Хайх

Нислэгээс илүү аяллын үеэр идэж буй хоол хүнс тань байгаль орчинд муу нөлөө үзүүлж байж болзошгүй

Нислэгээс илүү аяллын үеэр идэж буй хоол хүнс тань байгаль орчинд муу нөлөө үзүүлж байж болзошгүй

"All-inclusive" багцыг зөв сонголт гэж бодож байна уу?

Text: Buro.Mongolia


Бидний худалдан авч буй эд зүйлс, хийж буй үйлдлүүд дэлхийн агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулж, энэ нь эргээд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг бөгөөд үүнийг нүүрстөрөгчийн ул мөр хэмээн нэрлэдэг. Онгоцоор нисэх нь хамгийн ихээр нүүрстөрөгчийн ул мөр үлдээж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг болохыг хүн бүр мэдэх биз ээ. Тэгвэл гадаад улсад аялахдаа идэж буй хоол хүнс тань нислэгээс дутахааргүй эсвэл бүр үүнээс ч илүү байгаль орчныг бохирдуулан, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж болзошгүй байгааг эрдэмтэд тогтоолоо.

Responsible Travel эко аялал жуулчлалын байгууллагын дэлгэсэн шинэ баримтад дурдсанаар зочид буудал, амралтын газруудын "all-inclusive" үйлчилгээ буюу ихэвчлэн өдрийн гурван хоол (зарим тохиолдолд хязгааргүй хоол ба ундтай) ба уух зүйлстэй, бүх зүйл орсон багцууд нь байгаль орчинд бүр ч илүү хортой болохыг мэдэгдсэн байна. "Бүх зүйл орсон" багцууд нь их хэмжээний хүнсний хог хаягдал ялгаруулдаг учраас нислэг үйлдэхээс ч илүү нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг гэжээ.

Лундын их сургууль болон Квинслендийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд Францын баруун хэсгээр 10 хоногийн турш "all-inclusive" багц худалдан аван аялах нь 100 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж байсан бол нислэгийн үеэр нэг хүнд оногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 102 кг хүрч байжээ. Нөгөөтээгүүр Хорват улсад бие дааж хоол хүнсээ авч аялж байсан аялагчийн нүүрстөрөгчийн ул мөр ердөө 28 кг болж байсан аж.

Гэхдээ дэлхийн томоохон зочид буудал ба резортууд нутгийн тариаланчдыг дэмжиж, улирлын чанартай, ургамлын гаралтай хоол хүнсээр үйлчилж, тухайн улсын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, хоол хүнсний хаягдлыг багасгаснаар байгаль орчинд үзүүлэх муу нөлөөгөө багасгаж чадна гэж Responsible Travel онцолжээ. Мөн аялагчид ухамсартай хэрэглээнд шилжиж, хариуцлагатай аялснаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх