Хайх

Канселдах хөдөлгөөн: Шударга ёс уу, үзэн ядалт уу?

Канселдах хөдөлгөөн: Шударга ёс уу, үзэн ядалт уу?

Text: Д.Марал


Зураг: М.Оюунханд

Velin сэтгүүлийн Хавар-зун 2022 дугаарт нийтлэгдсэн, канселдах соёлын эргэн тойрон дахь асуудлыг хөндсөн бичвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. Velin сэтгүүлийн хоёр дахь дугаар худалдаанд гарсан бөгөөд Good Price сүлжээ дэлгүүр, Internom-ын салбар дэлгүүрүүд, AlphaBook номын дэлгүүрийн Blue Sky дахь салбар, Эрдэнэт хотын La Fami Luxury Home Style дэлгүүр болон Shoppy.mn сайтаас худалдан аваарай.

Хүн нэрээ, тогос өдөө гэдгийн адил нэр төрөө хамгаалах нь өнөөдөр эн тэргүүний асуудал болоод буй. Сүүлийн жилүүдэд цахим сүлжээгээр олны танил хүмүүс болон нэр хүндтэй байгууллагууд “cancel culture” буюу олноороо нийлж эсэргүүцэх, цуцлах, үзэн ядах, олон нийтийн өмнө уучлалт гуйхыг шаардах хөдөлгөөнд тогтмол өртөх болсныг анзаарахгүй байхын аргагүй. Хэдэн тод жишээ дурдвал, саяхан гэхэд Balenciaga-гийн шинэ цуглуулгын сурталчилгаанд үзэгдсэн дүрслэлүүд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг өөгшүүлж, аюулгүй байдалд нь халдаж байна гэдэг шалтгаанаар уг брэнд нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан бол жүжигчин Уилл Смит 2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Крис Рокийг цохиж, улмаар маш их шүүмжлэлд өртсөн бөгөөд түүний Оскарын наадамд оролцох эрхийг нь 10 жилээр хассан билээ. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд өртсөн өөр тохиолдлуудыг нэрлэвэл, зохиолч Жоан Роулинг трансжендэр хүмүүсийн эсрэг утга бүхий пост нийтэлсэн нь, рэппер Трэвис Скоттын зохион байгуулсан хөгжмийн фестивал дээр үүссэн эмх замбараагүй байдлаас үүдэн нийт 10 хүн амиа алдсан нь олны ой санамжаас арчигдаагүй л байна. Эдгээр олны танил хүмүүс болон брэнд хийсэн үйлдэл, хэлсэн үгсийнхээ үр дүнд шүүмжлүүлж, сошиал орчинд томоохон цохилтод өртөж, нэр хүндээ алдсан юм. Үүгээр ч зогсохгүй алдартнууд ажил, карьераа цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд хүрч, дахин олон нийтийн өмнө гарах нүүргүй болсон гэхэд хилсдэхгүй. Дээрх жишээнүүдийн заримыг нь дүгнэвээс хэн нэгэнд бодит хор хөнөөл учруулаагүй, харин ердөө ямар нэгэн сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, мөн хууль дүрэм зөрчөөгүй, харин ердөө өөрийн сонголтоо хийсэн алдартнууд болон томоохон компаниуд энэхүү хатуу үр дагавартай, нийгэмд эзлэх байр суурийг нь бүр мөсөн ганхахад хүргэх чадвартай “канселдах хөдөлгөөн”-д өртөх нь ихээхэн тохиож байна. Мэдээж канселдах хөдөлгөөн нь хууль бус, нийгмийн эсрэг үйлдэл хийж, хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож, хэн нэгэнд, эсвэл бүлэг хүмүүст сэтгэлзүйн болон бие махбодын хохирол учруулсан этгээдүүдийн хэргийг олонд дэлгэж, цаашид иймэрхүү үйлдлүүд бага гарахад хувь нэмрээ оруулж байгаа нь үнэн. Гэвч тухайн хүний гэр бүл, амьдрал ахуй, бүр цаашлаад сэтгэлзүйд нь сөргөөр нөлөөлж, эсэргүүцэлд өртсөн хүний хийсэн бүтээл, хэрэгжүүлсэн төслүүдийг нь ч хүртэл канселдах нь орчин үеийн сэтгэлгээ гэж үү?

Канселдах хөдөлгөөн: Шударга ёс уу, үзэн ядалт уу? (фото 1)

Олон нийтээрээ эсэргүүцэх үзэгдлийн ХИЛ ХЯЗГААР, ЗААГ нь хаагуур, мөн хэрхэн хэмжигдэж байна вэ? Энэ асуултуудад тодорхой хариулт өгөх нь өнөөгийн нийгэмд чухал ач холбогдолтой болоод байна.

Учир нь канселдах хөдөлгөөн бусад мэдээ мэдээллээс илүүтэйгээр олны анхаарлыг татаж, өөр өөр салбаруудад багагүй өөрчлөлтүүдийг дагуулахаас гадна та бидний амьдралд ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буйтай маргахын аргагүй.


