Хайх

Хиллари Клинтоны асуудал юунд байна вэ?

Хиллари Клинтоны асуудал юунд байна вэ?

Сонголт байхгүй

Text: Buro.Mongolia


Бюро 24/7 энэ удаад Хиллари Клинтоны асуудал юунд байгааг дэлгэж, түүнд дургүй байх шалтгаанд феминизм ямар ч хамаагүй болохыг тайлбарлаж байна

Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа орчин үеийн түүхэнд хамгийн түрэмгий нь байсан гэж хэлж болно. АНУ-ын телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Twitter-ээр жинхэнэ "мэдээллийн дайн" дэгдсэн юм. Анна Винтур, Бейонсе, Леонардо ДиКаприо болон New York Times сонины редакци бүрэн бүрэлдэхүүнээрээ Хиллари Клинтоны төлөө саналаа өгөхийг уриалжээ. Хиллари Клинтон ч АНУ-ын ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа юм. Учир нь тэр хэдэн сарын турш Дональд Трампаас өндөр рейтингтэй явж байгаа. Энэ нь тийм ч баярлаад байх зүйл биш. Яагаад гэдгийг нь одоо тайлбарлая:

Одоо бол Дональд Трампыг шүүмжлэх моод болсон. Яг үүнийг олон тооны сэтгүүлчид болон Трампын хуучин ажилтнууд нь тэр ч бүү хэл түүний алдарт "The Art of the Deal" номын хамтран зохиогч нь маш идэвхтэйгээр хийж байгаа. Тэрээр саяхан Трампын тэнэглэл, харгис зан, бүдүүлэг араншингийн талаар The New Yorker сэтгүүлтэй хуваалцаад авсан. Өнгөрсөн сард ерөнхийлөгчийн сонгуулийг тохиолдуулан Esquire сэтгүүл вебсайт дээрээ хуучны хошин сэтгүүл Spy-ийг дахин сэргээн гаргасан юм. Spy сэтгүүл аль эртнээс буюу 1980-аад онд Дональд Трамп ид од байх үеэс нь л түүнийг эрс шүүмжилж ирсэн.

Бүгд Найрамдах намын идэвхтинүүд хүртэл Трампын эсрэг санал өгөхийг уриалж байна. Тухайлбал, ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс "шувтарсан" Тед Круз ба нэвтрүүлэгч Гленн Бек нарыг нэрлэж болно. Хэрэв тэд Трампын эсрэг бол мэдээж энэ нь Клинтоны төлөө л гэсэн үг.

Хиллари Клинтоны ялалт феминизмийн ялалт биш

Хиллари Клинтон нийгэмд болж буй үйл явдлыг маш сайн мэдэрч чаддаг. Тиймээс л тэр эмэгтэйчүүдийн эрх болон хүйсийн эрх тэгш байдлын тухай ярьж эхэлсэн нь маш цагаа олсон хэрэг боллоо. Түүний хүйсийн шинж тэмдэг нь ихэнх эмэгтэй сонгогчдын саналыг авахад нь нөлөөлж байгаа юм. Яагаад гэвэл АНУ-ын түүхэнд анх удаагаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох гэж байна. Тэгэхдээ Хиллари сонгогдвол эмэгтэйчүүдэд амар болно гэсэн үг биш юм. Хэрэв түүх сөхвөл, 1996 онд тэрээр амжиргааны түвшин муутай гэр бүлээс гаралтай хүүхэд ба ээжүүдэд олгодог тэтгэмжийг зогсоох хууль санаачилж хэрэгжүүлсэн байдаг. Үүнээс хэдэн жилийн өмнө тэр мансууруулах бодис хадгалж, түгээсэн тохиолдолд шийтгэлийг чангатгах өөр нэг хуулийн төслийг маш идэвхтэйгээр лоббидсон. Үр дүнд нь дэлхийн хамгийн том шоронгийн систем бий болсон билээ. Нарийн тооцоогоор тухайн үед 673,000 хүн хоригдож байжээ. Эдгээр хүмүүсийн ихээхэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд тэдний найз залуу болон нөхрүүдээс кокэйн эсвэл метамфетамин олдвол эхнэрүүдийг нь хамсаатнаар татаж байлаа.

