Карл Лагерфельд Ангела Меркелийг Гитлерийн хамт зурлаа
Дизайнер улс төрийн байр сууриа илэрхийлсэн байна
2017 оны аравдугаар сарын 14-нд Германы Frankfurter Allgemeine Zeitung нэртэй өдөр тутмын сонинд Chanel загварын ордны бүтээлч захирал Карл Лагерфельдын зурсан таталбар зураг нийтлэгдэх болно гэдгийг WWD сэтгүүл мэдээллэж байна.
Frankfurter Allgemeine Zeitung бол олон улсад худалдаалагддаг хамгийн өндөр борлуулалттай либерал консерватив сонин юм. Уг сонинд нийтлэгдэх зураг дээр Адольф Гитлер Германы канцлер Ангела Меркельд талархаж буйгаар дүрслэгдсэн байна. Нацистуудын удирдагч "Миний залгамжлагчдад парламентад суудал эзлэх зөвшөөрлийг санамсаргүйгээр олгосонд маш их баярлалаа" гэж хэлж байгаа харагдана. Харин маш их сандарсан Меркель "Би юу хийчих нь энэ вэ?" хэмээн амаа дарж буйгаар дүрслэгджээ.
WWD сэтгүүлийн мэдээллэснээр Карл Лагерфельд энэ зургаар дамжуулан Германы хэт барууны үзэлтэй альтернатив намыг (Alternative for Germany) эсэргүүцэж байгаа аж. Уг нам нь 50 жилийн дараа анх удаа парламентад суудал эзлэхээр болжээ.
Карл Лагерфельд үүссэн нөхцөл байдалд Ангела Меркелийг буруутгаж байгаа юм. Учир нь канцлер Германд нэг сая гаруй дүрвэгсдийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан билээ. Дизайнерын үзэж буйгаар бол энэ шийдвэр нь "Alternative for Germany" намд маш их санал авахад нь тусалсан гэнэ. Эргэн сануулахад өнгөрсөн сард Германы парламентын сонгуульд тус нам 13%-ийн санал авч, тус улсын гурав дах том нам болсон юм.
"Миний уур маш их хүрч байна! Миний амьдралд дахин ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй гэж би найдаж байсан. Би Германы өмнөөс ичиж байна" гэж Карл Лагерфельд ярьжээ. Тэрбээр нацист нам төрийн эрхийг барьж байх үед өсч торнисон хүн юм.
Карл Лагерфельд сонгуульд оролцдоггүй боловч 2013 оноос эхлэн сар бүрийн Frankfurter Allgemeine Zeitung сэтгүүлд улс төрчдийг шүүмжилсэн шог зургуудаа нийтэлж байгаа гэж WWD сэтгүүл онцолж байна.