Кайли Женнер эмнэлэгт хэвтжээ
Эрүүл мэндийн шалтгаанаар Парис дахь Balmain брэндийн шоунд оролцож чадахгүй
Тун удахгүй Парис хотноо зохиогдох Balmain брэндийн загварын шоуны нүүр будалт хариуцсан арт директороор Kylie Cosmetics-ийн үүсгэн байгуулагч Кайли Женнер ажиллах байсан ч тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас тус арга хэмжээнд оролцож чадахааргүй болсон байна. Тодруулбал дэлхийн хамгийн залуухан тэрбумтан бүсгүй ханиад томууны шинж тэмдэгтэйгээр Лос-Анжелес хотын нэгэн эмнэлэгт хүргэгдсэн гэж Hypebae мэдэгдлээ.
Кайли Женнер "Та бүгдийн мэдэж байгаачлан би Парисын загварын долоо хоногийн үеэр зохиогдох Balmain брэндийн загварын шоунд оролцож, Оливье Рустентэй хамтран бүтээсэн шинэ косметик бүтээгдэхүүний цуглуулгаа танилцуулахаар бэлдэж байсан. Харамсалтай нь миний бие өвдөж, аялж чадахгүйд хүрээд байна. Би энэ шоуг алгасаж байгаадаа үнэхээр их харамсаж байгаа ч тэнд байгаа манай гайхалтай багийн гишүүд болон найз нөхдийнхөө ачаар зүрх сэтгэлээрээ хамт байх болно" хэмээн Twitter хуудастаа албан ёсны мэдэгдэл хийжээ.
Эргэн сануулахад Balmain брэндийн загварын шоу маргааш буюу есдүгээр сарын 27-нд зохиогдоно. Мөн энэ өдөр Kylie x Balmain косметик бүтээгдэхүүний цуглуулга худалдаанд гарах юм. Энэхүү цуглуулгад нүдний тень, нунтаг пудр, хэд, хэдэн төрлийн уруул өнгөлөгч, уруулын харандаа багтах болно.