Хайх

Mongolia's Next Top Model реалити шоуны оролцогчид одоо юу хийж байгаа вэ?

Mongolia's Next Top Model реалити шоуны оролцогчид одоо юу хийж байгаа вэ?

Б.Цэрэндолгор, Ю.Балжидмаа, T.Номин-Эрдэнэ болон Э.Оюунбилэг

Text: Г.Тэмүүлэн


Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүлийн хамтран зохион байгуулсан Mongolia’s Next Top Model шоу нэвтрүүлэг амжилттай зохиогдож, ялагчаа тодруулснаас хойш гурван сар өнгөрчээ. Нэвтрүүлэг өндөрлөснөөс хойш реалити шоуны оролцогч охид ямар төслүүд дээр ажилласан бэ? Мөн тэд яг одоо юу хийж байгаа вэ? Бид шилдэг оролцогчидтой холбогдон эдгээр асуултуудын хариултыг оллоо

Б.ЦЭРЭНДОЛГОР

 

Монголын дараагийн шилдэг топ модель болсон Б. Цэрэндолгор нэвтрүүлэг өндөрлөснөөс хойш маш их зүйлийг амжуулжээ. Яг одоо тэр хүмүүнлэгийн ажил хийхээр зэхэж байна. Тодруулбал тэрээр улсын эмнэлгүүдийг ороор хангах төслийг хувийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

A post shared by Tseku Battsengel (@btseku) on

Б.Цэрэндолгор энэ гурван сарын хугацаанд "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн шагнал болох Парис руу аялах эрхээ эдлэн Европын орнуудаар тойрон аялж, мөн үндэсний оператор G Mobile компанийн нүүр царай болон ажиллаж эхэлсэн байна. Та түүний оролцсон хэд, хэдэн телевизийн сурталчилгаануудыг үзсэн байх нь гарцаагүй. Тэрээр Европоор аялахдаа Швейцари, Итали, Франц гэх гурван улсын таван хотыг үзэж амжжээ. "Энэ аяллын дараа би Европод ажиллаж, амьдрахыг хүсэх болсон. Тэнд уур амьсгал үнэхээр сайхан байсан" гэж Б.Цэрэндолгор бидэнтэй аялсан сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Үүнээс гадна загвар өмсөгч бүсгүй маань тун удахгүй нээлтээ хийх Боловсрол телевизийн "Гурван Найз" инээдмийн уран сайхны кинонд баарны менежерийн дүрийг бүтээсэн байна.

Ирээдүйд тэрээр зөвхөн загварын салбарт ажиллах хүсэлтэй гэдгээ дурдсан юм. Б.Цэрэндолгор нэвтрүүлгийн ялагч болсноор Сингапур дахь "Looque" агентлагтай хамтран ажиллах болсон бөгөөд ирэх наймдугаар сард Сингапур улсыг зорин ажилдаа орох аж.

 

Ю.БАЛЖИДМАА

A post shared by Baljkaann (@baljkaann) on

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн бас нэгэн шилдэг оролцогч бол гарцаагүй Ю.Балжидмаа юм. Тэрээр нэвтрүүлэг дууссанаас хойш Говь брэндийн хэд, хэдэн телевизийн сурталчилгаанд оролцон ноолууран эдлэлийг гайхамшигтайгаар амилуулсан. Мөн тэрээр Mobicom-ын "Be..." брэндийн нүүр царайгаар тодрон, уг корпорацитай хамтран ажиллаж байгаа. Ю.Балжидмаа энэ жил Mobicom корпорацийн 3-4 сурталчилгаанд оролцох төлөвлөгөөтэй байна.

Өнгөрсөн хугацаанд түүнд кинонд тоглох хоёр, гурван санал ирсэн бөгөөд одоо л тэр зориг гарган өөрийгөө кино урлагт сорьж үзэхээр шийджээ. Хэдийгээр ямар кинонд тоглох нь одоогоор нууц байгаа ч, "романтик, хайр дурлалын сэдэвтэй, залуусын бүтээл байх болно" гэж Ю.Балжидмаа бидэнд хэлсэн юм. Мөн тэрээр Shangri-La Mall-ын "Hello Summer" нэртэй зуны сурталчилгаанд оролцоод амжжээ.

A post shared by Baljkaann (@baljkaann) on

Харин яг одоогоор Ю.Балжидмаа есдүгээр сард Сингапур улс руу зорин Looque агентлагтай хамтрах бэлтгэлээ хийж байна. Тэрээр эхний ээлжид Сингапурт загвар өмсөгчөөр ажиллах бөгөөд цаашид Шанхай, Европын орнуудад загварын карьераа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Гэхдээ модель бүсгүй бидэнд хэлэхдээ "Загвар бол залуу насны ажил. Тиймээс цаашид сэтгэл судлалын мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцахыг хүсч байна" хэмээн онцолсон юм.

 

Т.НОМИН-ЭРДЭНЭ

A post shared by ❤️ (@nomio_t) on

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэг өндөрлөснөөс хойш Т.Номин-Эрдэнэ "Хайр" нэртэй уран сайхны кинонд нэгэн номын санчийн дүрийг бүтээжээ. Үүний хажуугаар тэр загвар өмсөгчийнхөө ажлын хүрээнд хэд, хэдэн загварын шоунд оролцсон байна. Жишээ нь модель бүсгүй Michel Amazonka маркийн Хаан Банкны "Glamour" кредит картад зориулсан загварын шоуны тайзнаа алхсан юм.

A post shared by ❤️ (@nomio_t) on

Caяхан Т.Номин-Эрдэнэ орчин үеийн хэв маягтай үндэсний хувцсаараа олонд танигдсан "Yesui Boutique"-ийн зураг авалтад оролцон хамтарч ажилласан байна.

A post shared by ❤️ (@nomio_t) on

"Цаашид загварын карьераа үргэлжлүүлэх үү?" хэмээн асуухад тэрээр "Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, туршлагатай болсон тул үүнийгээ цаашид хөгжүүлэх болнo" гэж хариуллаа. Үүнээс гадна Т.Номин-Эрдэнэ Сингапур, Бээжинд загвар өмсөх сонирхолтой байгаа гэнэ.

 

Э.ОЮУНБИЛЭГ

 

Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн сүүлийн дугааруудад Э.Оюунбилэг үзэгчдийн хайртай оролцогчдын нэг болж, шоунаас хасагдах үедээ олон хүнийг гуниглахад хүргэсэн билээ. Харин яг одоо Э.Оюунбилэг Хятадын Гуанжоу хотод загвар өмсөгчөөр ажиллаж байна. Үүнээс гадна тэрээр өдөр бүр фитнессээр хичээллэж, хэлний мэдлэгээ давхар сайжруулж байгаа аж. Э.Оюунбилэг Гуанжоу хотод есдүгээр сар хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байна.

A post shared by Oyu (@oyu.oyunbileg) on

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэг өндөрлөснөөс хойш түүний хувьд маш олон завгүй өдрүүд үргэлжилжээ. Тэрээр "Говь", "Дархан Минж" зэрэг үндэсний компаниудын сурталчилгааны зураг авалтад оролцож, Monalun маркийн нүүр царайгаар тодорсон гээд олон төслүүдийн ард амжилттай гарчээ. Нэвтрүүлэгт оролцсоноор түүний хувьд маш олон том боломжууд нээгдсэн гэж Э.Оюунбилэг тодотгон хэлсэн юм.

Уншигчиддаа нэгэн сайхан мэдээ дуулгахад, Э.Оюунбилэг Шанхай дахь нэгэн загварын агентлагаас (одоогоор нэр нь нууц байгаа) урилга хүлээн авсан бөгөөд есдүгээр сараас эхлэн хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн тэрээр "Нэвтрүүлгээс маш их эрч хүч, өөрчлөлтийг авсан учир энэ эрчээрээ цаашид загвар өмсөгчийнхөө карьерыг үргэлжлүүлнэ" хэмээн бидэнтэй хуваалцлаа.

цааш үзэх