Хиллари Клинтоны асуудал юунд байна вэ? (фото 1)

Хамгийн сонирхолтой нь Хилларигийн феминизм хэд, хэдэн төрлийн эмэгтэйчүүдийг үл ойшоодог. Жишээ нь африк америк, латин америк, ядуу болон ажилгүй эмэгтэйчүүдийг Хиллари Клинтон үл тоомсорлодог. Энэ бол яг одоо моодонд орж байгаа их сургуулийн боловсролтой, дундаас дээд түвшний орлоготой цагаан арьст, карьерист эмэгтэйчүүдэд л үйлчилдэг тэр феминизм юм.

Хиллари Клинтон Трампаас дутахааргүй арьс өнгөөр ялгаварлагч (зүгээр л хэлэх үгээ сайтар цэгнэдэг)

Тэрээр тэргүүн хатагтай байхдаа өнгөт арьст эрэгтэйчүүдийг "онц аюултай" бөгөөд "хянаж" байх ёстой гэж ярьж байсан. Сонирхуулахад, Дональд Трампын хэлэх дуртай "Обама Америкт биш Кени улсад төрсөн учраас ерөнхийлөгч болох ёсгүй" гэх яриаг хамгийн анх 2008 онд Клинтон ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа эхлүүлсэн юм. Тухайн үед Хилларигийн Ардчилсан намын гол өрсөлдөгч нь Обама байсан ба одоогийн ерөнхийлөгчийг америк хүн биш гэдэг цуурхлыг Клинтоны ажилтнууд тарааж байсан билээ. Харин Хиллари Клинтоныг энэ цуурхалд буруутгахад тэр хариуд нь "Миний хүмүүс энэ цуурхлыг тараагаагүй гэж би хэзээ ч хэлээгүй. Зүгээр л энэ асуудлаас болж Барак бид хоёр ерөөсөө зөрчилдөж байгаагүй" гэдэг. Маш эелдэг юм.

Хиллари Клинтоны асуудал юунд байна вэ? (фото 2)

Клинтон албан тушаалаа урвуулан ашигладаг

Бүх хуйвалдаан Клинтоны гэр бүлийн сангаар дамждаг. Хиллари Клинтоныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байхад түүний санд ахиухан мөнгө хандивлахад л таны асуудал ид шидийн мэт алга болох байсан. Тухайлбал Бахрейн улсын хунтайж яг энэ аргыг хэрэглэсэн юм. Тэрбээр нийт 32 сая доллар хандивлаж (энэ зун задарсан АНУ-ын Төрийн департаментын бичиг баримтаас үзэхэд) Хилларитай шуурхай уулзалт хийж байжээ. Тэгвэл энэхүү санд хандив өргөсөн улс орнуудын АНУ дахь зэвсгийн худалдаа эрс нэмэгдэж байв.

Клинтон өөрийн хүмүүсээ хэзээ ч орхидоггүй (ялангуяа хайрт охиноо)

Хиллари Клинтоны охин Челси коллежоо төгсмөгцөө шууд л алдарт McKinsey компанид ажилд оржээ. Хэдэн жилийн дараа тэрээр 14 тэрбум доллараар үнэлэгдэх Avenue Capital Group гэдэг хөрөнгө оруулалтын сан руу шилжсэн юм. Энэхүү компани нь Ардчилсан намд үргэлж мөнгө "цутгадаг" гэдгээрээ алдартай. Харин 2011 онд NBC телевиз Челсиг тусгай сурвалжлагчийн албан тушаалд ажилд авсан бөгөөд тэд түүнд нэг жилд 600,000 долларын цалин өгч байсан юм. Ямар ч сэтгүүлчийн мэргэжлийн туршлагагүй хүн гэхэд муугүй шүү. Хачирхалтай байгаа биз?

