Хайх

Их Британийн хатан хаан хунтайж Харри ба Меган Маркл нарын талаар албан ёсны мэдэгдэл хийлээ

Их Британийн хатан хаан хунтайж Харри ба Меган Маркл нарын талаар албан ёсны мэдэгдэл хийлээ

Гэр бүлийн хурлын үр дүн

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн долоо хоногт Их Британийн хунтайж Харри ба түүний гэргий Меган нар хатан хааны гэр бүлээс хараат бус, бие дааж амьдарна гэдгээ зарлаж дэлхий даяар шуугиан тариад байсан билээ. Тэгвэл Сассексын гүн болон гүнгийн авхай нарын гаргасан энэхүү гэнэтийн шийдвэрийн дараа өдгөө 93 настай хатан хаан II Элизабет өөрийн хүү Уэльсийн хунтайж Чарльз, ач хүү Кембрижийн гүн Уильям болон түүний дүү хунтайж Харри нарыг Норфолк дахь Сандрингемийн ордонд яаралтай зарлан дуудаж, Сассексынхны ирээдүйн талаар хуралджээ.

Энэхүү шуурхай гэр бүлийн хурлын дараа хатан хаан албан ёсны мэдэгдэл хийсэн байна. "Өнөөдөр манай гэр бүл миний ач хүү болон түүний гэр бүлийн ирээдүйн талаар хуралдаж үр дүнд хүрлээ. Би болон манай гэр бүл Харри, Меган нарын шинэ амьдрал эхлүүлэх хүслийг бүрэн дэмжиж байна. Хэдийгээр бид тэднийг язгууртны гэр бүлийн бүрэн эрхт гишүүн байлгахыг илүүд үзэж байгаа ч тэдний бие дааж амьдрах хүслийг хүндэтгэж бас ойлгож байна. Тэд миний гэр бүлийн чухал хэсэг хэвээр байх болно.

Харри ба Меган нар шинэ амьдралаа Их Британи улсаас санхүүжүүлэх хүсэлгүй байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Үүнээс улбаалж шилжилтийн үе байх хэрэгтэй гэдэгтээ бид санал нийлсэн бөгөөд энэ хугацаанд Сассексынхан Канад болон Их Британи гэсэн хоёр орны хооронд амьдрах болно. Мөн манай гэр бүлд шийдэх хэрэгтэй асуудлууд байгаа ч ирэх хэдэн хоногийн дотор эцэслэн шийдэгдэнэ гэж итгэж байна" хэмээн эрхэм дээдэс мэдэгджээ.

Эргэн сануулахад хунтайж Харри ба Меган Маркл нар санхүүгийн хувьд бие даана гэдгээ мэдэгдсэн билээ. Гэвч Сассексынхны санхүүгийн эх үүсвэрийн ердөө 5%-г Их Британийн татвар төлөгчдийн мөнгө (Sovereign Grant) бүрдүүлдэг байна. Харин хосууд орлогынхоо 95%-г хунтайж Харригийн аав, Уэльсийн хунтайж Чарльзаас (үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн хөрөнгө оруулалтын замаар олсон орлого) авдаг болохыг BBC мэдэгджээ. Өөрөөр хэлбэл хунтайж Харри ба Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн бүрэн эрхт гишүүний үүргээсээ чөлөөлөгдсөнөөр татвар төлөгчдийн мөнгөнөөс татгалзаж байгаа ч хунтайж Чарльзын санхүүжилтийг хүртсээр байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх