Кайли Женнер, Меган Маркл ба 2018 оны бусад нөлөө бүхий хүмүүс
Загварын салбарт хамгийн их нөлөө үзүүлсэн алдартнууд
Lyst вебсайт загварын ертөнцөд тохиосон хамгийн чухал үйл явдлуудыг (тренд, дизайнер, эд зүйлс) дүгнэдэг "Year in Fashion Report" нэртэй ээлжит рейтингээ гаргасан байна. Энэхүү жагсаалтад 2018 онд загварын ертөнцөд хамгийн их нөлөө үзүүлсэн алдартнууд буюу "инфлюэнсерүүдийг" нэрлэжээ. Тэдний өмссөн бүхэн Lyst вебсайтын хайлтын системийг "ачаалуулж", хүмүүсийн мөрөөдлийн зүйлсийн жагсаалтад орж, тэр дороо л тренд болдог уламжлал тогтоод байна.
Кайли Женнер
2018 оны хамгийн нөлөө бүхий хүнээр косметикийн брэндийн үүсгэн байгуулагч, реалити шоуны од Кайли Женнер тодорчээ. Instagram олон нийтийн сүлжээнд 119 сая дагагчтай Кайлигийн өмссөн хувцас, аксесуар, нүүр будалт гээд бүх зүйл олны анхаарлыг татдаг. Жишээ нь Adidas брэндийн хослол, Alexander Wang-ийн мини даашинз, Victoria's Secret-ийн дотуур хувцас гээд түүний өмссөн зүйлсийг Lyst-ээс нийт 2 сая гаруй удаа хайжээ. Мөн тэрээр 21 насны төрсөн өдрөөрөө нэгэн ягаан даашинз өмссөн байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл үүнээс 48 цагийн дараа Lyst-д "ягаан даашинз" гэсэн хайлт 107% өссөн гэнэ.
Ким Кардашьян
Жагсаалтын хоёрдугаарт өнгөрсөн зургаадугаар сард CFDA Influencer Award шагналыг хүртсэн, Кайли Женнерийн эгч Ким Кардашьян бичигджээ. Тэрээр дугуйчны шоорт ба неон өнгийн хувцсыг тренд болгож, хөлөөсөө толгой хүртлээ Fendi брэндийн логотой хувцас өмсөн зургаа нийтэлснээр Италийн загварын ордныг олны анхаарлын төвд авчирсан гэх зэрэг маш олон гавьяатай.
Меган Маркл
Энэхүү рейтингийн гуравдугаарт дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа Сассексын гүнгийн авхай буюу Меган Маркл оржээ. Lyst вебсайтын мэдэгдсэнээр Меганы өмссөн брэнд бүрийн эрэлт нь 200% нэмэгддэг байна. Мөн завь хэлбэрийн захтай ба пиджак загварын даашинзууд түүний ачаар тренд болж байгаа. Ер нь хунтайж Харригигийн гэргийн өмсөж, зүүсэн бүхэн тэр дороо зарагдаж дуусдаг бөгөөд энэ үзэгдлийг дэлхий нийт "Меганы нөлөө", "Марклын эффект" гэх зэргээр нэрлээд байгаа юм.
Cardi B
Америкийн рэппер Cardi B зөвхөн дуу хөгжим төдийгүй загварын ертөнцөд ч асар их нөлөөтэй. Рэппер бүсгүй энэ жилийн загварын долоо хоногууд дээр хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан гэдгийг Lyst онцолж байна. Кристиан Сириано, Жереми Скотт зэрэг Cardi B-гийн загварын долоо хоногийн үеэр өмссөн хувцаснуудыг урласан дизайнеруудыг олон тооны хүмүүс тус вебсайтаас хайж байсан гэжээ.
Бейонсе
Дуучин Бейонсе хүмүүст хэрхэн нөлөөлдгөө маш сайн мэддэг учраас өөрийн Ivy Park нэртэй брэндээ үүсгэн байгуулсан биз ээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр бусад брэндүүдийг ч анхаарлын төвд оруулдаг. Тухайлбал түүний Coachella хөгжмийн наадам дээр өмссөн Balmain брэндийн шар өнгийн малгайтай цамц олон нийтийн дунд жинхэнэ хит болсон байна. Тодруулбал наадмын дараа Lyst-ээс Balmain ордны малгайтай цамцны хайлт 58% ихэсчээ.
Lyst вебсайтын гаргасан энэхүү жагсаалтад теннисчин Серена Уильямс, блогер Кьяра Ферраньи, жүжигчин Блэйк Лайвли, дуучин Рианна болон Ариана Гранде нар багтсан байна.