Хайх

iPhone 8-ын талаарх цуурхлууд: Шинэ iPhone 999 доллараас дээш үнэтэй байна

iPhone 8-ын талаарх цуурхлууд: Шинэ iPhone 999 доллараас дээш үнэтэй байна

Технологийн ертөнцөд хувьсал авчирсан шинэ бүтээл төрж магадгүй гэх цуурхал газар авсаар

Text: Buro.Mongolia


Шинэ iPhone 8 ухаалаг гар утас ямар байх тухай таамаглалуудыг бид хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сард  танд нэгтгэн хүргэсэн билээ. Бидний одоо мэдэж байгаа зүйл гэвэл шинэ iPhone нь Apple компанийн арван жилийн ойд зориулагдсан, утасгүй цэнэглэгч, ОLED дэлгэцтэй, илүү хурдан А11 чиптэй гарах өндөр магадлалтай байгаа. Тэгвэл саяхан Business Insider сэтгүүл iPhone 8-ын загварыг харуулсан концепци видео нийтлэж, бидэнд тодорхой төсөөлөл өгсөн юм. Үүний дараа нь технологийн мэргэжилтнүүд ээлжит таамаглалуудаа гаргасан байна. Тухайлбал Goldman Sachs-ын шинжээч Симона Жанковски мэдэгдэхдээ iPhone 8 утас 128 GB-ын багтаамжтай нь 999 доллар, 256 GB багтаамжтай нь 1099 долларын үнэтэй худалдаанд гарах магадлалтай гэжээ. Хэмжээний хувьд одоогоор гурван хувилбар яригдаж байна. Эхний хувилбар нь 5,5 инчийн хэмжээтэй OLED дэлгэц, хос камертай хувилбар бол хоёр дах нь 5,5 инчийн LCD дэлгэцтэй загвар, гурав дах нь 4,7 инчийн LCD дэлгэцтэй загвар гарч магадгүй юм.

Шинэ загвар танилцуулах хугацааг Apple компанийн зүгээс тодорхой болгоогүй байгаа ч ирэх есдүгээр сард байх өндөр магадлалтай гэж Nikkei Asian Review мэдэгдсэн байна. Тэгэхдээ зарим эх сурвалжууд Apple компани 2018 оноос өмнө шинэ загвараа танилцуулж амжихгүй гэж бичсэн нь ч бий. 

Мөн шинэ iPhone нь OLED дэлгэцтэй, дэлгэцэн дээрээ хурууны хээ уншигч "Home" товчлууртай болох бөгөөд Samsung компани ийм 100 сая дэлгэцийг Apple-д нийлүүлэх бололтой. Учир нь Apple-д зориулан их хэмжээний ухаалаг утасны дэлгэц нийлүүлэх хүчин чадалтай өөр компани зах зээл дээр  байхгүй тул технологийн ертөнцийн хоёр аварга компани хамтран ажиллах болсон байна. Тэгэхдээ энэ зах зээлд өөр өрсөлдөгчид ч бий. Тухайлбал Sharp компани OLED дэлгэцний үйлдвэрлэлд 566 сая долларын хөрөнгө оруулалт хийж, энэ зургаадугаар сараас эхлэн үйл ажиллагааг нь эхлэхээр төлөвлөсөн болохыг Bloomberg мэдээллэсэн байгаа. 

Шинэ загварын iPhone мөн зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн, эсвэл илүү бат бөх болгож сайжруулсан бүрэн шилэн материалтай гарна гэх таамаглал бий. Түүнчлэн хос камертай, илүү хол зайд татаж зураг авах чадвартай болох магадлалтай ажээ. Бид эдгээр таамаглалууд батлагдах, эсвэл няцаагдсан даруйд та бүхэнд шинэ мэдээлэл хүргэх болно. 

цааш үзэх