“Plus-size” моделиудын ачаар эмэгтэйчүүд өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун болдог
Флорида мужийн их сургуулийн хийсэн судалгааны дагуу
Эмэгтэйчүүд хэт туранхай моделиудаас илүү хэвийн жинтэй эсвэл "plus-size" загвар өмсөгчдийн зургийг хараад тааламжтай мэдрэмж авч, сэтгэл хангалуун болдог нь Флорида мужийн их сургуулийн хийсэн судалгаагаар тогтоогджээ.
Судалгаанд 18-25 насны, өөрсдийгөө "хэвийн" жинтэй гэж үздэг ч цөөн хэдэн килограмм хасах хүсэлтэй нийт 49 эмэгтэй хамрагдсан байна. Судлаачид тэдэнд Macy's, Target гэх зэрэг дэлгүүрүүдийн вебсайт дээр гарсан туранхай, хэвийн болон "plus-size" гэх гурван төрлийн биеийн галбиртай загвар өмсөгчдийн зургийг харуулжээ. Үүний дараагаар судлаачид зургууд дээрх загвар өмсөгчдийг биеийн галбираар нь ангилан дүгнэхийг хүссэн байна. Тодруулбал тэд моделиудыг хэр дур булаам харагдаж буйг, мөн судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд өөрсдийгөө тэдгээр моделиудтай хэр их харьцуулсныг олж мэдэхийг хүсжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд мөн өөрсдийнхөө биеийн галбирт хэр сэтгэл хангалуун байдаг, тэдэнд үзүүлсэн зургууд дээрх хувцсыг худалдаж авах хүсэл төрсөн эсэхээ мэдэгдсэн байна. Энэ бүхний эцэст эмэгтэйчүүдэд судалгаатай хамааралгүй нэгэн бичлэг үзүүлж, хэсэг хугацааны дараагаар зургууд дээрх моделиудыг эргэн дурсахыг хүсэж, нэмэлт асуултууд тавьжээ.
Ингээд судалгааны үр дүнд эмэгтэйчүүд туранхай загвар өмсөгчдийн зургийг харах үедээ өөрсдийн биеийн галбиртай их хэмжээний харьцуулалт хийж, тэгсэн атлаа ерөнхий зурганд бага анхаарал хандуулж, дараагаар нь мөн зурган дээрх моделиудыг эргэн санахдаа муу байсан аж. Эмэгтэйчүүд мөн зургийг харсны дараагаар өөрийн галбиртаа сэтгэл хангалуун байх мэдрэмжээ алдсан гэх үзүүлэлт гарсан байна. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр энэ нь эмэгтэйчүүдийн сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх үзэгдэл юм.
Тэгвэл "plus-size" загвар өмсөгчдийн зураг эмэгтэйчүүдэд илүү эерэг нөлөө үзүүлжээ. Тэд зурганд илүү их анхаарал төвлөрүүлж, өөртэйгөө бага харьцуулалт хийж, өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон байна.
"Төгс бус биеийн галбиртай загвар өмсөгчдийг медиа сурталчилгаанд ашиглах нь эмэгтэйчүүдийн сэтгэлзүйд давуу талтай болохыг бид олж тогтоосон. Мөн бодит амьдралд нийцэхүйц биеийн галбиртай загвар өмсөгчид эмэгтэйчүүдийг өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байж, гутралд орохгүй байхад нь тусалдаг" гэж судлаачид дүгнэжээ.