Хайх

Шинэ iPhone 8 ухаалаг утасны талаар таны мэдэх ёстой зүйлс

Шинэ iPhone 8 ухаалаг утасны талаар таны мэдэх ёстой зүйлс

Таамаглал

Text: Г.Тэмүүлэн


Цахим ертөнцөд шинэ iPhone 8 ухаалаг утасны дизайн, нээлтээ хийх тов ба үзүүлэлтийн талаарх цуурхал аль хэдийнэ тархаад эхэллээ

Өнгөрсөн есдүгээр сард Apple компани цоо шинэ iPhone 7 загварын ухаалаг утсыг танилцуулсан билээ. Тэгвэл Apple 2017 онд iPhone арван жилийн ойгоо тэмдэглэж, энэ намар шинэ iPhone 8 загварын ухаалаг утас худалдаанд гаргана гэсэн мэдээлэл технологийн вебсайтуудаар тархсан юм. Одоогийн байдлаар энэ талаар Apple компаниас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа ч эх сурвалжууд дараах таамаглалыг дэвшүүлсэн байна. 

Дизайн

Гаднах дизайны хувьд Apple энэ удаад хөнгөн цагаан эх биеэс татгалзаж, шилэн эсвэл зэвэрдэггүй ган материалаар шинэ iPhone ухаалаг утас хийнэ гэж Digital Trends вебсайт мэдээллэж байна. KGI Securities компанийн шинжээч Минг Чи Куо ч мөн үүнийг баталж шинэ iPhone утсыг хийхэд хөнгөн цагаан материал ашиглахгүй гэж мэдэгдсэн юм. Бас нэг анхаарал татаж байгаа зүйл бол хурууны хээ уншдаг Home товчийг дэлгэцэнд байрлуулна гэж Их Британийн The Sun сонин мэдээллэсэн. Ингэснээр ойрын хэдэн жил дорвитой өөрчлөлт хийгдээгүй iPhone ухаалаг утасны дизайн эрс шинэчлэгдэх бололтой.

Утасгүй цэнэглэгч

Apple компанийн хувьд утасгүй чихэвч зөвхөн эхлэл байсан бололтой. Өнгөрсөн намар Apple компани индукцийн цэнэглэх технологийн патент авах хүсэлт гаргасан нь 2017 онд нээлтээ хийх шинэ iPhone 8 загвар утасгүй цэнэглэгчтэй болно гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэжээ. Nikkei Asian Review сэтгүүлийн мэдээллэснээр Foxconn Technology Group компани iPhone 8 загварын утсанд зориулж утасгүй цэнэглэгч бүтээж байгаа гэнэ.

AMOLED/OLED дэлгэц

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Sharp корпорацийн ерөнхийлөгч, Foxconn Technology Group-ийн гүйцэтгэх захирал Тай Женг Ву шинэ iPhone-ыг илүү өргөн 5,8 инчийн, OLED дэлгэцтэй болох хэрэгтэй гэж хэлж байсан бол KGI Securities компанийн шинжээч Минг Чи Куо энэхүү ухаалаг утсыг илүү нарийн, уян хатан, хөнгөн жинтэй цоо шинэ AMOLED дэлгэцтэй болох магадлалтай гэж хэлснийг CNET вебсайт мэдээллэсэн юм. Зарим нэг уран бүтээлчид ямар ч хүрээгүй, шилэн дэлгэц бүхий iPhone 8 утасны сонирхолтой концепцийг бүтээсэн нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна.

Илүү хурдан A11 процессор

Apple компанийн чипийг үйлдвэрлэдэг Тайвань улсын TSMC компани 10 нанометр хэмжээтэй А11 процессорыг iPhone 8-д зориулан үйлдвэрлэж байгааг DigiTimes сонин мэдээллэж байна. Энэхүү шинэ чип нь 2017 оны эхээр бэлэн болно гэж тус сонин бичжээ. Дашрамд хэлэхэд A11 чип нь асар хурдан, овор багатай бөгөөд эрчим хүч хэмнэдэг гэдгээрээ давуу талтай.

Худалдаанд гарах хугацаа

Apple компани уламжлал ёсоор есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг билээ. Хэрэв өмнөх хэдэн жилүүдийн туршлагаас үзвэл 2017 оны есдүгээр сард шинэ загвараа танилцуулах магадлалтай. 

цааш үзэх