Хиллари Клинтоны асуудал юунд байна вэ? (фото 3)

Хоёр "нүүртэй"

Клинтон "Уолл Стрит надаас айдаг" гэж Ардчилсан намын мэтгэлцээний үеэр социалист Берни Сандерсыг барьц алдуулахын тулд хэлж байсан. Тийм ээ, айдаг. Тэгсэн хэрнээ банкирууд түүний санд маш их мөнгө хандивладаг бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийг нь ивээн тэтгэдэг. Янз бүрийн үнэлгээнүүдээс харахад энэ зуныг хүртэл тэд ойролцоогоор 27-48 сая доллар хандивлажээ. Санхүүгийн салбартай Клинтоны гэр бүл яг л арван жилийн өмнөх Брэд Питт ба Анжелина Жоли нар шиг маш сайхан харилцаатай.

Энэ жил гэхэд л Goldman Sachs болон бусад компанийн арга хэмжээн дээр нөхөрлөлийн чанартай илтгэл тавихад Клинтон 265,000 доллар авчээ. Тэгэхдээ түүний урам зориг өгөх зорилготой илтгэлийн агууламжийг олон нийтэд дэлгээгүй. Энэхүү илтгэлд амжилтын сэтгэлзүй болон мөнгөний мод хэрхэн ургуулах талаар ярьж байсан гэж сэжиглэж байна.

Сануулж хэлэхэд, Челсигийн нөхрийн компанид Goldman Sachs компанийн тэргүүн Ллойд Бланкфейн хөрөнгө оруулалт хийсэн ч амжилтгүй болж, хөрөнгийнхөө 90% -г алдсан юм.

Эцэст нь

Хиллари Клинтонд дургуй байх шалтгааныг тоочвол Трампын болчимгүй, сексист, доромжилсон яриануудаас ч урт жагсаалт гарч ирнэ. Барууныхан түүнийг дайны гэмт хэрэгтэн гэдэг. Жишээ нь Хиллари Обамаг Ливи улс руу довтлохыг ятгаж чадсан юм. Зүүнийхэн Хилларийг америкийн нөлөө бүхий, боловсролтой, асар их мөнгөтэй элитүүдийн дуу хоолой гэж үздэг. Гэхдээ Хилларигийн гол асуудал бол тэр бол зүгээр л мэргэжлийн улс төрч гэдэгт байгаа юм.

Түүнээс илүү хаалттай, таагүй хүнийг төсөөлөхөд ч бэрх юм. Хиллари үргэлж бие хамгаалагчдаар хүрээлүүлсэн байдаг бөгөөд түүнийг амьд хүн талаас нь харуулах хувийн амьдралтай нь холбоотой бүхий л зүйлийг нуудаг. Клинтон хэвлэл мэдээллийнхэнд дургүй. Африк америк хүмүүсийн эрхийг хамгаалдаг идэвхитнүүдийн тавьсан эвгүй асуултанд нүүрээ буруулж, хамгаалагчаа дуудна гэж сүрдүүлдэг.

Хиллари Клинтоны асуудал юунд байна вэ? (фото 4)

Хэрэв Трамп алдаа гаргаж, асар олон тооны асуудалд (эмэгтэйчүүдээс эхлээд цагаачлалын бодлого хүртэл) буруу хандаж, мангар бөгөөд зохисгүй байдлаар эршүүд зангаа харуулах гэж оролддог ч тэр хүн чигээрээ үлдэж байгаа бол Хиллари "ясны" албан хаагч, эргэлзээтэй системийн нүүр царай юм.

Мэдээж хүмүүс түүнийг сонгох байх. Ихэнхи сонгогчид Трампын төлөө саналаа өгөхийг хүсэхгүй байгаа. Тэгэхдээ өөр сонголт үлдээгүй болохоор л Хиллари Клинтоныг сонгох болно.

цааш үзэх