Энэ зуны онцлох 4 үйл явдал
Хэн бүхний хүсэн хүлээдэг налгар зуны улирал хаяанд иржээ. Энэ жил дэлхий дахинаа чухал, ач холбогдолтой үйл явдлуудаар дүүрэн зун болж өнгөрөх нь ээ. Тухайлбал, дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг зуны олимпын наадам энэ зургаадугаар сард тохиож буйгаас гадна дэлхий даяар олон тооны сонгууль зэрэг зохион байгуулагдаж буйгаараа түүхэн ач холбогдол өндөртэй жил болж байна. Ингээд уншигч та бүхэндээ энэ зун өрнөх дөрвөн чухал үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улсын Их Хурлын ээлжит сонгууль
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ жилийн сонгууль томсгосон тойргоор, холимог тогтолцоогоор явагдаж бид 126 парламентын гишүүн сонгох билээ. Ингэхдээ 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх мажоритар аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх пропорциональ аргаар сонгох бөгөөд энэ удаагийн сонгуульд 19 нам болон эвслээс 1,970 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Сонгуульд саналаа өгөх иргэн та нам, эвсэл болон нэр дэвшигчдийн намтар түүхтэй сайтар танилцахаас эхлээд боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтэц, соёл зэрэг улс орны чухал асуудлуудад хэр бодитой хандаж буйг гойд чухалчлан саналаа өгөхийг уриалж байна.
Евро – 2024, Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
2024 оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ний хооронд Герман улсын Мюнхен хотод 17 дахь удаагийн Европ тивийн эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Евро-2024 эхлэх гэж байна. Энэхүү тэмцээн Герман улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Берлин, Кёльн, Мюнхен, Франкфурт, Хамбург, Дортмунд, Лейпциг, Гельзенкирхен, Штутгарт, Дюссельдорф гэсэн арван хотод нийт 51 тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэмцээнд нийт 24 орны шигшээ баг өрсөлдөх болно. Нээлтийн тоглолт Мюнхен хотын Allianz Arena цэнгэлдэх хүрээлэнд, зохион байгуулагч Германы шигшээ баг болон Шотланд улсын шигшээ багуудын хооронд явагдах бол финалын тоглолт долоодугаар сарын 14-ний өдөр Берлин хотын Olympiastadion цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Парис – 2024, 33 дахь удаагийн Зуны олимпын наадам
Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Зуны олимпын наадам энэ удаад Франц улсын Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдахаар болжээ. 1900, 1924 онуудад Зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай Франц улс ийнхүү гурав дахь удаагаа тус наадмыг дахин зохион байгуулж байгаа бөгөөд олимпын нээлтийн түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус Парис хотын дундуур урсах Сена мөрөн дээр зохион байгуулж буйгаараа онцлог юм. Олимпод оролцох 200 орчим орны төлөөллүүд тус бүр өөрсдийн завиар Сена мөрөн дээгүүр нийт зургаан километрийн турш явж үзэгчидтэй мэндлэх ба ойр орчимд байрлуулсан 80 том дэлгэцээр ёслолын арга хэмжээг шууд дамжуулах аж. Нийт 16 хоногийн турш үргэлжлэх Парис-2024 зуны олимпын наадмаар дэлхийн шилдэг 10,000 гаруй тамирчин 32 спортын төрөлд өрсөлдөх болно. Харин манай улсын хувьд буудлага, байт харваа, бокс, дугуйн спорт, чөлөөт бөх, марафон, жүдо зэрэг төрлүүдэд өрсөлдөх билээ.
Парис – 2024, 17 дахь удаагийн Зуны паралимпын наадам
33 дахь удаагийн Зуны олимпын наадам дууссанаас 17 хоногийн дараа буюу наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Парис-2024 паралимпын наадам эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 4,000 гаруй тамирчин 549 медалийн төлөө хурд, хүчээ сорих юм. Пара спортын тамирчид ширээний теннис, гар бөмбөг, усан сэлэлт, жүдо зэрэг ганцаарчилсан болон багийн спортын 22 төрлөөр 12 өдрийн турш өрсөлдөх бөгөөд энэ жилийн паралимпын наадмыг Монгол улсад анх удаа шууд дамжуулах болсноороо онцлог болж байна.