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс (фото 3)

Үргэлж ажил, хичээлээ бодож товлосон зүйлсийнхээ ардаас гүйсээр бид сэтгэл санааны байдлаа гаргуунд хаядаг. Тэгвэл зуны амралт бол өөрийгөө олох төгс завшаан юм.

Өдөр бүр сэтгэлийнхээ ёроолд хүрч, өөрийгөө илүү ойлгоход туслах дараах хялбар аргуудыг бид зөвлөж байна.

  • Таны сэтгэл санааг юу зовоож байгааг олоорой. Ингэхийн тулд таныг юу ч сатааруулахгүй мөчийг сонгоод тэмдэглэлийн дэвтрээ барьж суугаад нүдээ аниарай. Ямар нэгэн бодол санаа орж ирэх үед шууд дэвтэр дээрээ буулгах хэрэгтэй юм. Ойролцоогоор 15-20 минут ингэж суугаад бичвэртэйгээ танилцаарай. Эдгээр бичсэн зүйлс нь таны сэтгэлийг зовоож, шаналгаж байж болзошгүй тул тэдгээрийг шийдвэрлэх хэрэгтэй юм.
  • Өөрийн дуртай болон дургүй зүйлсийг ялгаж ойлгохыг хичээгээрэй. Хамгийн хялбар арга бол хүснэгт зурах. Зүүн талд нь ангиллуудыг бичиж (хөгжим, найз нөхөд, харилцаа, гэр бүл гэх мэт) харин баруун талд нь үнэлгээгээ бичээрэй (дуртай, дургүй, огт хамаагүй гэх мэт). Ийм хүснэгт бөглөж үзсэнээр та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, дуртай зүйлсдээ илүү анхаарал тавих болно.

Санхүүгээ төлөвлөх

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс (фото 4)

Танд хэзээ нэгэн цагт Парис хот руу аялах эсвэл шинэ утас худалдан авах зэрэг санхүүгийн зорилго байгаа юу? Тэгвэл хуримтлал үүсгэх цаг иржээ.

  • Excel, Google Sheets аль эсвэл тусгай санхүүгээ хянах утасны аппликейшнд бүх зардал, орлогоо бичиж хэвшээрэй. Мөн зорилгодоо хүрэхийн тулд шаардлагагүй жижиг зүйлсэд мөнгө үрэхээ болих хэрэгтэй.

Шинэ хэл сурч эхлэх

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс (фото 5)

Өнөөгийн цаг үед шинэ хэл сурах нь маш хялбар бөгөөд бүгдэд хүртээмжтэй зүйл болсон билээ. Та уйтгартай дүрэм сурахыг хүсэхгүй байгаа бол гадаад хэл дээр цуврал үзэх, ном унших, гадаад хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр харилцах зэрэг олон боломжуудаас сонголтоо хийгээд шинэ хэлээ сураарай.

Гэр бүл болон найз нөхөдтэйгөө илүү ойр дотно болох

Энэ зуны амралтаараа хийж амжуулах зүйлс (фото 6)

Бидний хамгийн дотны хүмүүс бол гэр бүл болон найз нөхөд юм. Амралтаараа тэдэнтэйгээ цагийг аль болох хамт өнгөрүүлж, сайхан дурсамжуудыг бий болгоорой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх