Батлагдсан: Элсэн чихэр орлуулагчтай хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд хортой
Зүгээр л ус уу!
Элсэн чихэр ихээр агуулсан хийжүүлсэн ундаа илүүдэл жин, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэх гол шалтгаануудын нэг болж, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг. Тиймээс л бид элсэн чихэр агуулаагүй, илчлэггүй хийжүүлсэн ундааг сонгодог болсон. Тэгвэл Бостоны Анагаах Ухааны Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөрт нэг лааз элсэн чихэр орлуулагчтай хийжүүлсэн ундаа уух нь оюун ухаан муудах (деменция), цус харвах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг гэдгийг баталсан байна. Энэ тухай Америкийн зүрхний нийгэмлэгийн "Stroke" сэтгүүлд бичжээ.
Тэд 45-аас дээш насны 2,888 хүн болон 60-аас дээш насны 1,484 хүмүүсийн дунд судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааны үр дүнд өдөр бүр элсэн чихэр орлуулагчтай (аспартам, сахарин), хийжүүлсэн ундаа уудаг хүмүүс судасны бөглөрөл болж цус харвах эрсдэл нь гурав дахин их байсан бол оюун ухаан муудах өвчин тусах магадлал нь долоо хоногт нэг ба түүнээс доош удаа ийм төрлийн ундаа уудаг хүмүүстэй харьцуулбал 2,9 дахин өндөр байжээ.
Хачирхалтай нь эрдэмтэд элсэн чихрийн агууламжтай ундааг дээрх өвчнүүдтэй холбоотой болохыг олж тогтоогоогүй юм. Тэгэхдээ судлаачид элсэн чихрийн агууламжтай ундааг эрүүл сонголт биш гэдгийг онцолсон байна. Бостоны Анагаах Ухааны Их Сургуулийн доктор Мэттью Пейс "Бид элсэн чихэртэй эсвэл элсэн чихэр орлуулагчтай ундааны оронд ус уухыг хүмүүст зөвлөж байна" гэжээ.