Pantone институт 2018 оны гол өнгийг зарлалаа
“Ultra Violet” буюу нил ягаан
Уламжлал ёсоор жил бүрийн арванхоёрдугаар сард Pantone өнгөний институт дараа оны гол өнгийг нэрлэдэг билээ. Тэгвэл 18-3838 кодтой "Ultra Violet" буюу "Нил ягаан" 2018 оны гол өнгөөр тодорсон байна. Үүнтэй холбогдуулан Pantone институтийн албан ёсны вебсайтын гол зураг цагаан ододтой нил ягаан өнгийн тэнгэр болон хувирчээ.
Pantone институтийн тэргүүн Леатрис Эйсман "Бид хүмүүст зохион бүтээх чадвар, уран сэтгэмж хэрэгтэй байгаа цаг үед амьдарч байна. Шинэ технологи, огторгуй ертөнц, уран бүтээлийн илэрхийлэл, оюун санааны тусгал гээд нил ягаан өнгө нь бидний ирээдүйн замыг гэрэлтүүлэх болно" гэж тайлбарласан байна. Дашрамд дурдахад Pantone институт "Ultra Violet" өнгийг аль хэдийнэ худалдаанд гаргаад эхэлсэн байгаа юм.
Эргэн сануулахад 2017 оны гол өнгөөр "Greenery" нэртэй салат навчны ногоон өнгө тодорч байсан билээ.
Мөн лакан будаг үйлдвэрлэдэг PPG компани 2018 онд интерьерийн салбарт ноёрхох гол өнгө нь "Black Flame" гэх нүүрс санагдуулам хар өнгө байхыг зарласан байгаа.