Батлагдсан: Хэт их суух нь таныг найман насаар хөгшрүүлнэ
Эсийн түвшинд
Өдрийн цагаар хэт их суух нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчин, эмгэг үүсгэдэг гэдгийг бид мэднэ. Үүний шалтгаан нь ч тодорхой. Хөдөлгөөний дутагдал эдгээр эмгэгүүдийг үүсгэх гол шалтгаан болдог. Тэгвэл удаан суух нь биологийн явцаар хүний эсэд муу нөлөө үзүүлдэг болохыг American Journal of Epidemiology сэтгүүлийн нийтэлсэн судалгаа баталж байна.
Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаачид хэт удаан суух нь хүний хромосомд хэрхэн нөлөөлж буйг олж тогтоожээ. Эрдэмтэд ахимаг насны 1,500 эмэгтэйг туршилтанд хамруулсан бөгөөд тэдний цуснаас дээж авч судалгааг хийсэн юм. Мөн туршилтанд хамрагдсан хүмүүст тэдний өдөр тутмын хөдөлгөөнийг бүртгэдэг тусгай төхөөрөмжийг долоон хоногийн турш биед нь суурилуулж өгчээ. Судалгааны үр дүнд өдөрт 10-аас дээш цаг суудаг, 30-аас бага минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн биологийн нас, идэвхтэй амьдардаг хүмүүсийнхээс найман жилээр түрүүлж байжээ. Эдгээр хүмүүсийн теломер буюу хромосомын төгсгөлүүд нь богиноссон (эс хуваагдах бүрт теломер богиносч байдаг) байсан нь судалгааны үр дүнгээс илэрсэн юм. Харин богино теломер нь биологийн насны хөгшрөлт явагдах гол шалтгаануудын нэг болдог байна.
Судалгааны багийн удирдагч Алладин Шадиаб хэлэхдээ "Дасгал хөдөлгөөн хийдэггүй, удаан хугацааны турш суудаг хүмүүсийн теломерын урт нь богиноссон байсан. Өөрөөр хэлбэл өдөрт 10-аас дээш цаг суудаг, хөдөлгөөний дутагдалтай эмэгтэйчүүдийн биологийн нас нь илүү өндөр бөгөөд тэдний эсэд илүү хурдацтай хөгшрөлт явагддаг" гэжээ. Нөгөөтэйгүүр дасгал хөдөлгөөн нь эсийн түвшний хөгшрөлттэй тэмцэх чадвартай гэдгийг энэхүү судалгаа баталсан байна.