Хайх

Кайли Женнер өөрийнхөө хүчээр тэрбумтан болсноо онцоллоо

Кайли Женнер өөрийнхөө хүчээр тэрбумтан болсноо онцоллоо

"Миний дансан дахь нэг ч зоос надад өвлөгдөж ирээгүй"

Text: Buro.Mongolia


Өдгөө 21 настай Кайли Женнер бол Forbes-ийн өргөмжилснөөр "өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн бүх цаг үеийн дэлхийн хамгийн залуухан тэрбумтан" юм.

Forbes-ийн тооцоолсноор түүний хөрөнгө саяхан $1 тэрбумд хүрсэн тул үүнтэй холбогдуулан Кайли сэтгүүлийн 2019 оны Тэрбумтнууд нэршилтэй тусгай дугаарын нүүрэнд гарчээ. Женнер өөрийн гурван жилийн өмнө үүсгэн байгуулсан Kylie Cosmetics компанийн 100% эзэмшдэг ба түүний компани өнгөрсөн онд $360 саяын борлуулалтыг хийсэн байна. Үүнээс гадна Кайли телевизийн реалити шоу болон бусад сурталчилгааны төслүүдээс багагүй хэмжээний ашиг олдог тул ийнхүү их хэмжээний хөрөнгө босгож чаджээ.

2018 онд Forbes сэтгүүл АНУ-ын хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргахдаа Кайлиг тавдугаар байранд бичиж байсан удаатай. Тэрээр Жорж Лукас ($5.4 тэрбум), Стивен Спилберг ($3.7 тэрбум), Опра Уинфри ($2.8 тэрбум) болон Майкл Жордан ($1.7 тэрбум) нарын араас Jay-Z-гийн хамтаар тавдугаар байранд жагсаж байсан юм.

 

 


Хэдий тийм болов ч олон нийтийн дунд Женнерийн "self-made" буюу өөрийнхөө хүчээр амжилтад хүрч чадсан гэх тодотголыг үгүйсгэх хүн их байгаа бөгөөд саяхан Interview Germany сэтгүүлд ярилцлага өгөхдөө Кайли энэ талаар хариу мэдэгдэл хийжээ. "Мэдээж хэрэг миний нөхцөл байдал арай ондоо. Би Kylie Cosmetics-ийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон нийтэд танигдан олон шүтэн бишрэгчтэй болсон байсан. Гэхдээ би 15 наснаасаа хойш эцэг, эхээсээ мөнгө аваагүй. Энэхүү компанийг үүсгэн байгуулахдаа би 100% өөрийнхөө хөрөнгийг ашигласан. Миний дансан дахь нэг ч зоос надад өвлөгдөж ирээгүй гэж хэлж болно. Үүгээрээ ч би их бахархдаг" хэмээн тэрээр хэлсэн байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх