Нью-Йорк хотод загвар өмсөж байгаа моделиуд хангалттай цалин авч чаддаг уу?
Таны бодож байснаас харьцангуй бага
Энэ жил Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 7-13 хооронд үргэлжилнэ. Харин энэ үеэр маш үнэтэй хувцасласан олон арван загвар өмсөгчид Манхэттены гудамжаар алхаж харагдана. Гэхдээ гаднах төрх хуурамч байж болдгийг та бүү мартаарай. Хэдийгээр Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцож байгаа загвар өмсөгчдийн шүүгээ тансаг зэрэглэлийн брэндийн хувцаснуудаар дүүрсэн байдаг ч тэдний банкан дахь данс хоосон байх тохиолдол цөөнгүй гэдгийг Business Insider вебсайт мэдээллэж байна.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хорооны судалгаагаар Нью-Йорк хотод суурьшин ажиллаж буй загвар өмсөгчид нэг жилд дунджаар $48,130 цалин авдаг байна. Энэ нь Манхаттены оршин суугчдын дундаж цалингийн ($144,716) ердөө л гуравны нэг хувьтай тэнцэж байгаа аж.
Загварын ертөнцөд ажиллаж байгаа моделиудын ихэнх нь насанд хүрээгүй байдаг тул тэд хөдөлмөрөө зохистой хэмжээнд үнэлүүлж чаддаггүй байна. Жишээ нь дизайнерууд тэдэнд авах ёстой цалинг нь хоцроож өгөх, гомдол гаргахаас нааш өгөхгүй байх эсвэл мөнгөний оронд хувцас өгөх зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг гэжээ. Заримдаа бүр ямар ч цалин авахгүй байх тохиолдол ч гардаг байна.
Өдгөө 23 настай Келли Миттендорф таван жил загвар өмссөний эцэст, 2015 онд карьераа дуусгасан юм. Тэрээр New York Times сонинд өгсөн ярилцлагадаа "Би модель байх хугацаандаа хэзээ ч их хэмжээний мөнгө олж байгаагүй. Би харьяалагдаж байсан бүх загварын агентлагууддаа өртэй болсон. Учир нь загварын агентлагууд өөр хотоос ирсэн модель охидын онгоцны зардлыг төлдөг. Үүнээс гадна загварын агентлагууд гэрэл зурагчин болон зураг хэвлэх төлбөр, байрлах байр, шалгаруулалтанд өмсөх шинэ хувцас гээд моделиудын бүх зардлыг гаргадаг. Гэхдээ загвар өмсөгч охид тэдгээр зардлуудыг агентлагтаа эргүүлэн төлөх ёстой байдаг юм. Харин моделиудын авч буй цалин өрөө төлөхөд хангалттай хүрнэ гэсэн баталгаа байдаггүй. Би өрөө төлөх гэж маш олон жилийг зарцуулсан ч үүнийг даван гарсандаа баяртай байдаг" хэмээн ярьжээ.
Харин супер од болж, дэлхий нийтэд танигдаж чадсан загвар өмсөгчид маш өндөр үнэлгээтэй байдаг гэнэ. Тухайлбал Forbes сэтгүүлийн мэдээллэснээр өнгөрсөн жилд л гэхэд дэлхийн хамгийн өндөр цалинтай 20 загвар өмсөгчид нийлээд 154 сая долларын орлоготой байсан байна. Тэдний дунд Жизель Бундхен ($30,5 сая), Кендалл Женнер ($10 сая), Жижи Хадид ($9 сая) зэрэг супер моделиуд багтсан байна.