Лондон хотын нийтийн тээвэрт түргэн хоол сурталчлахыг хориглолоо
Таргалалттай тэмцэх зорилгоор
2019 оны хоёрдугаар сарын 25-наас эхлэн Лондон хотын нийтийн тээвэрт эрүүл бус хоол хүнс сурталчлахыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ. Тодруулбал одооноос эхлэн өөх тос, элсэн чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг метро, такси, автобус, автобусны зогсоол болон Лондон хотын нийтийн тээврийн газрын харьяанд байдаг бусад цэгүүдэд сурталчлахыг хоригложээ.
Хүнсний бүтээгдэхүүний эрүүл бус байдлыг Public Health England буюу тус улсын Эрүүл мэндийн яамны шалгуураар тодорхойлох юм. Гэхдээ энэхүү хориг нь тухайн компани бус, тодорхой хүнсний бүтээгдэхүүнүүдэд хамааралтай аж. Жишээ нь McDonald's түргэн хоолны сүлжээ метронд салат сурталчилж болно гэсэн үг юм.
Мөн сурталчилгааны зурагт хуудаст санамсаргүй тохиолдлоор орсон эрүүл бус хоол хүнсийг ч хориглохоор болжээ. Тухайлбал аялал жуулчлалын компани нийтийн тээвэрт хот дог идэж буй хүмүүсийн зурагтай сурталчилгааны самбар байршуулж болохгүй гэсэн үг юм.
Лондон хотын удирдлагууд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нийтийн тээвэрт эрүүл бус хоол хүнс сурталчлахыг хориглоно гэдгээ зарлажээ. Тухайн үед энэхүү санаачилгыг иргэдийн 82% нь дэмжсэн байна.