Carly гэж ямар хүмүүсийг хэлэх вэ: Маркетерууд "Z" үеийнхэнд шинэ нэр бодож олжээ
Тэд TikTok болон мимд дуртай бөгөөд Грета Тунбергээс үлгэр дууриалал авдаг
Future Commerce болон Klaviyo маркетингийн компанийн мэргэжилтнүүд Зүмерүүд буюу "Z" үеийнхэнд (1996-2017 онд төрсөн хүмүүс) шинэ нэр бодож олсон байна. Тодруулбал одоо тэднийг "Carly" хэмээн нэрлэж болох аж. The Business Insider сэтгүүлийн мэдээллэснээр Carly гэдэг нь "Can't afford real life yet" буюу хараахан жинхэнэ амьдрал худалдаж авах чадамжгүй гэсэн үгсийн товчлол юм.
Маркетеруудын үзэж буйгаар Зүмерүүд одоогоор хангалттай мөнгө олж чадахгүй байгаа ч тун удахгүй түүхэнд төрсөн хамгийн өндөр худалдан авах чадамжтай үеийнхэн болно гэжээ. Мөн 25-аас доош насны ангилалд хамрагдах эдгээр хүмүүс нь мим, өнгөрсөн үе, "үзэмжгүй" загварын чиг хандлагад дуртай бөгөөд Грета Тунбергээс үлгэр дууриалал авдаг гэнэ.
Сонирхуулахад шинэ мянганыхан ч гэсэн өөрсдийн гэсэн нэршилтэй болжээ. Тэднийг мэргэжилтнүүд Henry буюу "High earner not rich yet" (өндөр цалин авдаг ч хараахан баяжаагүй) хэмээн тодорхойлсон байна. Жишээлбэл АНУ-ын Henry үеийнхэн жилд дунджаар 100,000-250,000 ам.долларын цалин авдаг ч өөрсдийгөө хангалттай их мөнгө олдог гэж тооцдоггүй гэжээ.