Өмнөд Солонгост гал унтраадаг цэцгийн ваар зохион бүтээлээ
Гоё ч харагдана, аюулгүй байдлыг ч хангана
Cheil Worldwide гэх Samsung корпорацын охин компани нь Firevase нэртэй ухаалаг цэцгийн ваар зохион бүтээсэн байна. Энэхүү ваар нь зөвхөн цэцэг хийх зориулалттай төдийгүй гал түймрийн аюулаас хамгаалах чадвартай аж.
Тодруулбал Firevase ваар нь гаднаасаа энгийн нэг гэр ахуйн чимэглэл шиг харагдах боловч гал унтраагч шиг ашиглаж болох юм. Үүний тулд дүрэлзэж буй гал руу цэцгийн ваарыг шидэхэд л хангалттай. Уг цэцгийн ваар нь өөртөө калийн карбонат агуулдаг тул хагарсан даруйдаа галыг унтраана.
Өмнөд Солонгост жил бүр ойролцоогоор 10,000 орон сууцны гал түймэр гардаг байна. Тиймээс тус улсын засгийн газар орон сууц бүрт гал унтраагч байршуулах хууль баталсан ч хүмүүс ихэвчлэн энэ дүрмийг хайхрахгүй өнгөрөх нь элбэг байдаг аж. Firevase цэцгийн ваар нь энэ нөхцөл байдлыг өөрчилж, иргэдийн гал түймрийн аюулын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор бүтээгджээ.