Airbnb сайн үйлсийн аян эхлүүлж байна
Архитектор Камерон Синклер төслийг удирдана
Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компани нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөр нь таван жилийн хугацаанд 100,000 хүнийг түр зуурын орон байраар хангах зорилготой юм.
Камерон Синклерийн удирдаж буй уг төсөл энэ зунаас эхлэн хэрэгжинэ. Сайн үйлсийн аянд нэгдэхийг хүссэн байр, байшин, өрөө болон бусад орон сууц эзэмшигчид Airbnb вебсайтад "hosts for good" нэрээр бүртгүүлж, орон байр хайж буй байгалийн гамшигт өртсөн хүмүүс, дүрвэгсдэд туслах боломжтой.
Архитектор Камерон Синклер нь "Architecture for Humanity" төслийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр энэхүү төслийн хүрээнд дэлхийн халуун цэгүүдэд эмнэлэг ба спорт цогцолбор барьж, гамшигт өртсөн хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, гэмт хэрэг ихтэй дүүргүүдийн амьдрах орчныг сайжруулах аяныг хэрэгжүүлдэг билээ.