Батлагдсан: Амжилтанд хүрэх нь IQ бус хувийн зан чанараас шалтгаалдаг
Зарим хүмүүс тийм ухаантай хэрнээ яагаад ядуу байдаг вэ?
Шинжлэх ухааны салбарт дэлхийн хамгийн нөлөө бүхий Proceedings of the National Academy of Sciences сэтгүүл 2000 оны Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Хекман болон хэсэг эрдэмтдийн тайланг нийтэлсэн байна. Энэхүү тайланд хүний IQ түвшин, санхүүгийн амжилт болон хувийн зан чанарын хоорондын холбоог судалж, үр дүнг нь дэлгэжээ.
Эрдэмтэд санал асуулгын тусламжтайгаар АНУ, Их Британи, Голланд улсын мянган хүний амьдралын хэв маягийн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. Жишээ нь судалгаанд хамрагдагсдын биеийн жин 10 жилийн хугацаанд хэрхэн хэлбэлзсэн, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэх, сурлагын түвшин зэрэг маш олон талын мэдээллүүдийг авчээ.
Жеймс Хекман шударга ба шаргуу зан, ажилсаг байдал, хувийн сахилга бат санхүүгийн амжилтанд нөлөөлдөг гэдгийг судалгааны үр дүнд тогтоосон юм. Хувийн зан чанарын сорилтоор IQ түвшин тогтоох шалгалтыг амжилттай давж байсан хүмүүсээс илүү дээрх шинж чанаруудыг агуулж байсан оролцогчдын ирээдүйг урьдчилан таамаглахад илүү хялбар байжээ. Өндөр IQ-тэй хүмүүст амжилт гаргахад оюун ухааны сорилоор шалгаж болдоггүй ур чадварууд дутагддаг гэдгийг Хекман тэмдэглэсэн юм.
Судлаачид оюуны чадвараа хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон ч эмх цэгцтэй байдал, хариуцлага, сахилга бат зэрэг хувийн чанаруудыг (тэр тусмаа залуу насандаа) бий болгох нь бүр ч их хэрэгтэй гэдгийг тодотгосон. Яг энэ хувийн шинж чанарууд л ирээдүйд амжилтанд хүрэх суурь болж өгдөг байна.