Хайх

Гэртээ зочны өрөөтэй байх нь яагаад чухал вэ?

Гэртээ зочны өрөөтэй байх нь яагаад чухал вэ?

Нойргүйдэл ба интернет донтолтын эсрэг эм болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Зочны өрөө нь хүний сэтгэл санааны байдалд сайнаар нөлөөлж, сэтгэл гутралаас аврахаас гадна нойрны чанарт нөлөөлдөг болохыг Dazed сэтгүүл бичиж байна.

Тухайн хүний амьдарч, ажиллаж, хооллож, нойрсож буй орчин нь сэтгэл санааны байдалд нь шууд нөлөөтэй. Гэсэн ч олон хүн орон байраа тохижуулахдаа үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Орчин үеийн том хотод амьдарч буй хүмүүс хамгийн түрүүнд прагматик байдлыг чухалчилдаг бөгөөд үүнээс үүдээд хямд үнэтэй, жижиг орон зай сонгох тохиолдол бий. Үүний үр дүнд тухайн хүн зөвхөн нэг өрөөнд л "түгжигдэж", ор гэдэг зүйл түүний хувьд зөвхөн амрах хэсэг болоод зогсохгүй, ажлын орон зай, хоолны ширээ, тэр ч бүү хэл олон нийтийн сүлжээний тавцан болж хувирдаг.

Саяхан алдарт архитектор Патрик Шумахер өнөө үед зочны өрөө нь тансаглал болон хувирсан хэмээн хэлсэн байдаг. "Бүхэл өдрийн турш интернетэд цагаа өнгөрүүлдэг залуу мэргэжилтнүүдийн хувьд зочид буудлын өрөөний хэмжээтэй, цэвэрхэн жижиг орон зай л хангалттай байдаг" гэжээ.

Гэхдээ тэрбээр орон зайн хангалтгүй байдал нь хүний нойрны чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг тооцоолоогүй бололтой. Нью-Йорк дахь Нойрны өвчний институтийн тэргүүн Гэри Заммит хэлэхдээ хүмүүс унтлагын өрөөндөө хэт олон зүйл багтаах гэж хичээдэг нь тэдний хамгийн том алдаа бөгөөд энэ нь маш аюултай гэдгийг онцолжээ. "Хүмүүс оройн 22:00 цаг хүртэл унтлагын өрөөг ажлын өрөө эсвэл зугаа гаргах орон зай хэлбэрээр ашигласныхаа дараа шууд л гэрлээ унтраан унтахыг хүсдэг. Гэхдээ тархи ингэж ажиллаж чадахгүй шүү дээ" хэмээн эрдэмтэн дурдсан байна. Түүний хэлснээр нойр дутуу байх нь бидний тухайн өдрийн сэтгэл санааны байдалд төдийгүй, цаашдын сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг онцолсон юм.

Түүнчлэн виртуал орчинд хэт их харилцах нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлдөг тул бодит орчинд амарч, бодлоо цэгцлэх нь маш чухал ач холбогдолтой. Хэрэв хүн бүр ухаалаг төхөөрөмжөө ашиглаж унтлагын өрөөндөө өдрийг өнгөрөөвөл жинхэнэ утгаараа тайван байдлыг мэдэрч чадахгүй. Харин зочны өрөө нь хүмүүсийн хооронд амьд харилцаа үүсгэж, цаг хугацааг хамт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх