Дуучин Леди Гагагийн нохой салхилуулагчийг буудаж, нохдыг нь хулгайлжээ
Дуучин бүсгүй мэдээлэл өгсөн хүнд 500,000 ам.доллар амласан байна
Өнгөрсөн шөнө Холливүүдэд нохой салхилуулагч Райан Фишер дуучин Леди Гагагийн гурван нохойг салхилуулж байхдаа цээжиндээ дөрвөн удаа буудуулжээ. Халдлага үйлдсэн этгээдүүд дуучин бүсгүйн хоёр Франц бульдогийг хулгайлан зугтсан байна.
Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд Фишер өөрийн ухаантай байсан ч арай ядан амьсгалж байжээ. Улмаар тэрээр эмнэлэгт хүргэгдсэн болохыг эх сурвалж мэдэгдлээ. Сайн мэдээ дуулгахад тэр бүрэн эдгэрнэ гэж эмч нар үзэж байна.
The Daily Mail сонины мэдээлснээр Райан Фишер Леди Гагагийн Miss Asia, Koji, Gustav гэх гурван нохойг салхилуулж байсан бөгөөд энэ үеэр хоёр этгээд түүнийг буудаж, хоёр нохойг нь хулгайлжээ. Харин Miss Asia гэмт этгээдүүдээс зугтаж чадсан ба нохойг ойр орчимд байсан хүмүүс аварсан байна. Одоогийн байдлаар гэмт этгээдүүд анхнаасаа нохдыг хулгайлах зорилготой байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Дашрамд дурдахад Франц бульдог үүлдрийн нохой 1,500-10,000 ам.долларын үнэтэй байдаг учраас гэмт хэрэг үйлдэх шалтгаан болох өндөр магадлалтай гэж цагдаа нар үзэж байна.
Леди Гага өөрөө Ром хотод "Gucci" нэртэй киноны зураг авалттай байгаа бөгөөд болсон явдалд маш их сэтгэл нь зовж байгаагаа TMZ-д хуваалцжээ. Мөн тэрээр нохдыг нь олоход тусалж, тэдний байгаа газрын талаар мэдээлэл өгсөн хүнд 500,000 ам.долларын урамшуулал өгөхөө мэдэгдсэн байна.