Анимэ селфитэй болохын тулд хувийн мэдээллээ өгөх шаардлага гарна
Татаж авахаасаа өмнө сайтар бодоорой!
Селфи зураг засахад зориулсан хятадын Meitu аппыг сүүлийн хоёр хоногт App Store-оос 100-200 мянган удаа, Google Play-ээс 10-50 сая удаа татаж авчээ. Энэхүү аппын ижил нэртэй толгой компанийн мэдээллээс харахад Meitu-г өдөрт 450 сая хүн ашигладаг байна. Тус аппыг хамгийн анх 2007 онд танилцуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоног хүртэл аппын америк хэрэглэгчдийн тоо ердөө л хэдэн зуун мянгаар тоологдож байсан юм. Тэгвэл хэд хоногийн өмнөөс энэ тоо огцом өсчээ.
Meitu апп нь зургийг янз бүрийн фильтрийн тусламжтай засч янзалдаг бөгөөд хацарт ягаан туяа нэмж, арьсны өнгийг цайруулж, нүдийг томруулж, уруул будах зэргээр селфиг анимэ хэв маягт хувиргадаг. Хэдхэн хоногийн дотор Дрейк, Путин, Бейонсе, Трамп зэрэг алдартнуудын анимэ зургууд цахим ертөнцөд тархаад байна.
Time сэтгүүлийн мэдээллэснээр уг апп нь зөвхөн зураг янзлаад зогсохгүй дотор нь суулгасан кодын тусламжтай тухайн ухаалаг утасны эзний бүхий л мэдээллийг хуулан авч Хятадын сервер лүү илгээдэг гэнэ. Жишээ нь сим карт, Wi-Fi, үүрэн холбооны оператор болон хувийн мэдээллийг газарзүйн байршилтай хамт авдаг байна. Эдгээр бүх мэдээллүүд таны зургийг засч янзлахад ямар ч хэрэггүй гэдгийг дурдах илүүц биз.