Канселдах хөдөлгөөний гол утгыг тайлбарлавал, энэ нь цахим ертөнцийн эрин үед эрчимтэй дэлгэрч эхэлсэн бөгөөд интернэт хэрэглэгчид тодорхой нэгэн хүний гаргасан ёс зүйгүй үйлдэл болон хэлсэн үгээс нь улбаалан түүнийг “шийтгэж”, улмаар бүхий л байдлаар нэр хүндэд нь халдаж эхэлдэг. Тэд дэлхий нийтийг анхааруулах зорилгоор үйлдсэн хэргийнх нь талаар аль болох олон хүнд хүргэж, цахим сүлжээнүүдээр эсэргүүцсэн мэдээлэл эрчимтэй түгээсний үр дүнд канселдах үзэгдэл маш олон салбарыг хөнддөг. Мөн тэд эсэргүүцэж буй хүнээ ажлаасаа халагдах, байгууллагуудтай хийсэн сурталчилгааны гэрээгээ цуцлах, ямарваа нэгэн нийтийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзах, эрүүгийн хариуцлага хүлээхийг шаардах тохиолдол ч бий. Ерөнхийдөө алдартнууд болон томоохон компаниудын бусдад үзүүлдэг нөлөө асар их байдаг учраас ийнхүү олон нийт тэднийг хариуцлагатай байхыг шаардаж, үг болон үйлдлийг нь хатуу шүүмжилдэг гэж шинжээчид үзэж байгаа юм.

Тэгвэл хамгийн гол нь бодит байдал дээр канселдах хөдөлгөөн өөрийн анхдагч үүрэг, зорилгоо биелүүлж чадаж байна уу? Бид асуудалд хангалттай гүн гүнзгий нэвтэрч, хоёр талыг нь сонсож байна уу, аль эсвэл бүрэн ойлголт аваагүй хэр нь өнгөцхөн дүгнэлт хийж байна уу? Мэдээж өмнө нь дурдсанчлан канселдах хөдөлгөөн өнөөгийн нийгэмд тодорхой давуу талуудыг бий болгож, эерэг өөрчлөлтүүдийг авчирсаар байгаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам интернэт хэрэглэгчид өөрт нь таалагдаагүй хүн, байгууллагыг зоргоороо канселдаж, баримт нотолгоо дээр үндэслэлгүй гэм буруу тохдог болсон нь хүмүүсийн санааг ихэд зовоож байна. Мөрөөрөө амьдарч байсан нэгний авьяас, зүтгэлийг нь ч, амьдрах хүслийг нь хүртэл суульж орхисон тохиолдлууд олон бий. Гэм буруутай, нийгмийн эсрэг байр суурьтай хүмүүсийг зүй ёсоор шийтгэж, хийсэн үйлдлийг нь олон нийтэд таниулах зорилготой байсан энэ хөдөлгөөн яг одоо тодорхой нэгнийг гутаан доромжлох, гүтгэх хөдөлгөөн болж хувирсныг олон нийт онцолсоор байгаа хэдий ч үүнийг хэн ч зогсоож дийлэхгүй байна. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бүсгүй Лоретта Росс 2019 онд канселдах хөдөлгөөнийг “ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлын асуудалд анхаарлаа хандуулахын оронд өөртэй нь бүрэн санал нийлэхгүй байгаа хэн нэгнийг эсэргүүцэх хандлагатай, хортой үзэгдэл” хэмээсэн удаатай. Интернэт орчин дахь доромжлол, дарамт, гүтгэлэг зэргийг хуулиар шийтгэдэг ч шүүх ажиллагаанд зарцуулагдах үнэлж баршгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгөнөөс болоод ч тэр үү канселдуулсан хувь хүн, хуулийн этгээдүүд тэр бүр нэр төрөө сэргээх зорилготой шүүхээр хөөцөлддөггүй байна. Угтаа бол энэхүү буруу тал руугаа эргэсэн сөрөг хандлагыг таслан зогсоох, багасгах гол арга зам нь шүүхээр шийдүүлэх билээ.


Канселдах хөдөлгөөн: Шударга ёс уу, үзэн ядалт уу? (фото 2)

Тухайлбал, хуулийн зохицуулалтаар нэр төрөө сэргээх боломжтой гэдгийг жүжигчин Жонни Деппийн жишээнээс харж болно. 2016 онд жүжигчин Эмбер Херд хуучин нөхөр Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан ба Жонни Депп бүх мэдэгдлийг няцаасан ч олон нийт түүнийг эсэргүүцэж, улмаар тэрээр цаашид карьераа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж канселдуулсан юм. Тэгвэл нийтдээ зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурлын явц (2019 оны хоёрдугаар сард анх шүүхэд өгсөн ч гурван жил гаран хугацааны дараа болж буй хурал) болоод түүний талд гарсан шүүхийн шийдвэр нь олон нийт дунд Жонни Деппийн нэр хүндийг буцаан сэргэхэд хүчтэй түлхэц боллоо. Ерөнхийдөө энэхүү шийдвэр цаашдаа гүтгэлгийн шинжтэй канселдах үйл явцын эсрэг эргээд нэр төрөө сэргээж болох, мөн санаан зоргоороо хэн нэгэн этгээдийг гүтгээд байж болохгүй тухай маш сайн жишиг тогтоож өгсөн билээ.

Тиймээс канселдах хөдөлгөөн орчин үеийн нийгмийн салшгүй хэсэг болж, зарим талаараа хэрэгцээтэй байгаа ч зах замбараагаа алдаж байгааг тооцон, интернэт хэрэглэгчид хүссэн нэгнийгээ үндэслэлгүй канселдсанаар хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарч, энэхүү хоёр иртэй хутгыг өөрийн уур бухимдлаа гаргах зэмсэг болгон ашиглахаа зогсоох хэрэгтэй гэдгийг ухамсарлах цаг хэдийн иржээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх