Хайх

Сэтгэл зүйчээс асууя: Баярын дараа ажлын хэмнэлдээ хэрхэн эргэн орох вэ?

Сэтгэл зүйчээс асууя: Баярын дараа ажлын хэмнэлдээ хэрхэн эргэн орох вэ?

Text: Ц. Усанболор


Сэтгэл зүйчээс асууя: Баярын дараа ажлын хэмнэлдээ хэрхэн эргэн орох вэ? (фото 1)

Баярын өдрүүд дуусаж ажилдаа эргэн орсон хэдий ч анхаарал төвлөрөл буурч, ажиллах урам зориг алга болсон бол хэрхэн нэмэгдүүлэх тухай сэтгэлзүйч Яна Новикагаас тодруулъя.


АЖИЛДАА ЭРГЭН ОРОХОД СЭТГЭЛЗҮЙГЭЭ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

1. Биеийнхээ ерөнхий төлөв болон энергийн түвшинд анхаарал хандуулж баримжаа ав. Учир нь хүн бүр баярын өдрүүдийг өөр өөрөөр өнгөрүүлдэг тул ажлын эхний өдөр ирэхдээ ялгаатай сэтгэлзүйтэй ирдэг. Өөрийн энергийн түвшнийг 0-ээс 10-ын хооронд үнэлээд үзээрэй. Та өөртөө ямар үнэлгээ өгөх вэ? Тухайн үнэлгээгээр та зайлшгүй хийх ёстой зүйлсээс алийг нь хийж чадах вэ?

2. Удаан хугацааны амралтын дараа дасгалдаа эргэн орж байна гэж мөн өөрийн сэтгэл зүйг (анхаарал төвлөрүүлэх чадвар, хэмнэлийг хадгалах чадвар) удаан хугацаанд дасгал хийгээгүй гэж төсөөлье. Дасгал хийхдээ та шууд хүнд дасгал хийхгүй нь ойлгомжтой. Эхлээд биеэ халааж, хөнгөн дасгалуудыг хийнэ. Яг үүнтэй адил хүний сэтгэл зүй ажилладаг. Яаралгүй, өндөр ачаалал өгөхгүйгээр жижиг зорилго тавьж түүнийгээ хийж эхлээрэй.

3. Ажлын өдрийн хамгийн тааламжтай зүйл нь юу байдаг вэ? Та ямар даалгавруудыг гүйцэтгэх дуртай байдаг вэ? Завсарлага авч, цайны цагаараа хаашаа орж, хэнтэй харилцах дуртай вэ? Эдгээр бүх асуултын хариултыг ажлын эхний өдрүүдийн хуваарьт заавал багтаагаарай.

4. Өөрийгөө болон бие махбодоо дэмжээрэй. Учир нь хүний сэтгэл зүй болон бие махбод хоорондоо холбоотой байдаг. Чанартай нойр, шингэн уух зүйл, хөнгөн хөдөлгөөн (агаарт хийвэл сайн), хооллолт танд тус болно.

5. Та өнгөрсөн жилд дутуу үлдээсэн ажлаа үргэлжлүүлэх үү, шинэ зүйл эхлүүлэх үү хэмээн төөрөгдөлд орж болзошгүй. Түр зогсоосон ажлыг эргэн сэргээж, хэвийн голдиролд ороход хугацаа орно. Тиймээс оны эхэнд нэн түрүүнд хийх зүйлсийн жагсаалтаа гаргаж, хэрхэн хийхээ төлөвлөж, эмх цэгцтэй эхлээрэй.

Сэтгэл зүйчээс асууя: Баярын дараа ажлын хэмнэлдээ хэрхэн эргэн орох вэ? (фото 2)

АЖЛЫН ТУХАЙ БОДОХ ТӨДИЙД БУХИМДАЛ ТӨРЖ, УУР ХҮРЧ, ДӨЖИРЧ, АЖЛЫН ХЭМНЭЛДЭЭ ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ЯАХ ВЭ?

Бухимдах, дөжрөх зэрэг нь хэвийн гэдгийг ойлгох хэрэгтэй. Амралтын дараа энгийн хэмнэлд ороход хүн бүрд хүндрэлтэй байдаг. Үүнийг бүр амралтын дараах синдром эсвэл амралтын дараах блюз хэмээн нэрийддэг.

Бидний бүх мэдрэмж бидэнд дохио өгч байдаг. Бидний зорилго бол тэдгээр мэдрэмжийг анзаарч, танин мэдэж, өөртөө туслах явдал юм. Уур бухимдал төрөх, дөжрөх зэрэг нь бидэнд юуг хэлж байна вэ? Баяр дуусаж, хэвийн амьдрал үргэлжилж байгаа энэ үед та өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ?

Яг одоо мэдэрмээр байгаа зүйлээ төсөөлж, тэдгээр мэдрэмжийн төлөө юу хийх байсан бэ?

Та өөрийн эрх чөлөөний тухай нэг бодоод үзээрэй. Энэ ажлыг та сайн дураараа «өөрөө» сонгосон. Бид сурагч байхдаа дургүй хичээлээ үзэхгүй орхиж болдоггүй байсан бол ажил шал ондоо асуудал юм. Та өөрөө тухайн ажлыг сонгосон гэдгийг мөн сайн зүйлс байсан болоод л сонгосныг эргэн нэг санахад гэмгүй.


БАЯРЫН ДАРАА АНХААРАЛ ТӨВЛӨРӨХГҮЙ БАЙВАЛ АЖЛЫНХАА ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

1. Таныг бухимдуулдаг зүйлсээс ангижир. Жишээ нь, ажлын ширээгээ цэгцэлж, утсанд ирж буй хэрэггүй мэдэгдлүүдийг унтраа.

2. Зөвхөн нэг ажилд анхаарлаа төвлөрүүлээрэй. Олон ажил нэгэн зэрэг хийх чадвар бол зүгээр л нэг домог төдий. Нэг асуудлаас нөгөө асуудал руу үсчих нь бүтээмжийг бууруулдаг.

3. Богино хугацаагаар ажиллаж үзээрэй. Жишээлбэл, «Помодоро» гэх аргыг ашиглаарай. Та 25 минутын таймер асааж ажиллаад, 5 минут амарна. Ингэснээр та өөртөө анхаарал төвлөрөх боломж өгөхөөс гадна амралтыг мөн адил өгч байна гэсэн үг. Үүнд тархи дасан зохицож, завсарлага аван ажилдаа эргэн ороход хялбар байх болно.

Сэтгэл зүйчээс асууя: Баярын дараа ажлын хэмнэлдээ хэрхэн эргэн орох вэ? (фото 3)

АЖИЛ ХИЙХ УРАМ ЗОРИГ ТӨРӨХГҮЙ БАЙГАА НЬ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ВЭ?

Баярын дараа ажил хийх урам зориг буурч байгаа нь дээр дурдсан баярын дараах блюзтэй холбоотой юм. Уйтгар гуниг, энерги буурах, амралтын горимоо ажлын горимоор солих хэрэгцээ нь тархинд эсэргүүцэл үүсгэдэг. Үүнээс гадна физиологийн хүчин зүйл ч нөлөөлнө. Хэрхэн нойрссон, юу идсэн, өөрийгөө амраах хэр их боломж олгосон зэрэг бүх зүйл нөлөөлдөг байна.

Гэхдээ энэ синдром удаан үргэлжилдэггүй. Ялангуяа эхний долоо хоногт хамгийн хүнд байдаг. Харин дараагийн долоо хоногоос дасан зохицож эхэлнэ. Хэрэв энэ байдал удаан хугацааны турш үргэлжилсээр байвал эсвэл таны урам зориг баярын өмнө ч гэсэн уналттай байсан бол ажилдаа сэтгэл ханамжтай байгаа эсэхээ бүхэлд нь нэг харж, мэргэжлийн хувьд ажлаас халшрах хам шинж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй болно. Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй. Таны ажил сонирхолтой байна уу? Та ажлынхаа утга учрыг олж харж байна уу? Таны ажил болон таны үнэт зүйлс хоорондоо нийцэж байна уу? Та хамт олондоо сэтгэл ханамжтай юу? Таны цалин хэрэгцээг тань хангаж чадаж байна уу?


АЖИЛДАА ЭРГЭЖ ОРМООРГҮЙ БАЙГАА БОЛ БИ ӨӨРИЙН БАЙХ ЁСГҮЙ ГАЗРАА БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?

«Би ажилдаа явахыг хүсэхгүй байна» гэх бодолтой тулгарах үед ихэвчлэн гаргадаг хамгийн анхны дүгнэлт бол буруу газраа ажиллаж байна гэдэг дүгнэлт юм. Энэ бодол нь нийгэмд тархсан «Өөрийн сэтгэлд нийцэх ажлыг ол! Тэгвэл та өдөр бүр ажиллах шаардлагагүй болно» гэх домгоос үүдэлтэй. Улмаар бидний гүйцэтгэж буй үүрэг даалгавар бүр таалагдах ёстой мэт, мөн цаг үргэлж эрч хүчээр дүүрэн байх ёстой мэт төөрөгдөл үүсгэдэг. Сайхан сонсогдож болох ч байдал дээр хэзээ ч тийм байх боломжгүй. Ямар ч хүн хамгийн дуртай ажил дээрээ ч ямар нэгэн зүйлийг хиймээргүй үе гардаг. Гэхдээ үүнийг ухамсрын түвшинд ойлгож, ажлаа үргэлжлүүлэн хийдэг.

Та ажилдаа явмааргүй санагдаж байгаа бол ажлаас халшрах хам шинж илэрч буйн дохио байж болзошгүй. Үүнийг зөвхөн сэтгэлзүйчтэй, магадгүй сэтгэл засалчтай хамт ярилцаж, шийдвэрлэх нь зүйтэй.

Аль эсвэл та ажилдаа явмааргүй байгаа нь ямар нэгэн тодорхой зүйлтэй нүүр тулахыг хүсэхгүй байгаатай холбоотой байж болно. Ажил дээрээ яг юуг хийхийг хүсэхгүй байна вэ? Ажил тань уйтгартай санагдаж, магадгүй илүү өсөн дэвжихийг хүсэж байна уу? Эсвэл та удирдлага, баг хамт олонтойгоо таагүй харилцаатай юу? Магадгүй та хийх ёстой ажлаа эхлүүлэхээс айж байна уу? Энэ мэтчилэн юун түрүүнд өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр та хаашаа ямар зүгт явахаа ойлгох болно.

Сэтгэл зүйчээс асууя: Баярын дараа ажлын хэмнэлдээ хэрхэн эргэн орох вэ? (фото 4)

 АЖЛЫН ЭХНИЙ ДОЛОО ХОНОГУУДАД СЭТГЭЛЗҮЙН ТАВ ТУХЫГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?

1. Өөртөө зөөлөн хандах хандлага болон шаргуу ажлын дундах тэнцвэрийг хадгал.

2. Сэтгэлдээ гэм буруутай, ичгүүртэй мэдрэмж бүү төрүүл. Энэ нь таны сэтгэл зүйн ачааллыг нэмэгдүүлнэ. Одоо хамгийн сайнаараа биш байгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд энэ байдал түр зуурынх гэдгийг ухамсарлах нь зүйтэй.

3. Өөртөө боломжит ачааллыг өг. Ингэснээр та өөртөө сэтгэл ханамж өгч, гүйцэтгэсэн ажлаа эргэн харж өөрийгөө хүндлэх болно.

4. Йеркс-Додсоны хуулийг сана. Урам зоригийн түвшин дунд зэрэг байх нь сайн үр дүнд хүргэдэг. Үүнийг яг одоо хэрэгжүүлж эхлээрэй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх